Чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж, малдын хүүхдийг долоон настайд нь сургуульд оруулж болдог байх талаарх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр Д.Дэмбэрэл гишүүн зургаан настай хүүхдийг сургуульд сургах нь тогтсон зарчим. Гэхдээ тогтсон зарчим дунд хөнгөлөлт оруулж болдог шиг 6-7 настай хүүхдийн асуудалд уян хатан хандах хэрэгтэй гэв. Мөн хотын захын гэр хорооллын зургаан настай хүүхдүүд ч сургуульд явахад хэцүү байдаг талаар хэлсэн.
Мөн Ц.Баярсайхан гишүүн орон нутагт хүүхдээ зургаан настайд нь сургуульд оруулахын тулд заавал гурав, дөрвөн настайд нь сумын төвд цэцэрлэгт оруулах шаардлага гардаг. Үүнийг дагаад цэцэрлэгийн хүртээмжийн асуудал мөн яригдана. Одоо энэ хуулийн төсөлд сургуулийн захиргаа шийднэ гээд заачихаар заавал захирал нь шийдэх болчихоод байна. Тиймээс зөвхөн эцэг, эх нь өөрсдөө шийддэг байх нь зөв. Учир нь сургуулийн захиргаа шийднэ гэхээр үүнийг дагаад хүнд суртал гарахгүй гэх газаргүй гэв.
Харин Ж.Батсуурь гишүүн харин малчдын хүүхдийг долоон настайд нь сургуульд оруулахын эсрэг байгаа гэв. Учир нь 30 жилийн өмнө 10 настай хүүхэд сургуульд орж болдог байсан гээд одоо буцаад тийм системд шилжих ёсгүй гэв. Түүний оронд аймаг орон нутаг, баг хорооны дарга нар нь харин ч тэр сургуульд сурах боломжгүй хүүхдүүдийн талаар нааштай ажил хийх ёстой. Нөгөө талаас энэ бол хүүхдийн эрхийг зөрчиж байгаа хэрэг гэв. Байнгын хорооны дарга Д.Батцогт Ж.Батсуурь гишүүний ярьж буйтай санал нэг байна гэдгээ хэлсэн. Гэхдээ малчдын онцлогийг харгалзан үзэх ёстой. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг дээр долоон настайдаа сургуульд орсон хүүхдийн хичээлийг нөхөх, хоцрогдолгүй байх гэх мэт асуудлыг шийдэж болно гэлээ.
Түүнчлэн А.Тлейхан гишүүн бүх малчид хүүхдээ зургаан настайд нь сургуульд өгч чадахгүй гэж хэлээгүй байх. Тиймээс үнэхээр боломжгүй өрхүүдийн хүүхдийг л долоон настайд нь оруулдаг байя гэсэн саналыг дэмжиж байна гэсэн юм. Ө.Энхтүвшин гишүүн Боловсролын яаман дээр зургаан настай хүүхдээ сургуульд оруулснаас болоод хүндрэл үүссэн хэдэн гэр бүл байгаа гэх мэт нарийвчилсан тоо баримтыг сонсохыг хүссэн. Үүнд БСШУ-ы сайд Л.Гантөмөр хариулахдаа "Хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд энэ асуудлыг илүү их тавьдаг. Тэдгээр гишүүн хөдөө орон нутагт үүнээс болоод гэр бүл салалт ихсэж байгаа гэж хэлж байгаа ч энэ тоог нарийвчилсан байдлаар гаргах боломжгүй" гэлээ. Энэ жил 10 мянга орчим малчин өрхийн хүүхэд нэгдүгээр ангид суралцаж байгаа. Үүнээс хоёр мянга орчим нь дотуур байранд орсон аж. Тиймээс дотуур байрны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал яригдаж байна гэлээ.
Ингээд санал хураахад нийт гишүүдийн 57.8 хувь нь дэмжсэнээр энэ асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт оруулахаар боллоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих