УИХ-ын 2016
оны хаврын ээлжит чуулганы нээлт өчигдөр боллоо. Өөрөөр хэлбэл энэ
удаагийн парламентын сүүлийн чуулган гэсэн үг. Тэр ч утгаараа Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэлэх
байх гэсэн таамаг олон нийтэд түгээд байсан. Бүр түүний хэлэх үгийг
бэлтгэж буй хэмээн "бор шувууд” жиргэлдэж байв.
Тэр өчигдөр өглөө нээлтэд оролцсон. Гэхдээ үг хэлээгүй. Эгээ л бэлгэ
тэмдэг мэт "сууж” байгаад УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын бүлгийн дарга
Б.Гарамгайбаатар нартай гар барьж, хэдэн үг солиод гарч одсон.
Уг нь Ерөнхийлөгч маш "хурдтай” нэгэн гэдгийг хүн бүр мэднэ. Тэр тусмаа
нийгэмд бий болоод буй аливаа асуудалд өөрийн байр сууриа илэрхийлэхдээ
тун ч шаламгай нөхөр. Арга ядахад цахим ертөнцөөр дамжуулан хариу үгээ
илэрхийлдэг болчихоод байгаа. Хамгийн ойрын жишээ л гэхэд Ерөнхий сайд
асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг уржигдархан мэдэгдэл хийж, "…Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнтэй үгсэн хуйвалдагч төрөөс
төрсөн тэрбумтны бүлэглэл энэ мэдэгдлийн араас ашиг хонжоогоо хувааж
чадахгүй арсалдаж байгаа амин найзуудтайгаа намайг хамаатуулан
"авлигатай тэмцэх” амаргүй ажилд маань саад учруулж байгаа мэтээр ард
түмнээс минь тусламж хүсэж, жүжиглэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Миний
өнөөдрийн мэдэгдэл амь нас, ойр дотны хүмүүст маань хэдий аюултай ч би
айхгүй ээ. Өөртэй нь үгсэн хуйвалддаггүй учир над руу ирж байсан асар их
гүтгэлэг, доромжлол, дарамт шахалт, нухчин дарах ажиллагаа өнөөдрөөс
бүүр илүү идэвхжих нь тодорхой…” гэх зэргээр улс төрийн хүрээнд, АН-ын
дотоод асуудал хэрхэн загас адил толгойноосоо өтөж байгаа зэргийг
дэлгэсэн. Үндсэндээ нийгэмд бөмбөг дэлбэлсэн гэхэд ч хилсдэхгүй. Үүнийг
хүн бүр өөр өөрийнхөөрөө харж, дүгнэж байхад Ерөнхийлөгч ч гэсэн өөрийн
байр сууриа илэрхийлж байв. Тэрбээр дээр хэлсэнчлэн өөрийн твиттер
хуудсаараа дамжуулан "Алтанхуягийн мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас
хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм даа. Хуулийн засаглалын
төлөө хамтран ажиллая” хэмээн жиргэж нийтэд хандсан.
Тэрбээр урд өдөр нь мэдэгдлийн хариуд товчхон байдлаар цахимаар байр
сууриа ерөнхийд нь хэлсэн учраас өчигдөр УИХ-ын хаврын чуулганы нээлтэд
ёстой л сэтгэлээ онгойтол үгээ хэлэх байх гэсэн хүлээлт байсан ч талаар
болж орхисон. Үнэндээ хэлэх үгээ бэлтгэж байгаа гэх сураг байсан хэрнээ
чимээгүйхэн хараад, ажиглагчийн байр сууринаас хандаж байгаа нь улс
төрийн хүрээнийхэнд бол тийм ч сонин дүр зураг биш байсан биз. Магадгүй
зарим нэгний хэлж буйгаар намын угшил нэгт, урьд нь Ерөнхий сайд байсан
нөхөр үсэрч гарч ирээд өөрийг нь шударга бусын цаад эзэн хэмээн
зарласанд цочирдсон ч байж болох. Тиймдээ ч хэлэх үг нь ч олдохгүй
балмагдсан байж мэдэх.
Хаврын ээлжит чуулганаар нэлээд чухал ач холбогдолтойд тооцогдох хуулийн
төсөл олон бий. Тэр байтугай эрхэм Ерөнхийлөгчийн өөрийнх нь
санаачилсан төслүүд ч дарааллаа хүлээн буй. Гэвч тэр дуугарсангүй.
Монгол Улсын Yндсэн Хуулийн 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Ерөнхийлөгч
УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож болно” хэмээн заасан байдаг.
Түүнийхээ дагуу буюу үндсэн бүрэн эрхээ эдлэн АН-ынхан тэргүүлж буй
парламентын отгон чуулганд оролцсон ч үг хэлсэнгүй. Сонин л тохиолдол…
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих