Өнөөдөр УИХ-ын Г.Уянга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймгийн Халх голд ажлаад ирсэн байна. Тэрээр тус аймагт нөхцөл байдал маш хүнд, Монголын төр хаана байна, эзэнгүй улс орон гэмээр дүр зураг угтаж авсан гэнэ.
Энэ талаар ярихдаа "Өнөөдөр тэнд хэн дуртай нь орж ирж хадлангаа хаддаг, байгаа баялагийг нь аваад явдаг, хил гаалийнхнийг нь янз бүрийн аргаар аргалчихсан ийм л дүр зураг харагдаж байна. Халх гол гэдэг чинь Нидерландын газар нутгаас 2-3 дахин том. Нидерланд улс гэхэд Европ тив битгий хэл дэлхийн ХАА-н бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч орон. Тийм том боломж бидний өмнө байхад харийнхний амьдрах нутаг болгож байгааг орон нутгийн иргэд эрс эсэргүүцэж байна. Энэ талаар биднийг ярихаар популист гэдэг. Тиймээс хэвлэлийнхэн Халх голд очиж ажилах хэрэгтэй байна” хэмээсэн юм.
Мөн энэ үеэр цалин тэтгэвэр нэмэх тал дээр эх үүсвэр цөөнгүй байгаа талаар ярьсан юм. Тухайлбал, Оюутолгойн төсөл дээр зөвлөгөө авах нэрээр төсөвлөсөн 10 тэрбум төгрөгийг танах, Онцгой албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг хасах замаар цалинг нэмэх бололцоотой. Архи тамхи, бензин шатахуунд оногдуулж буй онцгой албан татварын хэмжээг өнөөдрийн үйлчилж буй 1450 төгрөгөөс 2000 болгож нэмэгдүүлвэл 80 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг олох бололцоотой тухай дурдсан юм. Энэ саналаа ч холбогдох ажлын хэсгүүдэд хүргүүлнэ гэж байлаа.
Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэлэхдээ "Салбарын яамныхан Халх голд хоёр ч удаа очиж ажиллана гэсэн ч хойшлуулсан. Үнэнтэй нүүр тулах болохоор эмээгээд тэнд очиж ажиллахгүй байна. Чөлөөт бүс гэдэг бол улс доторх улс. 500 мянган га-г хашаалсан чөлөөт бүс гэж дэлхийн хаа ч байхгүй. Чөлөөт бүсийн талаарх тогтоолоо цуцлахгүй юм бол тэмцлийн хэлбэрт шилжинэ” хэмээн хатуу хэлж байлаа.
Харин УИХ-ын Г.Уянга "Халх голд ажиллах үеэр хятадууд малчдын өвөлжөөний өвсийг хадчихсан, зам зуур газрын тос ачсан машины тоос тасрахгүй, зогсоогоод зам асуух гэхээр хятад дугаартай хятад жолооч нар тааралдаж байсан. Тэнд монгол айл тааралдахгүй, тааралдсан иргэд нь "Бид зээл, зээр хоёроор амьдарч байна. Гэтэл зээр ч үгүй боллоо.” гээд халаглаж байна гэв.
Сүүлийн үед хэвлэл мэдээллээр Дорнод аймагт хятадууд хадлан бэлтгэж эхэлсэн тухай мэдээллүүд цацагдаж байсан. Тэгвэл энэхүү мэдээлэл нь баттай болохыг УИХ-ын гишүүд баталлаа. Улс эх орон минь эзэнгүй мэт, ард иргэд нь төргүй мэт байх болж. Хэн дуртай нь эх орны минь баялагыг ухаж, зулгааж яваад харамсалтай. Төрийн хэдэн түшээд нь нэр хүнд, албан тушаал, эрх ямба суудлын төлөө тэнцэлдэх хооронд эх орон чинь бусдын гарт эзэнгүй үгүйрэх нь. Дорнод аймагт харийн хятадууд эзлэн сууж, өөрийн орон шигээ дур зоргоороо авирлаж байна. Үүнийг хянах цаг нэгэнт болжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15977
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих