Америкийн өдөөсөн Путины эсрэг эдийн засгийн дайнд чимээгүй ажиглаж суусан Хятад том дүнгээрээ ялж байх шиг байна. Өчигдөр Бээжин болон Вашигтоны хооронд цэргийн хамтын ажиллагааны гэрээ зурагдлаа. Мөн Европ луу зөөвөрлөх шахсан хийг тээвэрлэгч аврага найман хөлөг онгоцны анхны танкерыг урд хөрш Америкд нийлүүллээ.
Оросууд бол эдийн засгийн дайн хийх туршлага байхгүй ажээ. Хийн хоолойгоо хаавал хөлдөнө биз гэсэн тулгалтаас өөр хөзөргүй тэд Америкийн эсрэг тулалдаанд "найзтай” байхын тулд аргагүй урд хөршид хөл алдаж байна. Луут улсын хүсэлтээр 115 мянган гектар Байгаль нуур хавийн газраа 49 жилийн хугацаатайгаа "түрээсэнд” өгчихлөө. Хятад өөрийн урт хугацааны сонирхлын амжилтуудаа олсоор. Зөв төрийн бодлого ийм. Оросыг ч холдуулахгүй Америктай ч муудахгүй байна.
Ноцтой нь манай хойд хилтэй шууд залгаа энэ нутаг Хятад, Монголын хилийг оролцуулаад 1500 км газар үргэлжлэх том газар юм. Энэ хий хоосон айлгалт биш шүү, бодит байдал: Монголчууд урд хойноосоо хятадуудаар бүчин бүслэгдэж тойрог жимийсээр.
Дэлхийн улс төрийн байдал, геополитик тоглолтууд бидний хувьд ээдрээтэй дарамттай болж байна. Гадаад дотоод бодлого бүрэн алдагдсан, эдийн засаг 100% хараат болсон, гадаад Өр нь хяналтаас гарсан, Төрийг хүчгүй болгож, улс орны төлөө сэтгэл хэлтэрхий үгүй хэдхэн нөхөд толгойд үүрлэсэн, иргэд нь идэвхгүй, хүлцэнгүй, хулчгар, харанхуй...бүтэж байгаа зүйл юу ч үгүй Монгол улс. Одоо ирсэн захын нэг гутлаа чирсэн хятад: "Танайх яацан юм бэ. Ингэж дордох гэж. Оросын эрхшээлд байсан одоо Хятадын колони удахгүй болно биз..." гэж хэлж байна.
Эх орноо бодон чин сэтгэлээр олны тусын тулд залуус үлгэр үзүүлэн тэмцэхэд, нийтээрээ харлуулж, хардаж, гутааж мушгиж доромжилно. Чадахгүй болохоор Атаархана. Мууг хүсэж нүх ухна. Өөрсдөө бол амиа бодоод айгаад хөдлөхгүй.
Төрийн луйварчид нь бол хуйвалдан нэгдээд бүгд нэг тал болцон. Тэдний гарт хэвлэл мэдээлэл, мөнгө, хүчний байгууллага бүгд байна.
Цөөн "сайн" нь нэгдэж өгөхгүй. Жижиг ашиг сонирхлоор би гэдэг ганцаарчилсан тоглолт хийнэ. Эсвэл эх орны нэр барьж амиа зогоон эдийн засгийн асуудлаа шийдэх зорилготой. Тэр нь мэдээж олигтой амжилтгүй, чадахгүй. Мэдлэггүй цээж нүдэгчид нь бусдын тоглолтын золиос болж явцыг улам доройтуулна. Гэнэн эх оронч хортон дайснаас аюултай...гэдэг үг ялтачгүй үнэн.
Энийг уншиж байгаа Та төрсөн нутгийнхаа төлөө яг юу хийсэн гэдгээ нэг санаарай. Хоосон шагшсан, байгальд зургаа даруулсан, хараасан, шүүмжилсэн, уурласан, цөхөрсөн, гомдоллосон. Өөр?
Уул нь гарц их энгийн. Нэгдэж чадсан нь манлайлан, нийт нь дэмжиж нийлэн одоо боллоо, сав дүүрлээ, ийм юм байхгүй ээ гээд зоригтой өөрчлөх.
Эсвэл тэнгэр мэднэ гээд хүлээж орчлонг барах, хүүхдүүддээ балчиг намаг үлдээх.
HM Dash
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16026
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих