Мэдээж нийгэмд байгаа, болохгүй зүйлийг илрүүлж, тэр хэрээрээ нийгэмд жигшүүлж болох талтай ч эсрэгээрээ өнөөдөр хөгшин залуугүй бүгд л МҮҮН гэх шашны урсгалын талаар мэддэг болов. Өсвөр насны хүүхэд, залуус магадгүй сонирхол нь давамгайлж үүнд элсэхгүй гэсэн баталгаа алга. Энхтайвны гэсэн нэрийн дор далд байдлаар үйл ажиллагаа явуулж байсан энэхүү шашны урсгалын талаар сөрөг мэдээлэл цацагдаж эхэлсэн даруйд цахим сүлжээ, хэвлэлээр дамжуулан сурталчилгаа хийж эхэлжээ.
Шашнаа сурталчлахын тулд багагүй мөнгө хаяж эхэлсэн гэх мэдээлэл ч байгаа юм. Нэвтрүүлэг гарсны дараагаас сошиал сүлжээнд жинхэнэ эцэг эхээ олох фэйж хуудас нээгдэж, өдөрт хэдэн мянган лайк цуглуулж эхэллээ.
Энэ бүхнээс харахад өнөөх сохорсон биш завшив гэгчээр сөрөг дайралтыг ашиглан хэнд ч танигдаагүй, далд байсан шашин ил гарч, ил далд сурталчилгаа хийж эхлэв үү гэж хардаж болохоор байгаа юм. МҮҮН-ий шашны талаар нэвтрүүлэг гарч нийгэмд цочроо өгснөөр Монголд эмх замбараагүй үйл ажиллагаа явуулж буй шашны элдэв янзын гаж урсгал илрэх эхлэлээ тавилаа гэж хэлж болно. Ганц МҮҮН ч биш Христ, Бахай гэх мэтээр олон ч шашин манайд үйл ажиллагаа явуулж байна. Ардчилсан улс оронд шашин шүтэх, эс шүтэхийг нь хуулиар хориглож болохгүй ч этгээд гаж урсгал, ядарсан иргэдийг хоолны мөнгөөр урхидаж буй зүй бус үйлдэлд төр хяналт тавих учиртай биз дээ. Талийгаачийнхаа араас гашуудах бус харин ч баярлан инээдэг хүмүүс цөөнгүй боллоо. Мөнхийн амьдралтай болж, Их эзний ивээлд багтаж байгаа учраас араас нь уйлах бус харин ч баярлах ёстой гэх мэтээр хязгааргүй тэнэглэл хэрээс хэтэрлээ.
Гадны шашнуудаас гадна өөрсдийн уламжлалт шашиндаа ч хяналт тавих цаг нь ирж. Өдөрт хэдэн зуугаараа мэндэлж буй бөө нараа цэгцлэе. Христийн хэдэн зуун сүм дуган дандаа нийгмийн дорд ядуу хэсэгт хандаж буй. Мөн Христийн тусламж нэрээр ямар төрлийн бараа бүтээгдэхүүн ирж байгааг ч манайхан хянаж үздэггүй. Гэхдээ тэднийг хууль бус үйлдэл хийдэг гэж улаан цагаан гүггэх гэсэнгүй. Юутай ч тухайн улсынхаа ёс заншил, үүх түүхийг хүндэтгэж байх учиртай.
Гэтэл библи барьсан залуус өдөр шөнөгүй айлын хаалга үүд тогшиж, амгалан тайван байдал алдагдуулах нь энүүхэнд. Өсвөр үеийн хүүхдүүдэд чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагаа чамгүй хийж, тэдний сэтгэхүйг өөрчлөх гэж оролддог. МҮҮН ч ялгаагүй дандаа төлөвшиж амжаагүй залуус руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдсон. Биеийнх нь 80 хувь нь түлэгдсэн хүүхдээ бөөгөөр эмчлүүлэх гэж авч гараад амийг нь хөнөөж байгаа мунхаг хүмүүс маргааш энэ мэт шашны нөлөөнд автахгүй гэсэн баталгаа алга. Түрийвчээ даллаад л мөнгөтэй болчихно гэсэн ядуу сэтгэлээнээс салж чадаагүй гуравхан сая монголчуудыг дэлхийн хэдэн том шашин өөртөө амархан уусгаж орхино. Хэл, хил мал гурваас гадна монголчуудад өөрийн гэсэн итгэл үнэмшил, уламжлал, шашин байх учиртай. Нийгэм ядуурахын хэрээр шашны элдэв гаж урсгалд иргэд итгэж эхэлдэг гэдэг.
Тэр ч утгаараа эдийн засаг доройтож, иргэдийн амьдрал ядуурах тусмаа элдэв шашинд итгэж, амь насаа даатгаж эхэлж байгаа юм. Шашин, төр хоёр хослон орших ёстой гэж Үндсэн хуульдаа тунхагласан учраас шашнаар хамаагүй оролдох нь буруу гэж зэмлэх хүн олон гарна. Гэвч шашин урсгалаараа явах ёстой гэж хаяад байж боломгүйг МҮҮН-ий ганцхан жишээ бидэнд хэлчихлээ.
Тиймээс төр гэж байдаг бол шашнаа зохицуулах, шашны замбаагүй урсгалд хяналт тавих цаг нь болсон байна. Аль болгон амьдаараа нэгнээ оршуулж, дахин төрөх тухай үлгэрт итгэж явах вэ, монголчууд минь. Хоногийн хоолны мөнгөний төлөө ухамсраа уландаа гишгэтлээ мунхаг болоогүй гэж итгэе. Төр хяналтаа хурдая тавьж, шашны асуудалд хяналт тавихгүй бол сүүлдээ шашныг улс төрийн зорилгоор ашиглаж эхэллээ шүү.
Б.Тогтох

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих