Наран ургах Дорнод нутагт сонгуулийн өмнөх марафон хаврын хавсаргатай зэрэгцэн халуухан, ширүүхэн өрнөж байна. Ардчилсан хүчнийхний өмчлөх дуртай энэхүү цэнхэр тойрог хоёр мандаттай. Хоёр мандат дээрээ нэг хүнийг, нэг намыг удаан тогтоож байсан удаагүй. Өөрөөр хэлбэл нэлээд ардчилалтай, басхүү сонгогчдынх нь байр суурь эргэмтгий, хувирамтгай тойрог гэж болно. Байнгын нэг нам, улс төрийн хүчнийг найдвартай сонгож байдаг, тууштай улаан, эсвэл ясны цэнхэр тойргийг бодвол ийм хөдөлгөөнтэй тойргийг намууд төдийгүй хувь улстөрчид, бие даагчид байнга эргэж тойрч, бөөцийлж байдаг. Дорнодын долдугаар тойрог ийм л тойрог.
Хоёр жилийн өмнөөс л Дорнодын тойргийг тойлогчдын цуваа тасрахаа байсан. Дорнод аймагт АН-аас нэр дэвших мандат өвөрлөх сонирхолтой эрхмүүдийг жагсаавал УИХ-ын гишүүн Р.Бурмаа, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт, ТӨХ-ны дарга асан, эдүгээ Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар, өмнө нь ИЗНН-аас тус тойрогт нэр дэвшиж байсан, "Хан брой” ХХК-ийн ерөнхий захирал, "Дорнод нутаг” клубын тэргүүн С.Отгонбаатар, Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг, УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл, өмнө нь тус аймагт нэр дэвшин өрсөлдөж байсан, Төрийн сангийн захирал асан Б.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхан, "казино” хэмээх нэрээр танигдсан, генерал Д.Энхбаатар , "Глобал” сангийн тэргүүн Б.Отгонбат гээд олон хүний нэр хөвөрнө. Эдгээрээс нэр дэвших хамгийн өндөр магадлалтай нь УИХ-ын гишүүн М.Зоригт, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар нар ажээ.
Нэг шинэ мэдээлэл байгаа нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнодын тойргийг сонирхож байгаа гэх таамаг. Засгийн газрын тэргүүн ийнхүү төрсөн нутагтаа нэр дэвшихээр шийдсэн нь үнэн бол тус тойргийн өнгө өнөөгийнхөөс өөрчлөгдөх магадлал улам нэмэгдэнэ. Юутай ч Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны нутгийн зон олны итгэлийг хүлээх магадлал АН-ынханд бий.
МАН-аас Дорнодын тойргийг тойрон эргэлдэгчдийн тэргүүнд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн асан Д.Одбаяр, МАН-ын бүлгийн хуульч Б.Энхбаяр, "Бишрэлт холдинг”-ийн захирал Б.Ундармаа зэрэг хүмүүсийн нэр дуулдаж буй. Нэр дэвших эрх өвөртлөх хамгийн магадлалтай нь Н.Номтойбаяр, Б.Энхбаяр нар. УИХ-ын гишүүн асан Д.Одбаяр ч дахин парламентад суухын тулд нам доторхи марафондоо нэлээд хүч хаяж байгаа. Б.Ундармаагийн хувьд санаа их байгаа ч сачий хүрэхгүй болов уу.
Ер нь дорнодчууд өмнө нь МАН, АН, ИЗНН гээд аль аль намын нэр дэвшигчдэд итгэл үзүүлж байсан. Тиймээс энэ удаагийн сонгуулиар аль ч нам, эвслийг дэмжиж мэднэ. Харин одоо байгаа хоёр "депутат”-аа улираахгүй л болов уу гэсэн таамаг байгаа.
Бие даагч Х.Болорчулууны хувьд МАН-д элсч тус намаас нэр дэвших гэж байгаа сураг бий. Тэглээ гээд Х.Болорчулууныг дахин сонгох юу л бол. Аймаг орон нутагтаа хийсэн зүйл тааруухан, өнгөрсөн дөрвөн жил өөрийн бизнесээ цэцэглүүлсэн гэх мэт дэл сул яриа хуурай өвсөнд ассан түймэр шиг л газар авсан юм билээ. Н.Номтойбаярын хувьд бол мөнгөөр нэг удаа гарсан, дахин мөнгөөр бороо оруулаад ч дорнодчуудад нэр нүүрээ барсан гэдгийг олон хүн хэлдэг.
ДОРНОД АЙМГААС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД
1992 он: Д.Базарсад (МАХН), Ц.Төрмандах (МАХН), Д.Дагвасүрэн (МАХН)
1996 он: Д.Энхбаатар (Ардчилсан холбоо эвсэл), С.Зориг (Ардчилсан холбоо эвсэл), С.Билэгсайхан (Ардчилсан холбоо эвсэл)
2000 он: Б.Баатарзориг (МАХН), С.Оюун (ИЗН), Д.Базарсад (МАХН)
2004 он: Д.Одбаяр (МАХН), М.Зоригт (Эх орон-Ардчилал эвсэл), Ж.Батхуяг (Эх орон-Ардчилал эвсэл)
2008 он: Д.Одбаяр (МАХН), Ц.Шинэбаяр (МАХН), П.Алтангэрэл (АН)
2012 он: Н.Номтойбаяр (МАН), Х.Болорчулуун (Бие даагч)
2016 он: ?
Г.СОНИНБАЯР
eagle.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих