Манай улс одоогоос хоёр жилийн өмнө буюу 2014 онд улаанбурхан өвчнийг бүрэн устгасан орны тоонд орж, ДЭМБ-аас батламж гэрчилгээгээ гардан авч байлаа. Гэвч манай улсад 2015 онд улаанбурханы тохиолдол илэрч, салбар яамнаас арга хэмжээ авч ажиллаж байгаа хэдий ч одоогийн байдлаар энэ өвчний тархалт ихэсч 19427 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Тиймээс бид улаанбурхан өвчний дэгдэлт болон бодит байдалтай танилцахаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийг зорилоо.
Манай сурвалжлах хэсэг ХӨСҮТ-д өглөөний 10:20 цагт очиход тус төвийн Хүлээн авахын үүдэнд хоёр хүн зогсч байсан юм. Нэг настай хүүхдээ тэвэрсэн дунд эргэм насны эмэгтэй "Хүүхэд маань гурав хоног халуурч байна. Өрхийн эмнэлгийн эмч ХӨСҮТ-д үзүүл гэсэн. Энд ирээд суух сандал ч үгүй, нар ч тусахгүй сүүдэр газарт хүүхдээ тэвэрч, хагас цаг хэртэй хүлээж зогслоо. Хаалгаа дотроос нь түгжчихээд гарч ирэхгүй юм. Жаахан хүүхэд хүйтэн газар удаан байхаар хэцүү байна” хэмээн бухимдан ярьсан юм. Түүнтэй ярилцах зуур хүмүүсийн тоо нэмэгдсээр байлаа. Багцаагаар биднийг очсоноос 20 минутын дараа тус төвийг зорин ирэх иргэдийн тоо нэлээд их нэмэгдсэн байв.
Эхний үзүүлсэн хүн эмчийн өрөөнөөс гарч амжаагүй байхад дахин хоёр хүн үзүүлэхээр ирж байсан. Тэдний ихэнх нь 1-4 насны хүүхдүүд байв. Хүүхдийн эмнэлгээс ирлээ гэж ярих эмэгтэйг н.Нарантуяа гэдэг. Түүний охины бие дээр гурав хоногийн өмнөөс тууралт гарч эхэлсэн ч харшил гэж андуурснаас биеийн байдал хүндэрч, ХӨСҮТ-д хэвтэх бичигтэй иржээ. Энэ тухай ярихдаа "Манай хүүхэд гурав хоногийн өмнөөс халуурч, бие дээгүүр нь юм туурч эхэлсэн юм. Түргэн тусламж дуудаж үзүүлсэн ч улаанбурхан биш гэсэн.
Манай охин харшилтай болохоор харшил нь байж магадгүй гэж бодоод эмчид үзүүлтэл "Улаанбурхан байна. ХӨСҮТ-д хэвт гэсэн” хэмээн ярив. Улаанбурханы дэгдэлт их байгаагаас болж тус төвд үзүүлэхээр ирэх хүмүүсийн тоо ч их байгаа аж. Халдвартай хүмүүсийг хүлээн авч үздэг өрөөний цонхон дээр "Улаанбурхан, менингет, гахайн хавдар, салхинцэцэг вирүст хепатитийн өрөөнүүдэд улаанбурхан өвчнийг үзэж, зөвлөгөө өгч байна” гэсэн зарыг байрлуулжээ. Хүн их байгаагаас болж гэдэсний халдварт өвчний өрөөнөөс бусад бүх өрөөнүүдэд улаанбурханы үзлэг хийж, иргэдэд зөвлөгөө өгч байгаа ажээ. Гэсэн хэдий ч үзүүлэх хүмүүсийн дунд дугаарлалт үүссээр байсан юм. Эмнэлэгт үзүүлэхээр ирээд дугаарлаж буй хүмүүсийг сувилагч нар зохицуулан өрөөнүүдэд хуваарилан оруулж байлаа.
Улаанбурханаар өвчлөгсдийн 46 хувийг 15-25 насныхан эзэлж байна
Бид ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээний нэгжийн дарга М.Сувдмаагаас улаанбурхан өвчний дэгдэлтийн талаар мэдээлэл авах гэсэн боловч мэдээлэл өгөөгүй юм. Гэвч өнгөрсөн онд улаанбурхан өвчний 19427 тохиолдол бүртгэгдсэн байдаг. Харин энэ оны эхний хоёр сарын байдлаар 3236 тохиолдол бүртгэгджээ.
Мөн тус төвд гуравдугаар сарын 29-ний байдлаар 400 өвчтөн хандсаны 337 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй байснаас 73 нь хэвтэж, 180 хүн гэрээр зөвлөгөө авсан ажээ. Улаанбурхан өвчний улмаас 457 хүн эмчлүүлж байгаагаас 22 нь сэхээн амьдруулах Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм байна. Уг өвчнөөр өвчлөгсдийг насны хувьд ангилвал 46 хувийг 15-25 насныхан эзэлж байгаа бол 7.5 хувийг 0-8 сартай буюу вакцинд хамрагдах нас нь болоогүй хүүхдүүд эзэлж байгаа ажээ.
Үүнтэй холбогдуулан Засгийн газраас улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах талаар хэлэлцэж, өвчлөл өндөр бүртгэгдэж байгаа 18-30 насныханд нэмэлт дархлаажуулалт хийх шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийн дагуу өнгөрсөн оны тавдугаар сарын 5-аас нэмэлт дархлаажуулалтыг хийж эхэлжээ. Мөн уг өвчний тархалт буурахгүй байгаагаас нэмэлт дархлаажуулалтыг зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхдүүдэд хийж байгаа юм байна.
50 мянган хүнд улаанбурханы дархлаажуулалтын вакцин хийжээ
Улаанбурхан өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан өнгөрсөн оны тавдугаар сард орон даяар дархлаажуулалтын аяныг өрнүүлж, хүмүүсийг вакцинд хамруулж эхэлсэн. Энэ тухай 2016 оны гуравдугаар сарын 31-нд ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар "Сайдын цаг” уулзалтад орохдоо голомтын хүрээний 50 мянга гаруй хүнийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинд хамруулж дархлаажуулсан хэмээн мэдээлсэн.
Мөн ХӨСҮТ-д 10 мянга гаруй хүн/тун, хүүхдэд хийх 75 мянган хүн/тун вакцины нөөц байгаа аж. Улсын хэмжээнд дархлаажуулалт хийж байгаа ч улаанбурханы дэгдэлт буурахгүй, вакцинд хамрагдсан хүүхдүүд өвчилсөөр байгаа ажээ.
Дархлаажуулалтад хамрагдсан ч улаанбурханаар өвчилж байна
Улаанбурхан өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан ХӨСҮТ-ийн хүлээн авахын үүдэнд олноороо нэг дор бөөгнөрч зогсохгүй байх, маск зүүхийг анхааруулан бичжээ. Гэвч бичгийн цаасан дээр, жижиг хэмжээтэй бичсэнээс болж хүний анхаарлыг татахгүй, ирсэн хүмүүс харахгүй хажуугаар нь өнгөрч байсан юм. Мөн эмнэлэгт үзүүлэхээр ирсэн хүмүүсийг дагаж ирсэн хүмүүс ч өөрийгөө энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх амны хаалтгүй зогсож байгаа харагдсан. Энд ч хяналт тавьж маскаа зүүж ир гэж хэлж байгаа хүн байхгүй байлаа.
Тус төвийн хүлээн авахад үзүүлэхээр ирсэн хүмүүсийн дунд вакцинд хамрагдсан боловч улаанбурхан тусчихсан гэх хүмүүс мэр сэр таарсан. Тухайлбал, хүүхэд нь вакцинд хамрагдсан болохоор улаанбурхан өвчнийг хөнгөн туссан хэмээн ярих эмэгтэйг н.Гантуяа гэдэг ажээ. Тэрбээр хүүхдийнхээ вакциныг өнгөрсөн оны тавдугаар сард хийлгэсэн аж.
Энэ талаар тэрбээр "Би хүүхдийнхээ вакциныг тавдугаар сард нэмэлт дархлаажуулалтын аян явагдаж байхад хийлгэсэн. Хүүхэд маань халуурах нь гайгүй хэрнээ нүүрэн дээгүүр нь тавхайсан, улаан юм туурсан. Сая эмчид үзүүлтэл гэрээр эмчилгээ бичиж өгч байна. Вакцинд хамрагдсан болохоор хөнгөн тусч байх шиг байна” хэмээн ярьсан. Мөн өөр нэг ээж вакцин хийлгэсэн ч хүүхэд маань улаанбурханы халдвар авчихлаа хэмээн бидэнд ярьсан юм. Бид хөдөө, орон нутагт улаанбурханы байдал ямар байгааг мэдэхээр орон нутгийн Эрүүл мэндийн газрын дарга нартай утсаар холбогдож мэдээлэл авлаа.
Дархан-Уул аймагт гарсан улаанбурхан өвчний улмаас гурван хүүхэд амиа алджээ
Дархан-Уул аймагт энэ оны хоёрдугаар сард улаанбурхан өвчний анхны тохиолдол бүртгэгджээ. Одоогийн байдлаар 685 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 68 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Мөн гурван хүүхэд улаабурхан өвчний улмаас нас барсан байна. Тодруулбал, гурван сартай, нэг болон дөрвөн настай хүүхэд өвчин нь хүндэрсний улмаас нас барсан аж. Улаанбурхан өвчний дэгдэлт их байгаагаас тус аймгийн эмч, мэргэжилтнүүд маш их ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд эм, тариа дутагдалтай байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Засаг дарга захирамж гаргаж, холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгч, олон ажил хэрэгжүүлж эхэлжээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёлын газар, Их дээд сургуулийн консорциумаас улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулжээ. Мөн уг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга, сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж эхэлжээ. Түүнчлэн улаанбурхан өвчний эмчилгээ, оношилгоонд шаардагдах хөрөнгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс зохих журмын дагуу гаргаж, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа их дээд сургууль, МСҮТ, ерөнхий боловсролын сургуулиудад олон нийтийг хамарсан урлаг, спортын арга хэмжээ, интернэт тоглоомын газруудын үйл ажиллагааг 14 хоног хаах зэрэг ажлыг зохион байгуулж, улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулахад анхаарч ажиллаж байгаа аж.
Т.Ганболд: Манай аймагт нэмэлт дархлаажуулалтын вакцин ирээгүй
/Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга/
-Өнгөрсөн оны сүүлээр манай аймагт улаанбурхан өвчний дэгдэлт ихсэх хандлагатай байсан. Анх Эрдэнэ суманд Улаанбаатар хотоос ирсэн оюутан халдвар тараасан юм. Харин одоо энэхүү өвчний дэгдэлт буурах хандлагатай болсон. Нийт 20 гаруй хүн халдвар авч, өвчилсөн. Үүнээс хоёр жирэмсэн эх улаанбурхан өвчний халдвар авсан. Бид шуурхай арга хэмжээ авснаар хоёр эхийн биеийн байдал сайжирч, эдгэрсэн. Манай аймаг улаанбурхан өвчний дэгдэлтийн эсрэг олон ажил хийж байгаа. Тухайлбал, өвчний эсрэг вакциныг хийж байна. Харин Засгийн газраас зарлаад байсан вакцин одоохондоо ирээгүй байна. Зөвхөн судалгаа хийгээд явж байгаа гэсэн.
Л.Дамдинсүрэн: 1200 хүнийг вакцинд хамруулсан
/Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга/
-Манай аймгийн хувьд улаанбурхан өвчний голомт нь аймгийн төв болох Мөрөн хотод байсан. Он гарсаар 500 гаруй хүн халдвар авч, өвчилсөн. Өнгөрсөн гуравдугаар сарын 9-нийг бодвол дэгдэлт багассан. Гэхдээ огт тасраагүй байна. Мөн 0-1 насны хүүхдүүд, 20-35 насны хүмүүс ихэнхдээ халдвар авч байгаа. Харин улаанбурхан өвчний эсрэг дархлааны вакцинд 1200 гаруй хүнийг хамруулсан. Засгийн газраас зарлаад байсан вакцин одоохондоо манайд ирээгүй байгаа. Тавдугаар сарын 01-нээс ирэх сурагтай байна.
Дархлаа муу хүмүүс улаанбурхан амархан тусдаг
Улаанбурхан өвчний тархал орон нутагт болон нийслэлд нэг иймэрхүү байдалтай байна. Ужгирвал улаанбурхан өвчин хүний аминд ч хүрэх аюул дагуулдаг учраас энэ өвчний талаархи мэдээллийг уншигчиддаа хүргэж байна. Улаанбурхан нь вирусын гаралтай, халдварлалт өндөртэй цочмог өвчин учраас урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал юм. Иймд та хүүхдийнхээ есөн сар, хоёр настайд нь заавал урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах хэрэгтэй. Мөн олон нийтийн газраар явахгүй, ойр дотны хэн нэгэн чинь халдвар авсан тохиолдолд гэртээ чийгтэй цэвэрлэгээг хоёр удаагийн давтамжтайгаар хийж гүйцэтгэх ёстой. Ингэснээр вирүсийн тархалтыг саармагжуулж, бусад гишүүдээ хамгаалах нөхцөл бүрддэг аж. Мөн эмч нар үзэмний шүүсийг их хэмжээгээр ууж, А аминдэмтэй хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь дархлаа муу, хоол хүнсний тэжээллэг байдал дутагдсанаас шалтгаалан энэ өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдагтай холбоотой юм байна. Түүнчлэн цэцэрлэг, сургуулийн эмч нар хүүхдийг хүлээн авахдаа эрүүл мэндийн үзлэг, тандалт хийж, эмнэлзүй, тархвар судлалаар уг халдварын сэжигтэй хүүхдийг гэрт нь буцааж, харьяа эрүүл мэндийн газар, өрхийн эмнэлэгт яаралтай мэдээлэх ёстой аж. Мөн хөхүүл хүүхэдтэй эхчүүд хүүхдээ хөхөөр нь хооллож, дархлааг нь сайжруулах хэрэгтэй гэдгийг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь эхийн сүүнд 10 гаруй мянган амин дэмийн элемент багтаж, хүүхдийг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэхэд дөхөм болдог байна.
Н.Батзаяа
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16110
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих