УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ард иргэд гуйланчлалд нэрвэгдсэнийг гэнэт мэдэж, хэвлэлийн бага хурал зарлаж байгаа мэт дүр үзүүлэв. Ард түмэн дотор гэдсээр гол зогоож байгааг тэрбээр өнөөдөр биш аль хэдийнэ мэдсэн. Гэсэн ч өөрийгөө эвгүй байдалд оруулан, хэвлэлийнхний хэл амны бай болгон байж хэвлэлийн бага хурал хийсэн нь цаагуураа учиртай аж. Өөрөөр хэлбэл, МАХН-ынхан сануулга өгч, Н.Энхбаяр даргадаа "Г.Шийлэгдамба, Л.Цог нарын араас орох бас нэг хүн байгаа нь би шүү” гэдгээ хэвлэлийнхнээр дамжуулан хэлсэн нь энэ аж.
Д.Тэрбишдагвын хувьд эртнээс л МАХН-аас элэг буруулсан хэдий ч Г.Шийлэгдамба, Л.Цог нар шиг зориг байхгүй, нөгөөтэйгүүр хамгаалалтад ороогүй гэдэг утгаараа МАХН-ын нөмөр дор дуртай , дургүй толгой хорогдохоос өөр аргагүй байдалд байгаа.
Гэхдээ тэрбээр үе үехэн сануулга өгдөг зуршилтай болоод байгаа гэнэ билээ. Намын дэд даргын албан тушаалыг хүлээлгэж өгөх өргөдөл өгсөн гэдгээ албан ёсоор зарласан нь түүний анхны сануулга байсан гэхэд нэг их буруутахгүй. Түүнээс хойш Д.Тэрбишдагвыг намынхаа даргад гомдсон тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаа залрах болсон нь ч учиртай.
Харин дараагийнхаа сануулгыг тэрбээр хэвлэлийн бага хурал зарлаж, аод түмний нэрийг барин байж Н.Энхбаярт хандлаа.
МАХН-ын хувьд кандидатуудаа эртнээс алдаад дуусч байгаа нь тодорхой. Тэдэнд одоо МАН-аас хүн урвуулах аль эсвэл МАН-тай эвсэхээс өөр гарц үлдээгүй. Бас дээр нь үлдсэн хүмүүсээ ямар ч хамаагүй аргаар торгоох гэсэн зарчмыг ч баримталж байгаа нь тодорхой. УИХ-ын дэд дарга Л.Цог "Н.Энхбаяр сайд нараасаа мөнгө татдаг” гэсэн утгатай зүйл ярьчихсан. Ер нь улс төрийнхний хүрээнд Н.Энхбаярыг намаасаа албан тушаалд тавьсан бүх л хүнээс намын санхүүжилт нэхдэг гэсэн яриа гарсан. Тэгэхээр Н.Энхбаяр намаа ганц ч гишүүнгүй болгохгүйн тулд одоо зөөлөн гараар харьцаж, бөөцийлөх биз ээ. Д.Тэрбишдагваас эхлээд түүнийг айлгаж эхэлж байгаа энэ үед зөөлөн гараар хандахаас өөр арга түүнд үлдээгүй. Харин сонгуулийн дараа ямар ч гараар харьцсан нь түүний дурын асуудал юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих