МАХН-ын дарга Н.Энхбаяр
МАХН-ынхан орчин цагийн хэлмэгдүүлэлтийг сануулж маргааш жагсах гэнэ. Тэд Н.Энхбаярыг даргыг нь хэлмэгдүүлсэн гэж үздэг бөгөөд цагаатгах ёстой гэсэн байр суурийг баримталсаар ирсэн. Сүүлд дан ганц Н.Энхбаярыг бус эргэн тойрныхныг нь ч хэлмэгдүүлж байгаа тухай мэдээлэл гарах болсон. Н.Энхбаяртай холбоотой хэрэг 4 жилийн нүүр үзэж байна.
МАХН-аас УИХ-д сонгогдсон гишүүд болон намынх нь удирдлагуудын тайлбараар "Н.Энхбаярыг МАН, АН хамтран буланд шахах оролдлого хийж байгаа. Учир нь МАН-ынхан дахин саналаа хуваалгахгүйн тулд түүний намыг шороотой хутгах үйл ажиллагааг захиалан Ардчилсан намын эрх мэдэлтнүүдийн хүссэн бүхнийг биелүүлэх тохироо хийсэн” хэмээж байгаа. Ийнхүү Н.Энхбаяр эх орноосоо дахин дайжихад хүрч, намынхан нь үүрээ эвдүүлсэн шоргоолз шиг л байгаа бололтой юм. МАХН-ынхны нэрлэж байгаагаар Н.Энхбаяраар орчин цагийн хэлмэгдүүлэлт эхэлжээ.
АН-ын дарга асан Н.Алтанхуяг
АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт өөрийгөө хэлмэгдүүлэлтийн золиос болсон хийгээд энэ бүхнийх нь ард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урт гар байгаа хэмээж, олны чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэсэн. Зэрэгцээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өөрийн цахим хуудсаар тайлбар хийх хүртэл бажигдуулсан байна билээ.
Өнгөрсөн хугацаанд хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас унах болсон шалтгаан нь "МАХН-тай байгуулсан гэрээгээр шалтагласан Тавантолгойн ордыг авах гэсэн ашиг сонирхол” гэж бичиж, ярьж байв. Тодруулбал, Н.Алтанхуяг Ц.Элбэгдоржоор ахлуулсан "нүүрсчдийн нам” гэгдээд байгаа нөхдийн эрх ашгийг хамгаалаагүй учир Ерөнхий сайдын зөөлөн сэнтийгээс хөөгдөж, намынхандаа араараа тавиулсан.
Үүнээс нь өмнө түүний охин, хүргэн, зөвлөх гээд эргэн тойронд нь ажиллаж байсан бүхий л хүмүүсийг оролдож, суудлаасаа буух эсвэл Тавантолгойн ордыг "нүүрсдийн нам”-д өгөх 2-ын аль нэгийг нь сонгох тулгалт хийж байсан гэсэн мэдээлэл ч гарч байсан. Гэхдээ эрхэм Н.Алтанхуяг хүлээн зөвшөөрөлгүй явсаар МАХН-тай 2020 он хүртэл хамтрах санамж бичиг байгуулсан нь түүнийг түлхэх завдал хүлээж байсан намынханд нь өгөөш болсон гэдэг.
Энэ бүхнийг хэлмэгдүүлэлт байсан гэдгийг Н.Алтанхуяг зарлаад цаад эзнийг нь ч тодорхой хэлчихлээ. Энэ бол өөрийгөө орчин цагийн хэлмэгдүүлэлтийн эзэн хэмээн нэрийдэж байгаа 2 дахь тохиолдол юм.
Женко Х.Баттулга
МоАХ-ны тэргүүн Х.Баттулга шиг муу хүн өнөөдөр байхгүй боллоо. Туслахуудынхаа дансаар дамжуулж, мөнгө саадаг байсан л гэнэ. Өөрөө ямар ч бичиг баримтан дээр гарын үсэг зуралгүйгээр, ойр тойрныхныгоо золиосолдог байсан, өөдгүй шаар л гэнэ. Төмөр зам барих гэж байсан 250 сая ам.долларыг өөрийн бие хамгаалагч байж байгаад гэнэт томорсон Б.Батзаяагаар дамжуулан "идсэн” байж болзошгүй л гэнэ. Баримт, нотолгоотойгоо гарч ирээд дансаар нь мөнгө гуйвуулсан туслахуудаас нь эхлээд гарын үсэг зурсан томчуудыг нь АТГ-аас шалгаж эхлээд байгаа юм байх.
Энэ бүхнийг Х.Баттулгын зүгээс мөн л Тавантолгойн ордыг авах гэсэн "Нүүрсчдийн нам”-ынхны явуулга хэмээн тайлбарлаж байгаа. Түүний ард МоАХ-ныхноос нь өөр хүмүүс алга. Тэгэхээр тэр ганцаардаж байна. Ямарсайндаа л Эрх чөлөөний талбайд уриа барьж, жагсаал зохион байгуулж байхав. Яг л Н.Энхбаяр шиг байдалд орчихлоо. Мэдээж, тэр өөрийгөө хэлмэгдүүлэлтэд өртсөн гэж үзэж байгаа болохоор орчин цагийн хэлмэгдүүлэлтэд өртсөн гэж өөрийгөө нэрлэж байгаа 3 дахь хүн болж таарна.
Улс төрийн хүрээнийхний ярьж байгаагаар зовлон нэгтнүүд ойлголцож чаддаг гэдэг. Тэгэхээр Ардчилсан нам дахь "Алтангадас” буюу Н.Алтанхуяг, МоАХ буюу Х.Баттулга нарын эрх ашиг нэгдэж байна гэсэн үг. Мэдээж, тэд өөрсдийгөө хэлмэгдүүлсэн гэдэг байр суурь дээрээ удаан, бат гэгч нь зогсох юм бол, магадгүй Н.Энхбаяр ч тэдэнтэй нэгдэхийг үгүйсгэхгүй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих