Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн мэндэлсний 65 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд хөгжмийн зохиолчийн шавь, хамтран зүтгэгч, гэр бүлийн хүмүүс хамтран уран бүтээлийн цуврал тоглолтыг толилуулах юм.
Энэ хүрээнд ирэх сарын 2-9-нд Ц.Нацагдоржийн "Хөгжмийн өдрүүд” үргэлжилнэ.
Ирэх сарын 2-нд Ч.Лодойдамбын зохиолоос сэдэвлэн, Д.Төрбат, Т.Зөнбилэг нар цомнолыг нь бичсэн "Тунгалаг тамир” мюзиклийг УДБЭТ-ын тайзнаа тавих бол ирэх сарын 4-нд Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид, удирдаач УГЗ Н.Буянбаатар нар Д.Баярбаатарын дэглэлт "Нүүдэл” бүжгэн жүжгийг ҮДБЭЧ-ын тайзнаа толилуулна.
Ирэх сарын 5-нд Ц.Нацагдоржийн шавь нарын "Аялгуун мандал” хамтарсан тоглолт Улсын филармонийн тайзнаа эгшиглэх бол ирэх сарын 6-нд ХБК-ийн оюутнууд УГЗ Ч.Чинбатын удирдлагаар "Нутгийн чулуу” тоглолтыг ХБК-ийн концертын танхимд тоглоно. Тоглолтод хөгжмийн зохиолчийн сургалтад зориулсан дан хөгжмийн бүтээлүүд эгшиглэх аж. Мөн ирэх сарын 7-нд Д.Төрбат, Т.Зөнбилэг нарын цомнол, Ц.Нацагдоржийн хөгжмөөр бүтсэн "Гүн гэрийн гүнж” гурван бүлэг, таван үзэгдэлт түүхэн дуурийг УДБЭТ-ын уран бүтээлчид тоглох юм.
Харин 9-нд "Хувь тавилангийн симфони” хүндэтгэлийн тоглолтыг хөгжмийн зохиолч, хөгжим судлаач, хөгжмийн удирдаач шавь нар болон хамтран зүтгэгчид нь зохион байгуулах гэж байна.
Ц.Нацагдорж нь 1970-аад оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, "Үүлэн заяа”, "Өгөдэй хаан”, "Гэсэр,” "Гүн гэрийн гүнж” зэрэг дуурь, "Нүүдэл” бүжгэн жүжиг, "Хөдөөгийн сайхан” дөрвөн ангит чуулбар зэрэг нийтдээ 350 орчим бүтээлийг туурвижээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих