ТОКИО. /synodos/. ...Ай одоо ам асууя. Онгод дуудаж зам асууя.
Монгол ах дүүсийнхээ амар мэндийг асууя.
Миний Монголын газар шороо бүрэн бүтнийг асууя.
Авилгал, дарангуйлал үгүй болох уу асууя.
Ард олон, ядуусыг юу болохыг асууя.
Үгүй. Хариулах хүн байхгүй. Битгий асуу.
Өнгөрсөн амьдралдаа сэтгэл хангалуун бус онгод дуудаж асуу....
Монголын хип хоп "Айстоп” хамтлагийн "Ам асууя” дууны хэсгээс
Бөө мөргөл гэх тахал
"Сүүлийн үед, айл бүр бөөтэй болжээ”
"Манай дүү ч бас бөө болсон шүү дээ”
Сүүлийн жилүүдэд, дээрх шиг яриа нийслэл Улаанбаатарт нилээдгүй элбэг болжээ. Монголчууд тэднийг бөө (эмэгтэйг нь удган) хэмээн дууддаг бөгөөд онгод гэж нэрлэдэг ариун сүнс (ихэнх тохиолдолд өвөг дээдсийн сүнс)-ийг биедээ агуулж явдаг сүнстэй харьцдаг хүн юм. Бөө нь тэнгэр болон ариун сүнсүүдийн дохиог дамжуулагч гэдгээр нь улаач гэх нь бий.
Одоо Монголд бөө маш их олширчээ. Монголын хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд, гурван сая хүнтэй тус улсад тэдний тоо 20-30 мянга даваад байна гэжээ. Бөө нар нийслэлд нас, яс үндэс, хүйс, хөрөнгийн ялгааг үл харгалзан өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Хамгийн гайхалтай нь энгийн иргэд гэлтгүй алдартай жүжигчин, дуучин, загвар өмсөгч, хэд хэдэн улс төрч ч бөө болсон явдал юм. Үүнийг яг л тахал шиг тархаж байна даа гэж ярих нь цөөнгүй. Бөө нарын дунд заримдаа шашны буруу зан үйл ч ажиглагдах нь бий. 2010 оны өвөл, нэгэн бөө "Одоо Монголыг зудаас хамгаалахын тулд 18 настай охины зүрх хэрэгтэй” гэсэн тухай маргаан дэгдээж байлаа. Мөн өөр нэг бөө 2011 оны хавар нийслэлийн хүрээнд хүчтэй газар хөдлөлт болно гэж зөгнөж, хотын зарим иргэн Улаанбаатараас зугтах дээрээ хүрч байв. Тэр бөө Мая нарын хуанлид үндэслэн 2012 оны 12 дугаар сарын 23-нд дэлхий сүйрэхийг зөгнөж, ил өдрийг өнгөрөх хүртэл түүний зөгнөлд итгэгсэд олон байсан.
Өөр нэгэн бөө онгодоо дуудах үеэр багш бөөгийнхөө ууршуулсан архины уурыг үнэрт гэж тулган шавийгаа үхэлд хүргэсэн хэрэг хүртэл гарч байлаа. Мөн их хэмжээний өргөл барьц авч, багшаас шавьд шавиас шавьд онгод дуудаж бөө болгодог тул нэгэн төрлийн бизнесийн арга биш үү гэх шүүмжлэлийг ч дагуулдаг.
Өөрөөр хэлбэл, орчин үеийн Монголд бөө мөргөл нь нийгмийн асуудал болон гарч ирж байгаа юм. Монголд соёлын антропологичдын хяналтан доор бөө мөргөлийн тухай мэдээллийн сэтгүүл, телевизийн оргил цагийн үеэрх бөөгийн нэвтрүүлэг зэргээр, бөө мөргөл Монголын уламжлалт шашин гэдгээр нийгэмд ч төлөвшөөд байгаа. Асуудал юунд байна вэ гэвэл, монголчууд өөрсдөө бөө яагаад тархаад байгаа шалтгааныг нь тогтоогоогүйд байгаа юм. Тэдний бөө мөргөлд хошуурах шалтгаан юунд байна вэ?
"Чиний өвгөд чинь гуйж байна”
Монголд бурхны шашны Түвдийн урсгал голлох байр суурийг эзлэх хэдий ч, бурхны шашин дэлгэрэхээс өмнө шүтдэг байсан бөө мөргөл нь Хөвсгөл аймгийн Дархад (15000 орчим хүн), Хэнтий болон Дорнод аймгийн буриад зон (30000 гаруй хүн) гэсэн цөөнхийн хүрээгээр хязгаарлагддаг байв. Тэд XX зууны социализмын шашингүй үзэл баримтлалын он жилүүдэд нууцхан итгэл үнэмшлээ хадгалан үлдэж чадсан юм. Улмаар нийгмийн энэ тогтолцоо халагдах тэр үеэр Дорнодын буриадууд дунд бөө мөргөл идэвхжиж иржээ. Буриад бол Байгал нуурын орчмоор нутагладаг Монгол угсааны хүмүүс. ХХ зууны эхэн үед, тэдний бэлчээрийн газрыг оросууд булаан авсан, мөн Орост гарсан үймээн самуунаас дайжин, олноороо хил даван Ар Монгол (одоогийн Монгол Улс) хуучны Манжуур (Квантуны арми эзэлсэн газар) руу дүрвэн гарсан. Гэвч тэдний энэ дүрвэлтийг Сталин хувьсгалын эсрэг болон Япон талд тагнуул хийсэн гэдгээр буруутган, Монголд суурьшсан буриад эрчүүдийн талаас илүүг нь баривчлан хорьж, буудан хороосон юм. Улмаар социализм задран унасан 1990 оны үеэс буриадууд 1930-аад оны цуст хэлмэгдүүлэлтээр нэгэнт үгүй болсон өөрсдийн үндэсний мөн чанараа тодорхойлох гол хэрэглүүрээр бөө мөргөлийг сонгон авсан юм.
Монгол Улсад амьдардаг буриад гэдэгт орос, хятад, халх монголтой цус холилдсон хүмүүс ч бас хамардаг. Учир нь 1930 оны хэлмэгдүүлэлтээр ихэнх эрчүүдээ алдаж, өөр бусад ястантай гэр бүл болсонтой холбоотой юм. Тэд 1990 оны зах зээлийн эдийн засаг руу шилжих нийгэм-эдийн засгийн огцом эргэлтийн дунд, "цэвэр цусны биш” гэдгээрээ шулам ангуучлахтай адил нийгмээсээ адлагдах болжээ. Социализмын хавчлага шахалтыг давж туулсан цөөхөн хэдэн бөө нар энэ адлагдаж байгаа явдлыг "удам чинь гуйж байна. Агуу их онгод тань бөө бол гэж шаардаж байна” хэмээн тайлж, тэдний дундаас бөө төрж, өөрсдийн мөн чанараа буриад удам хэмээн тодорхойлох болсон. Ингэж буриадууд дунд хүчээ авсан бөө мөргөл нь 2000 оны үеэс нийслэл Улаанбаатарт төвлөрөн Монгол даяар тархаж эхэлжээ. Гэвч ингэж тархаад байгаа нь буриадуудын бөө бус, гай зовлон тохиолдвол өвгөдөөсөө асуу гэх буриад гаралтай тайлбарлах арга барилтай холбоотой юм.
Бөө болсон хүмүүстэй ярилцаж суухад, ихэнх нь өөрсдөө эсвэл гэр бүлийнх нь осолд орох эсвэл бие нь өвдөх үед эмчилгээ хийлгэхийн хажуугаар сүм хийдээр явж, гай зовлонг арилгах ном уншуулдаг. Монголын бурхны шашин нь Японы жинжатай-тай адил гай зовлон арилгах зан үйл хийдэг. Ингэхдээ шинтоизмтой адил үнэ тариф нь тогтчихсон, ерөнхийдөө маш их үзэмж төдий зүйл гэж хэлж болно.
Ингэж их хүчин чармайлт гаргаад байдал нэг их дээрдэхгүй эсвэл дахин өөр асуудал гарч ирвэл, хүмүүс бөө дээр очих гэх сонголтыг хийдэг. Ингэхдээ хүмүүсээр дамжуулах, эсвэл бөөгийн холбоотой холбогдох нь цөөнгүй. Тэдний дунд өөрийгөө их сургуулийн судлаач гэж танилцуулсан бөө дээр очиход, өөрийг нь бөө бол гэсэн тохиолдол ч гарч байжээ. Бөө, "чиний өвгөд чинь хүсч байна. Бөө болохгүй бол үхнэ шүү” гэдэг аж.
Уг нь бөө мөргөл гэдэг бол дэлхийн ямар ч улсад тохиолдож болох үзэгдэл. Ер бусын зүйлийг мэдэрч ямар нэгэн далдын хүчний бөө бол гэсэн хүсэлтийн дагуу болдог төрөл байхад цусаар дамжин өвлөгдөх төрөл, мөн сургалтаар дамжуулан бөөгийн чадалтай болох гэсэн гурван төрөл байдаг. Харин одоогийн Монголд үүсээд байгаа бөө болох, мөн түүний шалтгаан нь бөө мөргөлийг судалдаг судлаачдын хийсэн судалгааны хүрээнээс хальчихсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл, Монголд гарч ирж байгаа бөө нарын ихэнх өөрт нь тохиолдох гай барцад нь бөө болох хувь тавилантай, мөн түүнийг нь өөр нэгэн бөө тайлж хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, гай барцдыг тайлбарлах зарчим нь бөө болох гэсэнтэй холбогдоод байгаа юм. "Гай барцад-бөө” гэж холбогдсон ойлголт нь Монголд тархаж буй бөө мөргөл гэх үзэгдлийн гол онцлох шинж нь юм.
Одоогийн бөө нь гэр бүл, хот тосгодынхоо хувь заяаг эргүүлж чадах шидтэн, ямарваа нэгэн шашны байгууллагын төлөө ажилладаг нэгэн бишээ. Эсрэгээрээ, тэд өөрсдийн зовлонгоос хагацах гэж бөө болж байгаа юм. Мэдээж хэрэг, өөрсдийн багш болоод бусад шавь нар тэдний гэр бүл гээд нэгэн бүлгийг үүсгэх нь цөөнгүй ч, онгод нь буугаад ирвэл багшаасаа холдож, хувиараа үйл ажиллагаагаа явуулж эхэлдэг. Тэр утгаараа, бөө нар нь үндсэндээ гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд л ажилладаг.
Эсрэгээр болсон нийгмийн харилцаа
Ингэж бөө мөргөл нь Улаанбаатарт тархсаны үр дүнд, хүмүүс өвчин, осолд өртөх эсвэл ажил үйлс нь бүтэмжгүй байхад, гэр бүлийн уур амьсгал таагүй зэрэгт автоматаар өвгөдөөсөө асуух тухай бодол төрөн, бөө рүү явдаг болжээ. Шинээр бөө болбол, төсөөлж байснаас ч илүү өндөр байр суурьтай болдог. Хамаатан садан, сүсэгтнээсээ хайр, хүндлэлийг хүлээдэг. Тэдэнд буудаг онгодууд нь ихэвчлэн эртний хаад, тэдний угсааныхан эсвэл түүх домгийн баатрууд байх нь элбэг. Жишээлбэл, 30 гаруй насны урьд нь буудлын менежер байсан эмэгтэйн хувьд, онгод нь тайж хүн ирээд, түүнээс тайж хүний үнэтэй малгай, үнэтэй эрэгтэй хүний гутал, хөөрөг зэргийг шаардсан гэнэ. Ингэж шаардсан зүйлийг нь хамаатан садан, гэр бүлээрээ нийлэн худалдан авч өгдөг. Эсвэл хэн нэгнийг нэр заан, худалдан авахыг тушаадаг байна. Тэр удган бүсгүй, "Онгод нь хүндлэлд маш их дуртай. Ялангуяа, тайж байсан хүний сүнс бол цай, хоол зэргийг хүндлэлтэй хандахад тааламжтай байдаг. Тиймээс тушаах хэрэгтэй. Сүнсийг үнэн голоосоо хүндэлж чаддаг хүн байхгүй бол болохгүй. Нэг удаа хоёулхнаа бөөлж байхад, онгод нь орж ирээд "хүнгүй байгаа юм байна” гэж хэлсэн. Тэр тайж амьд байхдаа, олон ноёдоор хүрээлүүлдэг хүн байжээ” гэж ярив.
Үүнээс тэс өөр жишээ ч бий. 20 гаруй насны бүрэн дунд боловсролтой Кү гэгч бөө болмогцоо хүндэт профессор, доктор гэж өөрийгөө өргөмжлөх болжээ. Эцэг, эхээсээ бага байхдаа өнчирсөн тэрбээр газар дээрх ганц эгчээ алдаж, хамаатнууд нь түүнийг үрчилж авч, өвчний улмаас сургуулиа хаяжээ. Ажилгүй болж, амьдрах хүслээ хүртэл алдсан тэрбээр Дархадын бөөтэй уулзаж, дараа нь бөө болжээ. Одоо тэр 30 гаруй шавьтай, өөрөөсөө ч ахмад хүнийг ч "Чи” гэж дууддаг болсон "том гар”. 2011 оны хавар, түүнтэй уулзахаар очиход хааны суудал шиг том сандал дээр сүртэй суусан Кү анх удаа уулзаж буй надад, "Би ч бас доктор. Гэхдээ би чамаас дээгүүр түвшний профессор” гээд өөрийн нэрийн хуудсыг шидмэр аядан өглөө. Түүн дээр нь олон улсын бөө мөргөл судлалын хүндэт профессор, хүндэт доктор гэж бичсэн байлаа.
Ер нь "хүндэт профессор” бол их сургуулийн багш тэтгэвэрт гарсан хойно нь олгогддог цол. "Хорь гаруй насандаа хүндэт профессор. Мундаг юмаа” гээд сонсож байтал бөө мөргөлийн судлалаар Америкийн Р сургуулиас "доктор”, "профессор” цол авсан гэж бахархалтай нь аргагүй ярина. Тэгээд төгсөлтийн ёслолын хувцас өмссөн зургаа үзүүлээд, "Мэдэж байна уу. Монголын бөө дэлхийд хамгийн их чадалтай нь даа” гээд дахин Монголын бөө, өөрийнхөө тухай онгирч гарав. Гэхдээ цол зэргээ хүлээн авч буй зургийн арын фон нь гэр шиг байгаа нь сонин санагдав. Тэгээд интернэтээр Р сургуулийн талаар шалгаж үзвэл, мөнгөөр диплом худалдан авдаг сургууль болох талаар мэдээлэл олноороо гарч ирсэн юм гэж соёл судлаач, антропологич Шимамүра Иппээ бичжээ. /Үргэлжлэл бий/. /2016.02.24/
С.Дашцэрэн
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих