Өнөөдөр ҮХЦ дунд суудлын хурлаараа Сонгуулийн тухай хууль дахь намын жагсаалтын тухай заалтууд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх юм. Сонгуулийн хуулийн 7.1.1 "хувь тэнцүүлсэн /пропорциональ/,”, 120.3 "Улын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа.
Ерөнхийдөө 2012 оны болон 2016 оны сонгуулийн хуульд заасан пропорцианаль систем буюу намын жагсаалтаар 28 гишүүн сонгож байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа тухай асуудал.
Хэсэг иргэд уг асуудлаар ҮХЦ-д хандсан ба цэц тэрхүү асуудалд маргаан үүсгэсэн УИХ-тай асуудалтай байгаа ҮХЦ асуудлыг тэрхүү гомдол мэдүүлсэн иргэдийн талд шийдэх нь тодорхой гэлцэж буй.
Тиймээс АН болон МАН-ынхан тохиролцоод 76 мандат бүхий 26 тойргоор өөрчлөхийг зэхэж байгаа тухай мэдээллүүд шуугиан тарин үргэлжилсээр байна.
Гэвч сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд гар хүрэхийг олон улсын хэмжээнд хориглосон байдаг учраас болохгүй хуулиа өөрчилж болохгүй тухай ярих хүмүүс бий.
АН, МАН-ыг сонгууль дөхүүлж байгаад хуулийг өөрсөддөө ашигтайгаар өөрчлөхийн тулд 6 сарын дотор сонгуулийн хуулийг өөрчлөхийг хориглосон заалтыг "албаар” мартсан гэж хардаж байгаа.
Үнэхээр ч АН, МАН-ын дарга нар, УИХ-ын гишүүд сонгуулийн хуулийг мажоритар болгон өөрчлөх нь зөв хэмээн байр сууриа илэрхийлсээр байгаа нь хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь үнэн гэж харагдаж байна.
Тэгвэл "Шударга” байхыг уриалдаг Ерөнхийлөгч харин уг асуудал дээр сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй байгаа гэлцэж буй. Тэгэхээр уг өөрчлөлт сонгуулийн хуульд орвол Ерөнхийлөгч хориг тавьж таарах байх.
Мөн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг бас нэг шалгах асуудал өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж магадгүй байгаа.
Тэр нь өнгөрсөн долоо хоногийн Хууль зүйн байнгын хорооны хурлаар Шадар Сайд Ц.Оюунбаатарын өргөн барьсан нэгэн "нууц” хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн.
"Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах тухай тогтоолын төсөл" хэмээх бас нэг "урт нэртэй" хуулийн төслийн ганц зорилго нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялтайд тооцох заалтыг төдийгүй эрх баригч АН-ын фракцийн дарга нар болон тэдний ойр дотныхны ялыг цагаатгах, мөрдөгдөж байгаа хэргүүдийг нь өршөөлд хамруулан хүчингүй болгох асуудал юм.
Уг тогтоолын төсөлд "2015 оны долдугаар сарын 02-ны өдрийн 24.00 цагаас өмнө гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж, үндсэн ялыг эдэлсэн, өршөөл уучлалд хамрагдсан хүний ялтайд тооцох хугацааг ямар гэмт хэрэгт холбогдсоноос нь үл хамааран уг хуулийн 6.1-д заасны дагуу өршөөн хэтрүүлсэн тул хувийн хэрэгт нь ял шийтгэлгүйд тооцсон тухай тэмдэглэгээ хийж, нэг мөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсугай" хэмээсэн байгаа билээ.
Энэхүү тогтоол батлагдвал авлига, хээл хахуулийн хэргээр өмнө нь ял эдэлж байсан болон одоо шалгагдаж байгаа УИХ-ын гишүүд, нэр бүхий улстөрчид ямар ч ялгүй болж сонгуульд орох эрх нээгдэх билээ.
Ингэснээр Н.Энхбаяраас гадна сэжигтэн Б.Батзаяа, сэжигтэн Х.Баттулга, А.Гансүх, ялтан Л.Гансүх, сэжигтэн Г.Дэнзэн, Г.Шийлэгдамба нар ч гэмт хэрэг хийгээгүй эсвэл шалгагдаагүй "цэвэр” хүмүүс болох юм..
УИХ-аас Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудал болон улстөрчдийг цагаатгах тухай тогтоол гэсэн хоёр асуудал тун ойрын хугацаанд улстөрийн гол асуудал болох нь ийн тун ойлгомжтой байна. Харин "шударга байх”ыг уриалж, авлигатай тэмцддэг Ерөнхийлөгч маань эдгээр асуудалд хэрхэн хандах бол.
УИХ-аас гарах тогтоолоор түүний хийсэн тэмцлийн "дүнд” ял шийтгэл хүлээсэн эсвэл сэжигтнээр шалгагдаж байгаа нөхдүүдийг бүгдийг нь цагаатгах нь. Тэгэхийг Ерөнхийлөгч зөвшөөрөх үү.
Г.Самбаа /GEREG.MN/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих