Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатараас дараах асуултад хариулт авлаа.
-Саатуулагдаад байгаа хамгаалагчийг Төв аймагт цагдан хорьж байгаа гэсэн. Багагүй бэртэл гэмтэлтэй байхад нь баасан гаригийн орой гэрээс нь хүч хэрэглэн авч явсан гэж үнэн үү?
-Манай нам АТГ болон бусад хууль хяналтын байгууллагуудын улс төрийн хүчирхийлэл явуулж байгаатай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл гаргасан. Манай намын залуучууд, гишүүд, дэмжигчид, эмэгтэйчүүд АТГ- ын үүдэнд олон хоног дуу хоолойгоо илэрхийлсэн. Намын даргын хамгаалагчийг өнгөрсөн баасан гаригт гэрээс нь барьж саатуулсан. Хамгаалагч М.Мөнхөө нилээд хүнд бэртгэл гэмтэлтэй байсан. Ингээд харамсалтай нь гэрээс нь баривчлаад явсан байна лээ. Ер нь АТГ бүх л баривчилгааг баасан гаригт хийдэг болчихсон шүү дээ. Намын санхүү хариуцсан нарийн бичгийн даргыг барьж саатуулаад гурван сарын хугацаа өнгөрч байна. Намаас бол өмгөөллийн асуудалд анхаарлаа хандуулж байна. Дөрвөн жилийн өмнөх дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Н.Энхбаяр даргыг баривчилж байсан. Энэ үйл явдлын ой хэдхэн хоноод болох гэж байна. Энэ өдөртэй давхцаж АТГ үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой боллоо. Ерөнхий сайд байсан хүн нь хууль хяналтын байгууллагыг тодорхой хүний захиалгаар ажиллаж байгааг хэлээд тэсч, тэвчихээ больсон тухайгаа мэдэгдсэн. Манай намын даргыг өмгөөлөх өмгөөлөгчгүй болсон хамгаалж байгаа хүнийг нь аваад явлаа.
-Хамгаалагч залууг ямар үндэслэлээр сэжигтнээр татан саатуулсан юм бол?
-Бид бас мэдэхгүй байна. Амралтын өдрүүдэд Цагдан хорих 461 дүгээр байранд байлгаж байгаад Төв аймаг руу ачсан гэсэн.
-Эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулна гэж байсан. Энэ талаараа мэдээлэл өгнө үү?
-Юуны түрүүнд Н.Энхбаяр дарга болон манай намын гишүүдтэй адил эрх нь зөрчигдсөн иргэдийг манай нам дээр ирж бүртгүүлэх, нэгдэхийг уриалж байгаа юм. Бид ойрын өдрүүдэд эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулна.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр хэзээ ирэх вэ. Хилээр гарах эрхийг нь хориглосон байсан гэсэн. Хэрхэн БНСУ-руу явсан юм бэ?
-Н.Энхбаяр дарга сарын өмнөөс эмчилгээнд явах шаардлагатай байсан ч хилээр нэвтрүүлэхгүй байх хоригоос болоод эмчилгээгээ хийлгэж чадахгүй байсан. Гэсэн ч бид цөөнгүй хүнтэй уулзаж нилээн ярьж хөөрч байж эмчилгээнд нь явуулсан. Одоо эмчилгээгээ хийлгэж байгаа. Хэзээ эх орондоо ирэх нь тодорхойгүй байна.
-АТГ-аас хилийн хориг тавиагүй гэж мэдээлсэн шүү дээ?
-Тийм. Тэгж мэдээлэл хийсэн. Бид шалгаад үзтэл хилийн хоригийг цуцлаагүй байсан.
-УИХ-ын дэд дарга, бүлгийн даргад хэний нэрийг өргөн мэдүүлэхээр болсон бэ. Энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ гэж намын удирдлагууд мэдэгдсэн байсан.
-Манайх дотроо буюу МҮАН-тай санал солилцох асуудал байгаа. Улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор ойрын өдрүүрэд хэлэлцэн шийдвэрлэх юм.
-Эрүүл мэнд спортын сайдад Ц.Лхагвасүрэнг дэвшүүлсэн ч Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг авч хэлэлцэхгүй байгаа нь ямар шалтгаантай юм бол?
-Намын гүйцэтгэх товчоо хуралдаад доктор, профессор Ц.Лхагвасүрэнг Эрүүл мэнд спортын сайдад тохирно гээд нэр дэвшүүлэх санал гаргасан ч Ерөнхий сайд УИХ-д оруулахгүй байна. Нарийн тайлбарыг Ч.Сайханбилэг өгөх байх.
Д.ЖАРГАЛ
ZALUU.COMТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих