Маргааш буюу гуравдугаар сарын 25-нд Токио хотын "Тokyo dome” спорт цогцолборт Японы тулааны урлагийн "Ганрюүжима” холбооны "Starting Over” тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнд Монголоос ах дүү хоёр бөх оролцохоор болоод байгаа. Төв аймгийн арслан Б.Дамба Африкийн Сенегал улсын үндэсний бөхийн Их аварга Грис Бүдотой тулалдана. Грис Бүдо нь 190 см өндөртэй, 130 кг жинтэй, нутагтаа үндэсний баатар шиг л хүндлэгддэг хүн аж. Харин Б.Дамбын дүү, мэргэжлийн сүмод Хошиказэ нэрээр барилдаж байсан Б.Амармэндийн өрсөлдөгч нь Өмнөд Африкийн зулу үндэстний дайчин, Бонгинкоши Мадонсэра.
Тэмцээний өмнөх тамирчдын хэвлэлийн бага хурал 23-нд болж, манай тамирчид тулааны талаар ярилцлага өглөө.
Б.Дамба- Монгол бөх хамгийн хүчтэй
- "Ганрюүжима” холбоонд анхынхаа тулааныг хийх гэж байна. Сэтгэгдэл ямар байна?
- Хурдхан тулалдах юм сан гээд хүлээж сууна. Үзүүштэй сайхан тулаан үзүүлэх тул бүгд ирж үзээрэй.
- Таны дүү энэ холбооны тэмцээнд нэг удаа оролцож байсан.
- Дүү минь тун сайн зодолдсон. Тоглолтыг нь харахад "Ганрюүжима”
холбооны тэмцээн их сонирхолтой юм. Монгол үндэсний бөх барилддаг над
шиг хүнд дүрэм нь тохирсон, амжилт гаргаж бүрэн болохоор талбар байна
гэж бодсон.
- Монгол бөхийн ямар мэх хэрэглэнэ гэж бодож байна вэ?
- Монгол бөх бол хаана ч, хэнтэй ч тулалдсан ялалт байгуулах тулааны
урлаг. "Ганрюүжима”-гаас гадна сүмо, холимог тулааны төрөлд ч монгол бөх
ялж чадна.
- Өрсөлдөгч тань Сенегал бөхийн аварга. Сенегал бөхийн талаар хэлэх үг?
- Сенегал бөхийг сонирхож үзсэн удаа байхгүй, айж эмээх зүйл ч алга.
Хаанахын хэн ч байсан, хүрээд ир, үзүүлээд өгье гэж л бодож байна.
Монгол бөх хэнд ч ялагдахгүй.
- Хэчнээн хүчтэй байлаа ч монгол бөх бол спортын нэгэн л төрөл шүү дээ.
- Одоо спортын төрөл байж болох ч эрт дээр цагт монголчууд байлдан
тулалдахдаа хэрэглэхийн тулд монгол бөх үүссэн юм. Маргааш монгол бөхийн
хүч чадал, ур чадварыг сенегал бөхийг айгаад зугтах хүртэл нь харуулж
чадна гэж бодож байна.
- Та маргаашийн тулаанд ямар нэг тодорхой төлөвлөгөө, тактик боловсруулсан уу?
- Монгол бөхийн нууц мэх хэрэглэх гээд бэлтгэж байгаа. Ямар мэх болохыг маргааш хараарай.
- Б.Амармэндээс асууя. Таны ахын хүчтэй тал юу вэ?
Б.Амармэнд- Бие хаа том. Дээр нь монгол бөхийн цолтой хүн тул үнэхээр
хүчтэй тамирчин. Хэнийг ч ялахаар сайн тулаанч тул огт санаа зовохгүй
байна.
Б.Амармэнд- Сүмочид хүчтэй гэдгийг батална
- Та нэг удаа "Ганрюүжима”-д тулалдсан. Ямархуу байв?
- Үнэхээр сонирхолтой байсан. Тулалдаж байгаа тамирчинд сонирхолтой
санагдана гэдэг энэ холбоо цаашдаа их ирээдүйтэй гэсэн үг. Би энэ
холбооны рингэн дээр байнга тулалдаж, амжилт гаргах хүсэлтэй. Ямар ч том
биетэй, алдартай өрсөлдөгч байсан ч ганц цохиод л унагаана даа.
- Та жюүрёо зиндаанд барилдаж байсан сүмоч. Сүмо барилдаж байсан тань тулааны урлагт хэрэг болж байна уу?
- Харин л дээ, сүмо бөх тулаанаас огт өөр зүйл шүү дээ. Зарим нэг л адилхан тал байдаг.
- Маргаашийн тулаанд яаж бэлтгэж байна вэ?
- Өөрийнхөө хийж чадах бүх юмыг л хийж байна. Рингэн дээрх тоглолтын
явцаас их юм хамаарна. Өрсөлдөгч маань юу хийхийг харж байгаад, яаж
цохиж унагаах вэ гэдэг л байна.
- Таныг сэтгэл зүйн бэлтгэл сайн тамирчин гэж үнэлдэг.
- Тулалдаж зодолдох хойно сэтгэл зүйгээр ялахгүй бол яах билээ. Ёстой
будаа болгоод өгье гэж л рингэнд гарна шүү дээ. Энэ тал дээр сүмо бөх
адилхан. Асашёорюү сэтгэл зүйн бэлтгэл сайтай, хүчтэй аварга байсан биз
дээ.
-Өмнөх тэмцээн дээр өдөрт гурван удаа тулалдаж, харамсалтай нь шөвгийн тулаанд ялагдсан.
- Өдөрт гурав тулалдах дүрмэнд дасаагүй байсан тул туршлага дутсан. Их
харамссан. Одоо тэр тэмцээнд орсон бол яасан ч ялагдахгүй байлаа.
- Мэргэжлийн сүмогоос тулааны урлагт орсон тамирчин олон бий. Хамгийн сүүлд озэки Барүто тулалдаж ялсан.
- Барүтогийн өрсөлдөгч нь хэдийнэ зодог тайлсан Питер Артс байсан
болохоор л ялсан. Ид үеийн Артс байсан бол Барүтог дор нь унагаах байсан
биз.
- Таныг өнгөрсөн тэмцээний шөвөгт үлдэхэд "Сүмо бол хамгийн хүчтэй” гэсэн домог яриа дахин сэргэсэн гэж би боддог.
- Үнэн шүү, ёкозүна Акэбоногооос эхлээд тулаанд шилжсэн сүмочид бүгд сул
дорой байлаа. Баахан муу юмнууд сүмо бөхөөс холимог тулаанд шилжиж,
бөөнөөрөө ялагдаад байхаар сүмо сул юм гэж хүмүүс бодож эхэлсэн. Харин
би энэ бодлыг өөрчилж, сүмо бөх хүчтэй гэдгийг дэлхий дахинд харуулна.
- Монголчууд яагаад ийм хүчтэй байдаг юм бол?
- Сэтгэл зүйн хувьд хүчтэй болохоор тэр. Одоогийн япон сүмочдын дунд
хүчтэй бөх тун ховор. Хичээж зүтгэх сэтгэл, хор шаргүй бол амжилт
гаргахгүй. Асашёорюү, Хакүхо, Харүмафүжи бүгд ялагдах дургүй, үнэн
сэтгэлээсээ, хор шартай зүтгэж байгаа болохоор л хүчтэй. Уучлаарай,
үнэнийг хэлэхэд одоо Японд ийм зан чанартай хүн бараг байхгүй.
- Таны өрсөлдөгч зулу бөх барилддаг, бие хаа нь танаас хамаагүй том тамирчин.
- Хар арьстай тамирчинтай анх удаагаа гар зөрүүлэх гэж байгаа болохоор
сонирхолтой сайхан байна. Түүнийг авчирсан менежер Бобби Орегоныг будаа
болтол нь зодьё гэж бодсон чинь тэр муу айгаад зугатчихсан.
- Ийм том хүнтэй тулалдахаас айхгүй байна уу?
- Юу гэж айх билээ, харин ч надад амар. Хүч чадалтай байж болох ч
цохилтоос нь нэг бултахад л өөрөө миний гарт ороод ирнэ гэсэн үг. Хүч
чадал гэдэг биеийн том жижгээс хамаардаггүй юм. Үзэгчид ч жижиг нь
томыгоо ялахыг харах дуртай байдаг шүү дээ. Маргааш яаж ч байсан ялна.
ub.info.mn
Өмнөд Африкийн зулу үндэстний дайчин, Бонгинкоши Мадонсэра
Сенегал улсын үндэсний бөхийн Их аварга Грис Бүдо

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих