
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Эдийн засгийн нөхцөл хүндэрч байгаа гэсэн МАН-ын дүгнэлтийг Ерөнхий сайд баталлаа. Үүнд биднээс шалтгаалсан, таны явуулж байгаа бодлогоос хамаарсан зүйл юу байна. Эдийн засаг агшиж байна. Аль салбар хамгийн их хохирох вэ. Түүнийг хэрхэн хамгаалах талаар та бодож байна уу. Төсөв тасрах нь тодорхой болчихлоо. Энэ бол нөхцөл байдал хүндэрч байгаагийн шинж. Засгийн газар хэзээ эдийн засгийн уналтыг давах төлөвлөгөө гаргаж, УИХ-д оруулж ирэх вэ. Яагаад хоёр жилийн дотор макро эдийн засгийн бүх үзүүлэлт унав. Нэг хэсэг МАН-аас, дараа нь дэлхийн эдийн засгаас, тэгээд Хятадаас боллоо гэсэн. Та нарын явуулж байгаа бодлогоос болсныг яагаад зоригтой хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ. Дэлхийн эдийн засаг муудаж байхад Монгол тэр хямралыг алзахгүй давж байсан. Өнөөдөр дэлхийн эдийн засаг өсөлттэй байхад яагаад Монголынх унаад байгаа юм. Хамгийн сүүлд та АТГ, МАН-аас болоод байна гэж хэвлэлд ярьжээ. Үүнийгээ тайлбарлана уу.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Тоон дээр хэдүүлээ ярих хэрэгтэй. Манай эдийн засагт хүндрэл байгаа. Үүнийг би МАН- аас болсон гэж хэлээгүй. Зарим хүмүүсийн хийсэн үйлдэл буруу байсан учраас өнөөдрийг хүртэл бид "Чалко”-гийн өрийг төлж чадахгүй байна. Яагаад өнгөрсөн жилийнхээс 300 мянган тонноор нүүрс илүү экспортолсон мөртлөө мөнгө байхгүй байгаа юм гэж гайхаж магадгүй. Энд гурван шалтгаан бий. Нүүрсний үнэ уначихсан. Зарим компаниуд зээлээр өгч байгаа. Өмнөх зээлээ бүрэн барагдуулж дуусаагүй байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Улсын төсөв яг хэдэн хувиар тасарсан юм бэ. Хоёр өөр тоо хэлээд байна. Ханшийн өсөлтөөс болоод гадаад худалдааны эргэлт буурсан. Бид 100 төгрөгийн 88 төгрөгөөр нь гадаадаас бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг. Тиймээс энэ байдалдаа бодит дүгнэлт хийх цаг болжээ. Ажлын байр бий болгож, дотоодын үйлдвэрээ дэмжсэн бол бид та нарын ярьж байгааг үнэн гэж ойлгож болно. Гэтэл ийм юм огт алга. Өнөөдөр өргүй хүн гэж Монголд байхгүй. Аж ахуйн нэгжүүд, төрийн албан хаагч, тэтгэврийнхэн өрийн сүлжээнд орчихлоо. Энэ байдал өргөн хэрэглээний барааны үнэ өссөнтэй холбоотой. Өндөр настнууд тэтгэврийн мөнгөөрөө хоёр шар тор бүтээгдэхүүн худалдаж аваад дуусч байна. Тийм болохоор Ерөнхий сайдыг амьдралд, хөрсөнд буусан юм ярихыг хүсч байгаа юм. Ерөнхий сайд ээлжит уулзалтаараа "МАН, АТГ хоёр миний ажлыг хийлгэхгүй байна” гэж ярьсан. МАН Засгийн газраас оруулсан бүх хуулийн төсөлд дэмжлэг үзүүлсэн. Хамтын тэтгэврийн хуулиар л завсарлага авсан.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Өөдөөс харж сууж байгаад л худлаа ярих юм. Энэ танилцуулсан чинь миний гаргасан тоо биш шүү дээ. Монгол Улсын Статистикийн газраас гаргасан тооцоо судалгаа. Статистикийн газар энэ тоог бие дааж гаргаад 20 гаруй жил болж байна. Миний тараасан тоо наана чинь байхгүй. Би санаа амар тайван сууж болно гэж яриагүй. Өөр илүү арга хэмжээ авмаар байна гэсэн. Хүн юм ярихаар шууд эсрэг юм ярих юм. Дээр нь вакумжсан орчинд байна гэж шүүмжлээд байна. Та юу яриад байгаа юм бэ. Вакум гэдэг чинь халуун саванд хийгээд тавихыг хэлнэ биз дээ. Битгий хүн явуулаад бай. Би тоо гаргадаг хүн биш ээ. Ерөнхий сайд нь тоо баримт гаргахаа болиод 20 жил болж байна. Би "Ерөнхий сайдын 30 минут” уулзалтаар МАН ажил хийлгэхгүй байна гэдгийг хэлсэн. Тэр үнэн. Зарим гишүүд эдийн засаг муу байна гэж хэлдэг мөртлөө нөгөө гараараа хоосон улс төр хийгээд байна.
Сангийн сайд Ч.Улаан:
-Улсын төсвийн талаар асууж байна. Албан ёсны мэдээллээр улсын нэгдсэн төсвийн орлого 79.7 , төсвийн орлогын биелэлт 77.8 хувьтай байна. Энэ хэмжээгээр орлого дутуу төвлөрсөн гэсэн үг. Нэгдүгээр улирлын энэ төлөв байдал цаашдаа үргэлжилбэл сүүлийн хагас жилд улсын төсөвт орлого дутах хүнд нөхцөл байдал үүсч мэднэ. Эргээд хөрөнгө оруулалтын санхүүжилтэд нөлөөлнө. Бүхэлдээ хөрөнгө оруулалтын ажил удаашралтай байгаа нь үнэн. Эдийн засагт огт өсөлт байхгүй гэж яриад байх юм. Байгаа шүү дээ. Өсөлтийн хурдац буурсан болохоос өсөлт байгаа. Гишүүд жаахан бодитой яримаар байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Ерөнхий сайд манай бүлэгт мэдээлэл тавих хүсэлт тавьсан. Бид сонсох шаардлагагүй гэж үзсэн. Жил гаруйн хугацаанд Н.Алтанхуяг байнга худлаа ярьж байгаа. Хамгийн анх Ерөнхий сайд болохдоо манай бүлгийн хуралд төрийн албан хаагчийн тоог нэгээр нэмэгдүүлэх юм бол ажлаа өгнө гэж хэлсэн. Харамсалтай нь төрийн албан хаагчийн тоо 50 мянгаар нэмэгдсэн. Засгийн газар долоо хоног ажиллана гэсэн. Одоо тэгж ажиллахгүй байгаа. Сайд нар нь жилд хоёрхон удаа гадагш явна гэсэн. Өнөөдөр хамгийн бага нь 30 гаруй удаа гадагшаа явсан. Бидний сонссон, үзсэн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн ярьж байгаагаар тэмээ ямаа шиг, тэнгэр газар шиг зөрүүтэй байна. Ийм байдлаар хандаж байгаа учраас манай бүлэг мэдээлэл сонсох шаардлагагүй гэж үзсэн. Эдийн засагт өсөлт байна гэлээ. Өнгөрсөн онд Монголын эдийн засаг 12 орчим хувиар өссөн. Хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбарт өсөлт гарсан. Тэр бол Засгийн газрын эсвэл Н.Алтанхуягийн хийсэн ажил биш ээ. Хуц ухнын хийсэн ажил.
УИХ-ын гишүүн Л.Энх- Амгалан:
-Ерөнхий сайдаас улс орны эдийн засгийн талаар мэдээлэл сонсч байгаа чухал хуралдаанд УИХ-ын гишүүдийн 20 хүрэхгүй хувь нь сууж байгаад харамсч байна. Элчин сайдыг томилох, "Давхар дээл” тайлах болоход 76 гишүүний 75 нь ирдэг. Тэгсэн мөртлөө улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлыг ярих гэхээр 20 хүрэхгүй хувийн ирцтэй сууж байна шүү дээ. Өнөөдрийн "Өдрийн сонин”-нд гарсан судалгаагаар иргэдийн өмнө гурван бэрхшээл тулгарч байна гэжээ. Үүнд валютын ханшийн өсөлт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, орлого хүрэлцэхгүй болсон гэж байна. Иргэдийн хэлж байгаа бидний ярьж байгаа өдөр, шөнө шиг ялгаатай байна. МАН-ын бүлгийн гишүүдийг дандаа шүүмжилдэг гэсэн ойлголт нийгэмд өгөх гээд байх шиг байна. Өнөөдөр макро эдийн засгийн тоо ярих нь чухал. Гэхдээ бодит байдал муу байна шүү.
Ц. Оюунтунгалаг
Эх сурвалж: Монголын үнэн сонин

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1638
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих