Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай жүдочид урьд өмнөхөөс хамгийн олон медаль авч түүхэн амжилт үзүүллээ. Яагаад түүхэн гээд байна вэ гэвэл Ази тивийн аваргыг дөрвөөр нэмж дээр нь нэг мөнгө, зургаан хүрэл нийт 11 медаль авчирсаны учир юм л даа. Уг тэмцээнд 18 жүдоч очоод түүний 16 нь медалийн төлөө барилдсан гэдэг тун сайхан хэрэг. "Ташкент-2016” энэ удаагийн тэмцээн ч цар хүрээгээрээ том 31 орны эрэгтэй 136, эмэгтэй 97 нийт 230 гаруй жүдоч хүч үзсэн юм.
Манай улс эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчинтай бүтэн багаар оролцсон. Өмнөх түүх сөхвөл манайхан Азийн аваргаас хамгийн дөнгүүртээ алтан медаль хоёрыг авч байв. Саяын баярламаар том амжилтын цаана юу харагдав гэвэл манай жүдочдын олимпийн бэлтгэл сургуулилт үнэхээр дөмөг байгааг харууллаа гэж болно. Тэмцээний эхний өдөр гэхэд эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Д.Алтансүх, эмэгтэйчүүдийн 57-д зодоглосон Д.Сумъяа нар алтан медаль хүртэж тэмцээний гарааг тун амжилттай эхлүүлсэн бол хоёр дахь өдөр нь 81 кг-д Н.Дагвасүрэн, -100 кг-д хүч үзсэн олимпийн аварга Н.Түвшинбаяр нар мөн аваргаар тодорч Ташкентын тэнгэрт Монгол төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.
Тэднээс үнэхээрийн гоц барилдсан хүн бол Д.Алтансүх байлаа. Тэр жингийнхээ хүчтэй өрсөлдөгч Казахстаны бөх Жумаканов Елдосыг хэсгийн аваргын төлөө барилдаанд ялсан бол нутаг нэгт Д.Төмөрхүлэгийг зооны аварга болох агшинд буулгаж чадсан. Тэгээд финалд Ираны бөх Амирезаг түвэг багатайхан ялж алтан медаль хүртжээ. Гавьяат тамирчин Д.Сумъяа хагас шигшээд Японы Анзу Ямамотог буулгаж авснаар замаа засч алтан медалийн төлөө Солонгосын шилдэг бөх Ким Жан Дитэй хүч үзэж ялснаар Азийн аварга боллоо. Гэхдээ илт давуу байж чадаагүйдээ дүгнэлт хийх нь хойшид хэрэгтэй байх.
Ердөө 30 гаруйхан секунтын өмнө буюу барилдааны цаг дуусах үед хийсэн шийдвэрлэх мэх нь оноо авчирсан нь нэг бодоход аз мэт. Тэгвэл анх удаа Азийн аварга болсон хоёр жүдоч нь олимпийн аварга Н.Түвшинбаяр, ОУХМ Н.Дагвасүрэн нар байлаа. Н.Дагвасүрэнгийн хувьд тивийн аваргын анхны медаль нь алт байна гэдэг тун ч сайхан амжилт. Н.Түвшинбаярын хувьд аль хэдийнэ авах байсан цол, медалиа арай хожуу зүүлээ дээ. Гэхдээ манай хүнд нөөц бий. Олимпийн медалиа гурвалчих томоохон бодолтой яваа байхаа.
Энэ тэмцээнээс Монголын жүдочид таван аваргатай ирэх боломжийг үгүй хийсэн нэг бөх бол дэлхийн аварга М.Уранцэцэг. Жүдогийн хамгийн хөнгөн жинд босоо гэгддэг тэр нэг л жүдочид ялагдчихаад болохоо байлаа. Тэр нь Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг. Энэ хоёр мөн л финалд үлдээд М.Уранцэцэг юүко үнэлгээгээр хожигдож мөнгөн медалийн эзэн болов. Тив, дэлхийн хэмжээний гурван томоохон тэмцээнд энэ хоёр учраа таарахад бүгдэд нь Г.Отгонцэцэг ялчихлаа. Түүнийг Казахстан руу очихоос өмнө Уранцэцэг гаргадаггүй л байсан байхгүй юу. Гэтэл одоо яагаад байна. Манай дасгалжуулагчид, Уранцэцэг өөрөө ч юм бодохгүй л байна уу даа. Отгонцэцэгийн ур чадвар өдрөөс өдөрт өсч болох ч нэг л хүний барилдааны талаар хэдэн хүн бодож яагаад болохгүй гэж.
Хэдхэн сарын дараа олимп болно. Тэгэхэд аль нэг шатанд нь энэ хоёр таарна шүү дээ. М.Уранцэцэг хоёр дахь олимпдоо оролцохдоо медаль авна гэж бодож байгаа бол Отгонцэцэгийг ялах аргаа олох нь чухал байна. Ер нь нэг зүйлийг хэлэхэд манайханд бэлтгэл сургуулилтаа шинжлэх ухааны үндэслэлтэй хийх, гадаадын зарим өрсөлдөгчийн барилдааны арга техникийг бүр задалж судлах нь арай л учир дутагдалтай байна уу даа. Ташкентын тэмцээний зургаан хүрэл медалийг эмэгтэйчүүдээс гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Ц.Цэрэннадмид, П.Лхамдэгд, О.Жавзмаа нар авчирлаа.
Багийн дүнгээр үзвэл медалийн тоогоор манайх тэргүүлсэн адилхан дөрвөн алттай ч мөнгөн медалийн тоогоор илүүрхсэн Японы баг тэргүүлж Монголын баг дэд байрт шалгарсан юм. Тэмцээний сүүлчийн өдөр багийн аварга шалгаруулахад манай эрэгтэй, эмэгтэй баг Япон, Узбекистаны багт ялагдснаар өмнөх хоёр өдөр дутуу авсан мөнгөн медалийн тоогоо нэмж тус бүр хоёрт орсон. Жүдочид багийн финалдаа төдийлэн сайн барилдаагүйд бүгд л дүгнэлттэй хандаа байлгүй дээ.
Д.НАДМИД
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих