Шинэ
долоо хоног санасныг бодвол туйлын сенсаацитай эхэллээ. Тодруулбал,
өчигдөр УИХ-ын дэд дарга Л.Цог болон УИХ-ын гишүүн Г.Уянга нар "Шударга
ёс" эвслээс гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн явдал байлаа.
Эвслийнхэнтэй таарамж муутай байгаа нь оны эхээр илт мэдэгдэж эхэлсэн
гишүүд ийнхүү эвслээс гарахаа мэдэгдлээ. Тэд Ерөнхий сайд
Ч.Сайханбилэгийг огцруулах асуудал дээр хүртэл цөөнх болж огцруулах
бичигт гарын үсэг зурж, эсрэг кноп дарж байв. Харин тэднийг бүлгээс
гарсны дараа эвслийн бүлгийн удирдлагууд мэдэгдэл хийж хоёр гишүүнээ
намын удирдлагуудтай ярьж зөвлөлдөөгүй гэж шүүмжлэхээс гадна бүлэгт
найман гишүүн үлдсэн учир үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хууль эрх зүйн
чадамжтай гэдгээ онцоллоо. Мөн тэд хамтарсан Засгийн газарт квотын дагуу
ажиллаж байгаа сайд нараас аль нэгийг нь солих, өөрчлөх алхам хийсэн
тохиолдолд хамтарсан Засгийн газар байгуулсан анхны гэрээ хүчингүй болно
гэж АН-ыханд сануулга өгөв.
Тэр ч байтугай Л.Цогийг УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр
талаар тун удалгүй эвслийн бүлгээр хэлэлцүүлэх талаар ч яриад эхэлжээ.
Эвслийн бүлэг нийт арван гишүүнтэй байсан бол Л.Цог, Г.Уянга нар эвслээс
гарснаар найман гишүүнтэй болж байгаа юм. Хуулийн дагуу найм ба түүнээс
дээш гишүүнтэй нам, эвсэл УИХ-д бүлэг байгуулах эрх нь нээгдэх учиртай.
Тиймээс одоо эвслийн бүлгээс нэг гишүүн гарахад л байдал буруугаар
эргэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар О.Баасанхүү гишүүн эвслээс
гарах дараагийн гишүүн байх нь бололтой.
Тэрбээр, Л.Цог, Г.Уянга нартай үзэл бодол нэгтэй байдаг. Оны эхээр
болсон Ерөнхий сайдыг огцруулах ажиллагаанд ч гэсэн тэд нэг талаас
хандаж байсан. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын нөхдүүдтэйгээ
таарамж муутай байгаа талаар ч яриа гарч, хэвлэлүүд түүнийг нь бичиж
байлаа. О.Баасанхүү гишүүн удаа дараа "эвсэл тарах цаг нь болсон,
чадамжгүй эвсэл, ийм Засгийн газар байгаад хэрэггүй гэх зэргээр өөрийн
байр суурийг илэрхийлж" ирсэн юм. Өчигдөр хүртэл "Хоёр нөхөр маань
бүлгээсээ гарч. МАХН бүлгээ авах ёстой гэж би хэлж байсан. Энэ хоёрын
маань зөв. Бүлэг чадамжгүй байна шүү дээ. Амжилт шүү" гэж жиргэв.
Тиймээс энэ бүгдийг нь дүгнэж үзэхэд яах аргагүй эвслийг тараах эрхэм нь
О.Баасанхүү байх магадлалтай. Тэгвэл Н.Энхбаяр туршлагатай улстөрчийн
нүүдэл хийж өчигдрөөс эхэлж намынхантайгаа зөвшилцөлгүй дур мэдэж
шийдвэр гаргасан хэмээн Л.Цогийг шүүмжилж, тун удахгүй эвслийн бүлгээр
уг асуудлыг хэлэлцэж УИХ-ын дэд даргаас нь огцруулж хариуцлага тооцох
талаарх яриаг эхлүүлэв. Ингэхдээ тэрбээр О.Баасанхүүг УИХ-ын дэд даргын
суудалд томилох талаарх бор шувууг нисгэхээ ч мартсангүй. Энэ нь
үндсэндээ хэзээ ч хамаагүй гарч зугтахад бэлэн байгаа гишүүнээ тогтоон
барих гэсэн арга байх. Ер нь О.Баасанхүү гишүүний шийдвэрээс шалтгаалж
эвсэл тарах, засаг бужигнах асуудлууд шийдэгдэх бололтой.
О.Баасанхүү гишүүнээс гадна эвслийн бүлгийг тарааж мэдэх эрхмээр
Д.Тэрбишдагва гишүүнийг гэх таамагч өчигдөр твиттерт яригдлаа. Учир нь
намын бүхий л ажлаас "зугтаж" МАХН-аас шүүмжилсэн үгсийг сүүлийг үед
чулуудах болсон түүнийг буцаад МАН руу явах бодолтой байгаа талаар ч
ярьж хэлж байгаа юм.
Тэгвэл өчигдрийн үйл явдлыг өөр нэг зүйлтэй холбож үзэж болохуйц юм.
МАХН-ын гишүүдийг засгаас гаргах бодлогыг АН-ын удирдлагууд баримтлаад
эхэлсэн талаар өмнө нь мэдээлж байсан. Үүнээс урьдчилан сэргийлж намын
нөхдөө эвслээс гаргаж эвсэл тарахад амархан. Бүр цаашилбал амархан шүү
гэдгийг эрх баригчдад сануулах гэсэн оролдлого ч байж болох юм. Өчигдөр
эвслийн удирдлагууд мэдэгдэл гаргахдаа "АН болон АН-ын эрх бүхий албан
тушаалтнуудын санаачлагаар хамтарсан Засгийн газарт квотын дагуу ажиллаж
байгаа МАХН болон МҮАН-ын "Шударга ёс" эвслийн аль нэгэн гишүүнийг
солих, өөрчлөх алхам хийсэн тохиолдолд хамтарсан Засгийн газрыг
байгуулсан анхны гэрээ хүчингүй болно" гэж сануулав. Энэ сануулга хэнд,
ямар учраас хандаж хэлсэн зүйл вэ. Хоёр гишүүн нь гарсан ч эвслийн
бүлэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хуулийн чадамжтай байгаа шүү дээ.
Гэвч юунаас урдчилсан сэргийлж, сануулга өгөв гэдэг сонирхолтой.
Ямартаа ч эвслийн бүлгийн ирээдүй бүрхэг болохын хэрээр хамтарсан
Засгийн газрын тогтвортой байдал ганхаж эхлэв бололтой.
Г.Ган
zaluu.com
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15732
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих