Маргааш хуралдах ээлжит бус чуулганаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр товложээ. Хэлэлцэх асуудлын гуравдугаарт Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэхээр бичигджээ.
Тодруулбал, "Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай нэгдсэн конвенц”-д нэгдэн орохыг Засгийн газар дэмжиж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон. Ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай нэгдсэн конвенц нь 1997 онд батлагдаж, 2001 оноос хүчин төгөлдөр үйлчилж байгаа аж.
Дэлхийн 71 улс нэгдэн орсон уг конвенцийн гол зарчим нь улс орон бүр өөрийн хаягдлыг өөрөө хариуцах юм. Ингэснээр конвенцид гишүүнээр элссэн орон бусад улсын цөмийн хаягдлыг нутагтаа оруулахгүй, хадгалахгүй байх үүрэг хүлээх юм байна. Энэ нь Монгол Улс цөмийн хаягдлыг оруулахгүй, хадгалахгүй байхад Монгол олон улсад үүрэг хүлээх чухал асуудал юм байна.
Энэ удаагийн парламент, Засгийн газар, Ерөнхийлөгч цөмийн хаягдлыг Монголд оруулахгүй, хадгалахгүй байх байр суурьтай байгаа. Тиймээс УИХ өнгөрсөн онд "Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” тогтоолыг баталж Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны нэгдсэн конвенц, Цөмийн хаягдлыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийнн протоколд нэгдэн орох талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгаж байжээ.
Энэ дагуу Засгийн газар уг асуудлыг дэмжин холбогдох хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барьсныг ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Манай улсад эмнэлэг, их сургууль зарим компаниуд эрүүлмэнд, судалгаа шинжилгээний чиглэлээр голчлон ашигладаг 300 орчим цацрагийн эх үүсвэр байгаа. Эдгээрийн хаягдлыг Олон улсын жишигт нийцүүлэн аюулгүй болгох үүргийг конвенцид нэгдсэнээр олон улсын өмнө хүлээх юм. Мөн бусад улс манай улсад цөмийн хаягдал оруулахгүй байх талаар олон улсад үүрэг хүлээж, хяналт олон улсын түвшинд гарах ажээ. Ийм чухал баримт бичгийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр товлосны дараа зарим улс төрийн нам, төрийн бус байгууллага эсэргүүцэн улс төр хийж эхэллээ. Тэдний үйлдлийг харахад Монгол Улс цөмийн аюулаас хамгаалахад олон улсад үүрэг хүлээхийг эсэргүүцэж байгаа юм. Ингэснээр цөмийн хаягдал Монголд оруулах, булшлахыг дэмжиж байна гэсэн үг.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих