АИХ -ын депутат, Ардчилсан хувьсгалыг анхлагчдын зөвлөл ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Үндсэн хууль тогтоогчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Нороврагчаа улс төр мэдээллийн www.polit.mn сайтад ярилцлага өгөхдөө "Монголын ардчиллыг дампуурахад хүргэсэн хариуцлагыг МоАХ хүлээх ёстой” гэж хэлжээ.
Ардчилсан хувьсгалыг анхлагчдын зөвлөл гэсэн ТББ нь 1990 онд орон нутагт ардчилсан хувьсгалыг байгуулж, манлайлан оролцсон гишүүдтэй томоохон байгууллага юм. Өнгөрсөн жил албан ёсоор байгуулагдаж тамга тэмдгээ авчээ. Таван жилийн өмнөөс ийм байгууллага байгуулах талаар ярилцаж, эдүгээ үр дүнд хүрсэн нь энэ юм. Ардчилсан хувьсгалыг анхлагчдын зөвлөл нь МоАХ-ноос тусдаа байгуулагдсан нь их учиртай аж. Тус ТББ-д анхны Шинэ дэвшилтэт холбоо, Ардчилсан дэвшил хөдөлгөөн гээд 4-5 хөдөлгөөний хүмүүс элсч , гишүүдийн 70 орчим хувь нь МоАХ-ны гишүүд юм байна. Ардчиллын анхны он жилүүдэд орон нутагт тэргүүлэгчдээр ажиллаж байсан хүмүүс ч энэ бүлэгт байгаа гэнэ. Тэгэхээр орон нутагт нэлээд төлөөлөлтэй гэсэн үг.
Тэдний зорилго нийгмийг өөрчилж, зөв голдиролд оруулж, цэвэрлэхийн тулд сууриар нь харах хэрэгтэй. Түүнээс мөчир салаагаар нь оролдоод нэмэргүй. Үүнийг өөрчлөх үндсэн суурь нь гурван зүйл дээр тогтож байгаа гэж дурджээ.
Г.Нороврагчаагийн ярьснаар нэгдүгээрт, Үндсэн хууль, хоёрдугаарт, намуудын хууль, гуравдугаарт сонгуулийн хууль гурвыг зөв боловсруулж, дахин гаргаж батлавал бусад нь зөв голдиролдоо орж, цэвэрших юм байна. Хамгийн гол нь намуудын хуульд заасан "хандив” гэдгийг хатуу хориглох хэрэгтэй. Түүнчлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа хоёр танхимтай болгох ёстой гэжээ.
Тэрээр ярихдаа "Монголчуудын 1990 онд тэмцсэн ардчилал 1992 оны Үндсэн хуулиар баталгаажсан. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулах тухай заасан ч хөрөнгөтний нийгэм рүү явж эхэлсэн. Намуудад санхүүжилт хэрэгтэй гээд бизнесмэнүүдийг оруулсан. Аль, аль намд нь. Тэднийг жирийн гишүүдийнхээ толгой дээгүүр алхуулж, дээшээ том суудалд гаргасан. Энэ нь ардчиллыг завхруулах анхны үүсвэр болсон. Түүнээс болоод төрд орсон бизнесмэнүүд хувийнхаа эрх ашгийн төлөө явцгаасан. Ардчилалд анхнаас нь явсан хүмүүс мөнгө рүү явахгүй бол эрх мэдэлгүй үлдэх нь гээд тэдэнтэй нийлээд янз бүрийн арга ашиглаж хувьчлалыг ашиглан идэж уух зүйл рүү орсон. Үүнийхээ хэрээр ашиг сонирхлын бүлэг байгуулж нам гэдэг зүйл замхарсан. Энэ байдал өнөөдөр улам даамжирлаа.” хэмээн онцолжээ.
Тэд 76 луйварчин, авлигачин гээд яриад байдаг. УИХ чадамж муутай байгаа нь үнэн ч зүгээр хашгираад тэднийг унагаана гэвэл хууль зөрчсөн л хэрэг болно. Сүүлийн хэдэн жил бүх нам, улс төрийн байгууллагуудын дотор ямар ч ардчилал үгүй болсон. Анхан шатны нэгж байгуулагуудаас хурлаа хийгээд шилдгээр дэвшүүлж, түүнийгээ дээш нь гаргадаггүй. Тэрбум төгрөг өгөөд УИХ-ын гишүүн болдог. ҮЗХ-ны гишүүн болбол тэдэн төгрөг, УИХ-ын гишүүн бол тэрбум төгрөг гэдэг. Яг ийм наймаа МоАХ руу ороод ирчихсэн. МоАХ их хурлаа хийгээгүй олон жил боллоо, дүрэм хөсөр хаягдсан. МоАХ-ны тэргүүлэгчдэд даргын өөрийнх нь томилсон, даллаж дуудсан н.Эрдэнэчимэг, н.Зоригт гэх мэт хүмүүс шууд ордог, дэд дарга болдог. Ингээд эцэстээ МоАХ гэдэг байгууллага биш болсон. Тиймээс их хурлыг зайлшгүй хуралдуулах шаардлагатай. МоАХ ингэж завхралд орсноороо Монголын ардчиллыг дампуурахад хүргэсэн. Энэ хариуцлагыг МоАХ хүлээх ёстой гэж үзэж байна.
Б.Учирмаа
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих