Архангай аймгийнЗасаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд газар бүр олон ажил хийгдэж байна. Танай аймгийн хувьд ямар ажил хийж байна вэ?
-Ерөнхий сайд маань "Шинэчлэлийг сэтгэл гаргаж хийх ажил” хэмээн хэлсэн байдаг. Яах аргагүй үнэн юм. Бид үүнийг ажилдаа хандах хандлага арга барилыг өөрчлөх, сэтгэлгээнд нөлөөлөх асуудал хэмээн ойлгож байна. Гэхдээ хүмүүсийн сэтгэлгээ арга барилыг өөрчлөнө гэдэг тийм ажил биш юм. Хүмүүс тэр сэтгэлээ өөрчлөх их дургүй байна. Бид ажлаа аваад нэг жил боллоо. Алхам тутамдаа санаатай болоод санамсаргүй асуудалтай тулж байна. Шинэ зүйлийг хүсээд байдаг. Хуучин хүмүүс хуучин арга барил сэтгэлгээгээрээ ажиллах гэж боддог. Үүнээс болоод ажлын эрч хүч саарч, зарим ажил хэрэгжихгүй өнгөрч байна. Тиймээс шинэчлэлийн ажил бүрэн утгаараа хэрэгжихэд нэлээд их цаг хугацаа шаардлагатай гэдэг нь харагддаг. Гэхдээ бид багаа бүрдүүлээд ажлаа хийгээд л явж байна.
-Ер нь хүн рүү хандсан бодлого баримталж байгаа юм байна?
-Тийм ээ. Шинэ сэтгэлгээтэй, шинэчлэлийн бодлого өөрөөс гарч төрж, түүндээ тэмүүлж байдаг хүн хэрэгтэй байна. Түүнээс биш хүний хийж байгааг буруутгадаг, унтраадаг хүн хэцүү л дээ. Тэд ажлыг байнга араас татаж, энэ юм хийчих вий гэсэн сэтгэлээр ханддаг. Тиймээс сэтгэлгээний, арга барилын шинэчлэлийн үрийг суулгаж, ургуулахаар зүтгэж байна. Бид хүмүүсээ сургалт лекцэнд олон удаа суулгалаа. Ажил хийсэн хүн дандаа буруудаж шүүмжлүүлдэг, юу ч хийдэггүй хүн шүүмжлүүлдэггүй. Гэтэл манай төрийн албан хаагчид шүүмжлүүлдэггүйг нь сайн гэж боддог. Нийтийн ниймгийн эрх ашгийн төлөө нэг ч зүйл хийдэггүй. Зүгээр л урдаа байгаа зүйлийг л хийх ёстой мэтээр харах юм. Бид энэ сэтгэлгээг эргүүлж, шинэчлэлийг ойлгуулах гээд байгаа юм. Тиймээс бид 2014 оныг бодит ажил, бодит үр дүнгийн жил болгон зарласан. Тийм болгохыг зорино гэдэг үгнээс татгалзаж, өвчлөлийг тэдэн хувь бууруулна, их дээд сургуульд суралцах хүүхдийн тоог тэдэд хүргэнэ, сумдад ахуйн үйлчилгээ байгуулна гэсэн бодит ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.
-Ажлаа аваад жил гаруй болжээ. Энэ хугацаанд ямар ажил амжуулсан байна вэ?
-Жил бүр бидний ажлыг Засгийн газар дүгнэдэг. 2013 онд Архангай аймаг сайн гэсэн үнэлгээ авлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг манай аймагт өөрийн биеэр ирж ажиллаад үнэлээд явсан. Олон асуудлыг шинэ арга барилаар шийдсэн байна гэж үзсэн. Тиймээс бид хийж хэрэгжүүлж буй ажилдаа сэтгэл хангалуун байгаа.
-Ерөнхий сайд ингэж үнэлсэн байж. Гэтэл эцсийн дүнг ард иргэд тавих болов уу. Тэдний хандлага ямар байна вэ?
-Иргэдийн масс бидэнд сайн үнэлгээ өгдөг. Ардчилсан нийгэм учраас шүүмжлэх, бидний ажлыг үгүйсгэх зүйл байлгүй яах вэ. Гэхдээ бид ажлаа сайн хийж байгаа гэж бодож байна. Архангай аймгийн хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр хандаж байгаа учраас биднийг иргэд маань ойлгон дэмждэг.
-Архангай аймгийг мал аж ахуй, аялал жуучлал, эрдэмтэн мэргэд гэсэн гурван асуудалд тулгуурлан хөгжүүлнэ гэсэн. Ажил нь эхэлсэн байх?
-Тийм ээ. Нэгдүгээрт аймгийн брэнд болсон цагаан идээгээ чанаржуулан олон улсын стандартад нийцсэн хадгалалттай болгож, нэр төрлийг нь олон болгох хэрэгтэй байна. Сүүгээр зөвхөн цагаан идээ үйлдвэрлэх биш хуурай, хүүхдийн сүү үйлдвэрлэж, Улаанбаатар, цаашлаад экспортод гаргахаар төлөвлөсөн. 2014 онд ажлаа эхлүүлнэ. Мөн Хотонт суманд "Бэрэн” групп ноос боловсруулах үйлдвэр барьж байна. Цэвэрлэх байгууламжийн асуудал шийдэгдвэл аймгийнхаа бүх ноосыг авч боловсруулан бүтээгдэхүүн гаргана. Малчдын хоршоо өөрсдөө сарлагийн хөөврөө боловсруулан Франц улсад экспортод гаргаж байна. Мөн Хятад улстай хамтран малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэртэй болох ажил яригдсан.
Сэтгэгдэл бичих