1991 оны 12-р сарын 8-ны өдөр Белоруссын Беловежскийн шугуйд Тусгаар тогтносон улсуудын хамтын нийгэмлэгийг байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурагдсанаар ЗХУ үгүй болов. Агуу орны зүрх дал наслахад нэг жил дутуу байхад зогсов.
1. Нефтийн үнийн уналт
Тус орныг 1970-1980 аад онуудад "тэжээгч” гол эх үүсвэрийн нэг нь Зөвлөлтийн Urals сортын нефть байсан юм. Тухайлбал, бүх зүйл сайн сайхан байсан 1978 онд ЗХУ-ын нийт экспорт болох 13,2 млрд ам.доллар болж байсны 5,5 млрд ам.долларыг нь нефтийн экспорт чөлөөтэй хөрвөх валютаар оруулж байсан юм. Зөвлөлтийн нефтид өөрийн нэр хүртэл байсныг зөвлөлтийн хүмүүсийн ихэнх нь таамагдадаг ч үгүй байв. Гэвч нефтийн үнийг унагахын тулд бүхнийг хийдэг байсан дэлхийн бүх л худалдаачид болон америкийнулс төрчид энэ тухай мэддэг байв. Юу гэвэл арабын болон Brent маркийн норвегийн нефтийг бодвол зөвлөлтийн нефтийг олборлох өөрийн өртөг хангалттай өндөр буюу ойролцоогоор 5 ам.доллар байсан бөгөөд үүнээс болж Urals нефтийг худалдахад ашигтай байх төвшин нь 10 доллараас багагүй байх ёстой байв. 1986 онд зах зээл дээр манипуляц хийсний дүнд нефтийн үнэ 10 доллараас бага болж ЗХУ нуман тулгуурт оров.
2. Мэдээллийн дайнд ялагдсан
Бараг 60 шахам жил оршин тогтнохдоо ЗХУ барууны ихэнх орны иргэдэд өөрийнхөө талаар эерэг төсөөлөл бий болгож чадаагүй юм. Зөвлөлтийн сурталчилгааны машин ихээхэн бүдүүлэг ажилладаг байсан бөгөөд гол төлөв өөрийн орны иргэдийн "тархийг угаахад” зориулагдсан байв. Түүнчлэн фашизмыг ялахад чухамхүү ЗХУ гол үүрэг гүйцэтгэсэн гэдэгт ч ихэнх улсуудыг итгүүлж чадаагүй. Тухайлбал, англо-саксоны ертөнцөд дайнд АНУ, Их Британи л ялалт байгуулсан гэдэгт бүгд итгэж байв. Тэр бүү хэл ЗХУ-ын талаар эерэг төсөөлөлтэй байсан орнуудад ч зөвлөлтийн суртал нэвтрүүлэг баттай байр сууриа хадгалаж чадаагүй юм. Жишээ нь, АНУ болон европын зарим орнуудад 1940-өөд оны эцэст америкийн засгийн газрын өрнүүлсэн коммунизмын (хэрэг дээрээ зөвлөлтийн) эсрэг үйл ажиллагааны эсрэг юу ч сөргүүлэн тавьж чадаагүй юм. Үүний үр дүн болж зөвлөлтийн талыг баримтлагч Франц, Итали, Грекийн засгийн газрууд зохих ёсны сэтгэл зүйн дэмжлэг авч чадаагүйн улмаас огцорсон юм.
3. Архины эсрэг компанит ажил
1984 оны эх гэхэд архи дарсны хэрэглээний төвшин ЗХУ-д нэг хүнд 14 литр цэвэр спирт оногдох хэмжээнээс давсан байв. Энэ нь зөвлөлтийн удирдлагыг улс орныг архинд живүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад хүргэсэн юм. Ингээд 1985 оны 5 сард цар хэмжээний хувьд урьд өмнө байгаагүй өргөн хүрээтэй архины эсрэг компанит ажил эхэлсэн юм: цагаан архины үнийг бараг 2 дахин өсгөж, ижил хосгүй усан үзмийн тариалингуудыг устгаж, архи дарсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зориуд бууруулав. Сталины үеэс төсвийн орлогын чухал эх үүсвэр болж ирсэн архи дарсны худалдаанаас орох орлогоос улс сайн дураараа татгалзав. Тэгж байтал удалгүй зөвлөлтийн төсвийн орлогын бараг 60 хувийг бүрдүүлж ирсэн нефть болон байгалийн хийн үнэ навс унав. Энэ үед дотоодын зах зээлд архи зарсны орлого буюу "санхүүгийн дэр” хэдийн алга болсон байлаа. ЗХУ засгийн цусан хангамжийн дутагдалд оров. Гэхдээ хамгийн гол нь архины эсрэг залхаан цээрлүүлэлтийн үр дүнд засаг ард түмний итгэлийг алдсан бөгөөд итгэлээ алдсан ард түмэн хариуг нь 1991 онд барих болно.
4. Улсыг аюулаас хамгаалах хорооны бие даасан байдал
70-аад оны дундаас УАХХ /КГБ/ улсын доторх улсын үүрэг гүйцэтгэх болов. Энэ хороо хэрэг дээрээ маш их нөлөөтэй хяналтын гадна орших эдийн засгийн бүтэц болов. УАХХ-ны сонирхлын хүрээ дэлхийг тэр чигт нь хамарч байсан бөгөөд тэр нь улс орны сонирхолтой тэр бүр давхцадгүй байв.
5. Удирдлагын хөгшрөлт
Агуу их Эх орны дайны үед ЗХУ 1920-1923 оны үеийнхнээ алдсан юм. Чухамхүү энэ үеийнхэн 80-аад онд улс орныг удирдахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх ёстой байв. Тиймээс үе алгассан үсрэлт болсон юм. Улс төрийн товчоо хөгширсөөр, гэтэл дараагийн үеийнхэн нь улс удирдахад дэндүү балчирдахаар байлаа.
6. Афганистанд цэрэг оруулсан явдал
Хөрш оронд дэгдсэн иргэний дайны өрнөлтийг таслан зогсоох зорилгоор ЗХУ-ын удирдлага хязгаарлагдмал тооны цэргийг 1979 онд Афганистанд оруулсан юм. Энэ нь барууны орнуудын ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан билээ. Жишээ нь, АНУ болон бусад зарим орнууд эсэргүүцлийн тэмдэг болгож 1980 онд болсон Москвагийн олимпиадыг бойкотлохоор шийдвэрлэснээ зарласан юм. Гэвч хоёр арван жил өнгөрч ЗХУ дэлхийн газрын зураг дээр аль хэдийн алга болсны дараа ЗХУ-ыг энэ дайнд татан оруулахад багагүй үүрэг гүйцэтгэснээ АНУ-ын тусгай албад хүлээн зөвшөөрсөн юм. Тухайлбал, тухайн үед АНУ-ын ТТГ-ын захирал байсан хүн "америкчууд Зөвлөлтийн удирдлагыг Афганд цэрэг оруулахад хүргэхийн тулд тэдний цэрэг орж ирэхээс бүр өмнө афганы моджахедуудад цэргийн тусламж үзүүлдэг байснаа өөрийн дурсамжиндаа хүлээн зөвшөөрч бичсэн байдаг. Нефтийн үнэ унаж байсан нь байдлыг улам дордуулж байсан юм. Тухайлбал, афганы мөргөлдөөнд ЗХУ жил бүр барагцаалбал 2-3 тэрбум америк доллар зарцуулж байсан юм. ЗХУ тийм зардлыг 1979-1980 оны үед ажиглагдаж байсан нефтийн үнийн дээд өсөлтийн үед л гаргаж чадах байв. Гэвч 1980 оны 11 сараас 1986 оны 6 сард нефтийн үнэ 6 дахин! унасан юм. Тиймээс афганы цэргийн мөргөлдөөнд оролцсон нь хэрэг дээрээ цус нь юүлэгдэж тамирдсан эдийн засгийн хувьд дэндүү үнэтэй "таашаал” байсан юм.
7. Холбоотнуудгүй ганцаардсан явдал
ЗХУ өөрийн "холбоотнуудад” олон тербум доллар зарцуулсан юм. Гэвч "дэлхийн бөмбөрцгийн торны нүд бүрд” нөлөөгөө бэхжүүлэхийн төлөөр АНУ-тай өрсөлдсөн тэмцэл нь юу ч биш болж шувтрав. ЗХУ, дараа нь ОХУ санхүүжилтээ зогсоомогц тодорхой орнууд дахь "хувьсгалт, коммунист” хөдөлгөөн нэг бол алга болж, эсвэл коммунист гэхэд тэс өөр хэлбэр чиглэлтэй болж өөрчлөгдөв. Хэрэг дээрээ ЗХУ ямар ч найз нөхөдгүй болж хувирав. Зөвлөлтийн удирдлага америкчуудтай хэлэлцээр хийж, улс төрийн ноцтой буултууд хийхээс аргагүй болсон юм. Гэвч энэ нь хүртэл ЗХУ-ыг мөхлөөс аварсангүй. 1991 оны 12-р сарын 25 нд ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн ерөнхийлөгч албан ёсоор огцров. Энэ өдөр америкийн ерөнхийлөгч, эцэг Жорж Буш ЗХУ болон АНУ-ын агуу их сөргөлдөөн дуусгавар болсныг тэмдэглэж дараах мэдэгдлийг хийсэн юм. Үүнд: "АНУ Хамтын нийгэмлэгийн орнуудын хийсэн эрх чөлөөний түүхэн сонголтод баяр хүргэж байна. Тогтворгүй байдал, эмх замбараагүй байдлын ихээхэн эрсдэлийг агуулж байгаа хэдий ч эдгээр үйл явдал манай эрх ашигт нийцэж байгаа юм”
Орчуулсан: Бат-Оршихын Жамц
Твитер хаяг: https://twitter.com/monlist
Имейл хаяг: monlist hulgana gmail tseg com
Орчуулгын оригинал эх сурвалжийг энд дарж үзэж болно. Тэнд сонирхолтой комментүүд бас бий. Яг одоо (4/18/2014 2:32:22 PM)-гоор 39 байгаа харагдана.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих