Тус шаардлагад "АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо өөрийн үнэт зүйл, шударга ёсны зарчмыг дээдлэн 2009 оноос эхлэн улс төрийн үйл ажиллагааг ард түмний нийтлэг эрх, ашгийн төлөө тасралтгүй явуулсаар ирсэн билээ. Монгол улсад хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлооход улс төрийн намуудын төлөвшил, дотоод ардчилал чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэмээр байна. Өнөөдөр бидний дэмжиж, итгэж найддаг АН-ын удирдлагууд дүрмийн бус, эрх зүйн чадамжгүй байгаа нь АН-ын үндсэн дүрмийн 6.1 дэхь заалтыг зөрчиж байгаагаас нотлогдож байгаа юм. Иймд АН-ын дарга З.Энхболд таныг 2016 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн дотор өөрийн саналаар огцрохыг шаардаж байна” гэжээ.
Энэ талаар тус намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар "Манай намын үндсэн дүрмийн 6.8.1-т "Намын даргыг намын их хурлаар сонгох бөгөөд бүрэн эрх нь дөрвөн жил байна" гэж заасан байдаг. Гэтэл АН-ын одоогийн дарга З.Энхболд намын их хурлаар сонгогдоогүй. Тэр бүү хэл Их хурлаа хуралдуулахаа больсон. Мөн ҮЗХ-ны хуралдаанаа ч хуралдуулж чадахаа байсан. Энэ нь намын дотоод зөрчил ямар түвшинд байгааг харуулж байна. З.Энхболд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн. Гэтэл саяханы нэг өдөр хөдөө орон нутагт ажиллах үеэрээ нийгмийг хагалган бутаргасан, ноцтой мэдэгдлийг хийсэн. Энэ бол ноцтой үр дагаврыг дагуулж мэднэ. Тодруулбал, тэрбээр цагдаа, прокурор, хуулийн байгууллагад ажиллаж буй бүх хүнийг "Үл бүтэх этгээдүүд" гэж дуудсан нь хууль тогтоох дээд байгууллагын даргаас гарамгүй үйлдэл. Соёлт нийгэмд бол улс төрийн өндөр албан тушаалтан ингэж хэлснийхээ төлөө огцордог. Тодорхой хүмүүсийн нэрийг цохож хэлэх ёстой байхад хуулийн байгууллагад ажилдаг бүх хүнийг буруугаар ойлгогдохоор ярьсан нь ёс зүйгүйн шинж” гэв.
Шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэж тэрбээр энэ үеэр мэдэгдсэн юм.
Дашрамд дурьдахад, Саяханы нэг өдөр УИХ-ын дарга З.Энхболд нь УИХ-ын гишүүн Х.Баттулгыг тойрсон баривчилгааг эсэргүүцэж мэдээлэл хийсэн юм. Энэ нь өөрийг нь огцруулах үндэслэл болсон гэдгийг АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар мэдэгдэж буй нь энэ аж.
Т.Хулан
24tsag.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих