С.Ламбаа: Үндсэн хууль зөрчсөн асуудал байхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль УИХ-ын чуулганаар хэлэлцэгдээд
хоёр асуудал дээр санал хураалт явуулсан. Нэгдүгээрт, Ерөнхийлөгч өргөн
барихдаа УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хаших
асуудал нь зөвхөн Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн байж болно гэж оруулж
ирсэн. Энэ заалт дээр УИХ-ын гишүүдийн саналаар Ерөнхий сайдаас гадна
УИХ-ын үндсэн чиглэлийн дөрвөн яамны сайдУИХ-ын гишүүн байж болно.
Манай улсад мөрдөгдөж байгаа хүчин төгөлдөр хуулиар үндсэн чиглэлийн
яам бол Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам, Сангийн яам, Ногоон
хөгжлийн яам багтдаг. Тэгэхээр дөрвөн яам, Ерөнхий сайд нийт таван хүн
УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар хашиж болох юм. Энэ бол
зөв хувилбар. Үндсэн хууль зөрчсөн асуудал байхгүй.
Монгол
Улсын Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхий сайд таслал тавиад УИХ-ын
гишүүн давхар хашиж болно гэж бичсэн байгаа юм. Тэгэхээр ганцхан
Ерөнхий сайд гээд оруулаад ирэхээр УИХ-ын гишүүний бүрэн эрхэд нь
халдчихсан ч юм шиг, Үндсэн хууль зөрчсөн юм шиг хууль өргөн баригдсан.
Өөрөөр хэлбэл УИХ бол хэдэн хүн Засгийн газрын гишүүнийг давхар хашиж
болох вэ гэдгийг л зохицуулах үүрэгтэй. Түүнээс биш ерөөсөө болохгүй
гэсэн үг биш. Хэрвээ бүгдийг нь болохгүй гэж үзэх юм бол Үндсэн
хуулийнхаа энэ заалтыг л өөрчлөх ёстой.
Хоёрдугаарт, Монгол
Улсын Ерөнхийлөгч 2016 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлэхээр оруулж
ирсэн. Дээрээс нь Байнгын хорооны санал 2014 оны долдугаар сарын 1-ээс
хэрэгжүүлнэ гэдгийг дэмжээгүй байсан. Энэ дэмжээгүй санал дээр УИХ-ын
чуулганаар санал хураагаад дэмжсэн. Энэ юу гэж байгаа юм гэхээр 2014
оны долдугаар сарын 1-ээс Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байх юм
бол нэг ажлаа өгнө л гэж ойлгож байгаа юм. УИХ-ын гишүүн дөрвөн яамны
сайд давхар хашиж болно гээд заачихаар Үндсэн хуулийн зөрчил нь
арилчихаж байгаа юм. Улс төр өөрөө их удаан шүү дээ. Анхны хэлэлцүүлгээ
л хийлээ. УИХ- ын дарга энэ хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт
шилжүүллээ гээд алх тогшиж байгаа биз дээ. Дахиад байнгын хороогоор
орно. Байнгын хороо саналыг нэгтгэж дүгнээд дахин УИХ-аар оруулж ирэх
ёстой. Энэ хуулиа бүхэлд нь баталья гээд санал хураана.
Хэрвээ
гишүүдийн санал хураалтаар бүхэлд нь батлахгүй ээ гээд гарчихвал хууль
хэрэгжихгүй. Хууль батлагдлаа гэхэд ёсчилно гэж нэг ажил бий. Ёсчиллоо
гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавина гэдэг асуудал бий. Хориг
тавьсаны дараа хоригийг хүлээж авах эсэх асуудлаар УИХ санал хураана.
Тэгж байж бүрэн төгс хэрэгжих эцсийн шийдвэр гардаг. Тэгэхээр УИХ-ын
энэ удаагийн чуулганаар эцэслэж шийдсэн асуудал байхгүй ээ гэсэн үг.
Улс төрийн намуудын өгөөш болчихлоо энэ хууль
Үндсэн хууль зөрчсөн, зөрчөөгүй гэх асуудлыг сүүлийн долоо хоногт л
ярилаа. Энэ хуулийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлснээс хойшхи хагас
жилийн хугацаанд бүгдээрээ л давхар дээлээ тайлах ёстой гэж мэдээлэл
хийж, хугацаа хойшлуулах, урагшлуулах асуудчлаар улс төрийн шоу хийсэн.
Гэтэл, Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн хуулийн төсөл оруулаад ирлээ.
Одоо бид энэ хуулийг хэлэлцэх шаардлагатай юу гэдгийг дөнгөж өргөн
барьсны дараа яриад явах бүрэн боломж байв. Харамсалтай нь хэн ч энэ
асуудлыг хөндөөгүй юм. Тухайн үед асуудлаа ярилцаад, Ерөнхийлөгчийн
хуулийн зөвлөхөос энэ асуудлаар тайлбар аваад батлаад гаргачихсаны дараа
Цэц дээр очоод унавал яах вэ, эсвэл Засгийн газрын бүтэц данхагар
учраас тоог нь цөөлөх үүднээс энэ хуулийг оруулж ирсэн үү гэдгээ нарийн
ярилцсан бол ингэж хугацаа удааширч, шал дэмий шахуу асуудлаар хагас
жил улс төр хийхгүй байх бололцоо байлаа.
Ерөнхийлөгчийн
өргөн мэдүүлсэн хуулийн төсөл яг тэр чигээрээ буюу Ерөнхий сайдаас
бусад нь парламентын гаднаас гэсэн байдлаар батлагдвал Үндсэн хуулиа
зөрчсөн болно гэдэг нь тодорхой. Мэдээж цэц дээр очоод унана. 2000 онд
оруулсан өөрчаөлтөө дахин засч залруулж байж дахин энэ асуудлыг оруулж
ирмээр байгаа юм. Улс төрийн намуудын тоглолт хийх сэдэв болгож, эргээд
энэ хуульдаа хориг тавьж мөн л тэрүүгээр нь улс төрийн намууд шоу
хийхгүйгээр асуудлыг эртхэн шийдэх боломж байсан уу гэвэл байсан. Одоо
хоёр улс төрийн хүчин нэг л зүйл дээр итгэл найдвар тавьж байгаа.
Өөрөөр хэлбэл, МАН-ынхан хуульд үндсэн чиг үүргийн яамны сайдууд
УИХ-аас гэдэг заалт оруулан, хугацааг нь энэ оны долдугаар сарын 1-ээс
хэрэгжуүлэх боломжийг харна. Ийм байдлаар батлуулах нь тэдэнд ашигтай.
Тэгсэн тохиолдолд Засгийн газар ганхаж, улс төрийн намуудад ашигтай,
хонжоотой боломж бий болно.
Сайдууд энэ хугацаанд засагт үлдэх
үү, өөрөө гарсан тохиолдолд хэнийг өөрийнхөө суудалд суулгах вэ гэдгээ
ярилцсаар улс төрийн амьдрал урагшаа явахгүй. Жагсаалтын сайдууд
суудалдаа үлдчихвэл УИХ-д орох боломжтой гэж харсан хэсэг нь мөн л улс
төр хийнэ. Тойргийн нөхдүүд ч гишүүнээрээ үлдэх үү, сайдын суудалдаа
суух уу гэдэг сонголтын өмнө эргэлзэж, жинхэнэ ёсоороо улс төрийн
тогтворгүй байдал үүсэх нь тодорхой байгаа юм. Энэ нь МАН-ын нэр хүндэд
ашигтай тусна. Тиймээс л энэ хуульд ерөнхий чиг үүргийн яамдууд хэмээх
өнгөлөн далдлалт оруулж, түүнийхээ дагуу Үндсэн хууль зөрчөөгүй гэх
халхавч хийхээс нь өмнө Ерөнхийлөгч буцаан татмаар байгаа юм. АН- ын
нүүдэл тодорхой байсан. Ерөнхий чиг үүргийнх, 50:50 хувийн харьцаа ч
гэхгүйгээр Ерөнхийлөгчийн хуулийг байгаа хэвээр нь батлуулж явуулаад
эгүүлэн Цэц дээр унах нь АН-д ашигтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, 50:50
гэх юм уу, эсвэл Ерөнхий чиг үүргийн яамд Засгийн газраас байна гэсэн
заалт оруулаад батлачихвал Үндсэн хуулийн зөрчил нь алга болно гэдгийг
МАН овжин харж чадлаа гэдгийг мэдсэн учраас өнгөрсөн пүрэв гарагт
хуулийн төслийг хэлэлцэхэд өөрсдийнхөө оруулсан 50:50 гэсэн заалтуудыг
буцаан татаж, Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн хувилбараар нь хэлэлцэх ёстой
хэмээн гэдийсэн юм.
Ямартай ч АН-ынхан улс төрийн тогтворгүй
байдал үүсгэхгүй байлгах үүднээс хичээж байна. Харин МАН ямар нэг
аргаар Үндсэн хуулийн зөрчлийг нь арилгаад өөрт ашигтай байдлаар
шийдүүлж, Засгийн газыг ганхуулах бодлоо гээхгүй байна. Амралтын өдрөөр
МҮОНРТ-ийн хэлэлцүүлэгт МАН-ын нэр бүхий гишүүд ч орохдоо энэ санаагаа
нуухгүй байсан. Үндсэн хуулийн заалтыг ямар тохиолдолд зөрчиж байгааг
хамгийн сайн мэдэж байгаа Д.Лүндээжанцан гишүүн хүртэл ерөнхий чиг
үүргийн яамдууд буюу 4-5 яамны сайдаа УИХ-аас томилчихмоор байна. Тэр
чинь ард түмний хүсэлт. Ард түмэн мөрийн хөтөлбөрийг нь харж сонгодог.
Намууд ч УИХ-д лидерүүдээ суулгадаг. Тэр лидерүүдээс 4-5 нь Засгийн
газарт орж ажиллах ёстой хэмээн ярьж байсан юм.
Хэрвээ
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, улс төрийн тогтвортой
байдал чухал гэж харж байгаа л бол Засгийн газрын тогтвортой байдлыг
хангаад энэ хуулийг 2016 оноос хэрэгжүүлэх боломж байгаа шүү дээ. Харин
тэгж төвдөхгүй атлаа, өнөөдөр 360 градус эргэчихсэн асуудлаа яриад
сууж байгаа эдгээр нөхдүүдийг удаан давраамааргүй байна, Ерөнхийлөгч
өө. Засгийн газрыг унагах, улс оронд тогтворгүй байдал үүсгэх гэж энэ
хуулийг боловсруулаагүй байлтай. Үндсэн хууль зөрчсөн хууль оруулж
ирчихээд, УИХ дээр тэр алдааг нь засч, залруулаад сууж байх нь яавч
ариун асуудал биш. Хуулиа эргүүлж татах, эс бөгөөс энэ чигээр нь
явуулаад Цэц дээр очиж Үндсэн хуулийг зөрчсөн гэх дүгнэлт гаргуулах
хоёр л сонголт байна.
Д.Ламжав: Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн хууль боловсруулсан
2000 онд нэмэлт, өөрчлөлт орсон Үндсэн хуульд Засгийн газрын гишүүд
бүгдээрээ УИХ- ын гишүүн байж болно, хагас нь байж болно, эсвэл
бүгдээрээ УИХ-ын гишүүн биш байж болно гээд заачихсан. Гэтэл үүнийг
жирийн хуулиар хязгаарлах нь Үндсэн хуулиа зөрчсөн шийдвэр болно.
Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн хууль санаачилсан.Ухаалаг төрийн
хамгийн гол шинж нь хуулийг дээдэлдэг, хуулиар удирдуулдаг байх ёстой.
Үндсэн хуулийн муу үр дагавартай заалтыг жирийн хуулиар засч болдоггүй.
Үндсэн хуулиа өөрчилж байж л тэр муу үр дагаврыг арилгах боломжтой.
Жирийн хуулиар засч байгаа нь энэ гээд хууль батлах юм бол тухайн хууль
нь Үндсэн хуультай зөрчилдөнө. Энэ тухай хэн ч ярихгүй байна. УИХ-ын
гишүүдийн сонирхлыг харж байхад Үндсэн хуультай зөрчилдөх Засгийн газрын
тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүгдээрээ
дэмжих янзтай байна.
Хэрэгжүүлж эхлэх хугацаанд нь л анхаарлаа
хандуулаад байх шиг. Хэрэгжүүлэх хугацаанаас нь хамаарч одоогийн
Засгийн газар огцрох эсэх нь шийдэгдэх учраас зөвхөн энэ сонирхлын
үүднээс л асуудлыг шийдэх гээд байна. Уг нь УИХ энэ нөхцөл байдлыг
ойлгож жинхэнэ хууль ёсны дагуу асуудалд хандая гэвэл Засгийн газрын
тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль
санаачлагчид нь буцаах хэрэгтэй. Үгүй бол Ерөнхийлөгч төслөө татаж авах
ёстой. Үүнийхээ дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар
энэ асуудлыг шийдэх учиртай.
УИХ-ын гишүүн Засгийн газрын
гишүүнээр давхар ажиллах асуудлыг л хамгийн их шүүмжилдэг. Үүнээс гадна
засч сайжруулах ёстой олон заалт Үндсэн хуульд бий. Тиймээс асуудлыг
бүхлээр нь харж шийдэх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүх нийтийн
санал асуулгаар шийдэх нь зөв гэж хувьдаа үздэг. Бүх нийтийн санал
асуулгыг аль нэг сонгуультай хамт явуулбал иргэд идэвхтэй оролцоно.
Санал асуулга явуулахаасаа өмнө ямар ямар өөрчлөлт оруулахаа тодорхой
болгох хэрэгтэй. Бүх асуудлыг шийдэх ийм л гарц бий. Энэ асуудлаар
Цэцэд хандах эсэхээ бодож байж л шийднэ. Цэцэд өргөдөл бичнэ гэж одоо
амлаад яахав. Жинхэнэ хуулийг баримталж ажиллана гэвэл хууль санаачлагч
нь төслөө татаж авах хэрэгтэй. Эсвэл УИХ хууль санаачлагчид төслийг нь
буцаах ёстой. Хэлэлцэж байгаад буцаах процедур бий шүү дээ.
МОНГОЛЫН МЭДЭЭ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих