-НООЛУУРЫН САЛБАРЫГ ЭНЭТХЭГИЙН ЗЭЭЛЭЭР ӨӨД НЬ ТАТЪЯ-
Хоёр жил гаруйн өмнө хаврын урин цагтай зэрэгцэн говийн нэг суманд ажлаар явж байхдаа хээр талд хонь хариулсан хятад иргэнтэй таарч ёстой л "нүд орой дээрээ гарах” шахаж билээ. Хүн зөөврийн дугуй жийдэг хятадуудын өмсдөг ногоон өнгийн урт хүрэм, өвлийн чихтэй малгайтай тэр эр амар мэндийн ч зөрүүгүй, нэг муухай харчихаад нуруугаа үүрэн цааш алхсан юмдаг. Харин өнөөдөр жийп хөлөглөсөн дотор газрын хүн араасаа "Портер” машин дагуулчихсан, хот айл болгоноор хэсүүчлэн ноос ноолуур цуглуулж явна гэвэл гайхаад байх юмгүй болсон байна. Учир нь, малчид ямаагаа самнаж ноолуураа авдаг цаг ирж. Энэ жилийн хувьд 5055 мянган төгрөгөөр ханш нь эхэлж байсан "цагаан алт”ны үнэ даруй 10 мянгаар өссөн гэж малын гаралтай түүхий эдэд ойр байдаг эх сурвалж хэлж байлаа. Ноолуурын үнийг ийнхүү өсгөж буй "хэргийн эзэн, хэнгэргийн дохиур” нь мөнөөх хятадууд гэнэ.
Өнгөрсөн оны эцсийн мал тооллогоор ямаан сүрэг 1.5 саяар өсч, 23.6 сая орчим болсон гэх статистикийн мэдээлэл байна. Монголын ноос, ноолуурын хол бооныхны тооцоогоор энэ хавар 8200 гаруй тонн ноолуур зах зээлд нийлүүлэгдэх боломжтой юм. Гэвч түүний хэдийг нь бэлтгэж анхан шатны боловсруулалт хийж экспортлох, хэдэн хувийг нь гүн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь тодорхойгүй бай гаа аж. Энэ нь мэдээж нөгөө л санхүүгийн эх үүсвэр, мөнгө хөрөнгөтэй холбоотой. Уг нь Н.Алтанхуяг тэргүүтэй шинэчлэлийн Засгийн газрын үед буюу 2013 оны гуравдугаар сард "Монголын ноолуурын салбарыг 20132016 онд хөгжүүлэх төсөл” ийг боловсруулж баталсны дээр жил бүр тухайн салбарт 300 тэрбум төгрөг хуваарилж байхаар шийдэж, 125 тоот тогтоол гаргаж баталгаажуулсан байдаг. Үүний дагуу 44 компанид 98 тэрбум төгрөгийн зээл олгосон боловч санхүүжилт оройтсоны улмаас ердөө 800гаад тонн ноолуур худалдаж авснаар 2014 оны эхээр үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолд орж, Хятад, Иран, Афганистан зэрэг улс орноос самнасан ноолуурыг өндөр үнээр импортолж, "амь зогоосон” байна. Энэ байдал дараагийн жилүүдэд ч дахин давтагдаж, 11 компанид эргэлтийн зээл хэлбэрээр 46.1 тэрбум төгрөг хуваарилжээ. Товчхондоо, Засгийн газрын ноолуурын салбарыг дэмжих бодлого цаасан дээрх гоё нэртэй хөтөлбөр, салбарын сайд нарын хоосон амлалт төдийгөөр өдий хүрч, уламжлалт үйлдвэрлэлээ авч үлдэх, ажиллагсдаа хоолтой байлгах хүнд ачаа хувийн хэвшлийнхний нурууг холгосоор өнөөдөртэй золгов. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд экспортын ноолуурын татварыг бага боловч нэмсний үр дүнд хятад худалдаачид цөөрсөн боловч компаниуд ноолуур худалдаж авах эргэлтийн хөрөнгө, мөнгөн хуримтлалгүйгээс хангалттай түүхий эд бэлтгэж чадаагүй юм байна. Түүнээс гадна арилжааны банкуудын зээлийн хүү /2022 хувь/ өндөр, бусад салбарын уялдаа холбоо муугаас үйлдвэрлэл хөгжих ямар ч боломж бололцоо манайд алга. Олонхийн үзэж сонирхдог хөлбөмбөгийн спорттой зүйрлэвэл, манайд багийн тоглолт байхгүй. Наад зах нь аялал жуулчлалын салбарынхан үйлдвэрлэгчидтэй уялдаа холбоотой ажиллаж, Монголынхоо нүүр царай болдог ноос, ноолууран эдлэлийн үйлдвэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаагаар жуулчдыг оруулж танилцуулдаг, худалдан авалт хийлгэдэг, аяллынхаа хөтөлбөрт үүнийг багтаачихдаг бол бас л багагүй тус дэм болно доо. Цаашилбал, манай төр, байгууллагын төсвийн мөнгөөр хийх худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэлээ дэмжихэд чиг лүүлэхэд ч анхаарах ёстой баймаар.
Хамгийн гол нь үндэсний үйлд вэрлэл, түүний дотор ноолуурын салбарыг хөгжүүлэхэд төр, засгийн бодлого илт дутагдаж байгааг мэргэжлийн хүмүүс халаглан ярьж байна. Ядаж салбарын яам, холбогдох байгууллага нь аль ч асуудлаар судалгаа тооцоо, эдийн засгийн үндэслэлгүйгээр шийдвэр гаргаж байгаа нь дэмжих бус "намнах” ажиллагаа болоод байна. Манай улс жилдээ 7000 8000 тонн ноолуур бэлтгэдэг дундаж тооцоо байдаг гэнэ. Ноолуурын гол бэлтгэн нийлүүлэгч Хятадад самнасан ноолуурын нөөц багагүй хуримтлагдсан гэх мэдээллээс гадна угаасан ноолуурын экспортод тавих татварыг нэмэгдүүлсэн нь урд хөршийн наймаачдын хөлийг түр зуур тушсан хэрэг байж. Гэтэл өнгөрсөн жил Хятадын эдийн засаг багахан хувиар өсч, барилга, уул уурхай, эрчим хүч зэрэг голлох салбарын хөгжил удааширсан нь Монголын ноолуурын салбарт шаргуу оролцох шаардлагыг буй болгожээ. Үнэн худлыг мэдэхгүй ч Хятадын банкууд маш бага /эсвэл хүүгүй ч байж магадгүй/ хүүтэй зээл олгож, иргэдээ манайх руу илгээсэн бололтой юм. Ямартай ч юанийн урсгал Монголд ихээр орж ирж, хавар цагт мөнгөжих ганц боломж нь болсон малчдын ямааны ноолуурын үнийг өсгөж байгаа нь сайн хэрэг. Бас энэ урсгалыг дагаад юанийн ханш бага ч болов уруудаж байвал ядарсан улс орны доройтсон эдийн засагт нэмэртэй юм гэж зөвтгөхийг оролдовч дотоодын үйлдвэрлэлийг түүхий эдээр "өлсгөж” тураах гэсэн хэтийн бодлого байхыг үгүйсгэх аргагүй юм.
Түүний эсрэг бидний хийж чадах зүйл өнөөх л зээл тусламж байсаар байх уу. Байж болохгүй нь ч юу вэ. Гэхдээ зөв цагтаа, оновчтой сонголтоор зээлд ханддаг байх нь чухал. Тухайлбал, БНЭУ ын Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын үеэр яригдсан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээр хүчин төгөлдөр байгааг манай улсад айлчилж байгаа Энэтхэгийн парламентын Доод танхим / Лок Сабха/ын дарга, хатагтай Сумитра Махажан нотолсон. Энэ нь жилийн 1.7 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай буюу маш таатай нөхцөлтэй зээл болохыг үйлдвэрлэл эрхлэгчид хэлж байна.
Эргэлтийн бус урт хугацааны энэхүү зээлийн тодорхой /20 оос доошгүй/ хувийг ноолуурын салбарт чиглүүлж, гүн боловсруулалт хийх томоохон үйлдвэр барьж бай гуулахад зарцуулах нь хам гийн үр дүн, өгөөжтэй ажил болно гэж Монголын ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу гуай онцгойлон сануулж байсан. Үүнийг дагаад ноолуурын экспортыг хязгаарлах, татварыг нэмэгдүүлэх зэрэг дотоод зах зээлээ хамгаалах зүйл заалтыг холбогдох хууль, тогтоомжид тусгаж өгсөн ч болохгүй гэх газаргүй.
Ноолуурын салбар нь улс орны эдийн засагт голлох нөлөөгүй мэт боловч дэлхийд Монголыг таниулдаг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувьд дан ганц хувийн хэвшлийнхний нуруун дээр ачаалаад орхиж болохгүй салбар юм. Дээр нэгэнтээ дурдсанчлан тус салбарын багийн тоглолтод малчдаас эхлээд төр засаг, ард иргэдийн оролцоо ч салшгүй холбоотой. Түүнд багийн удирдах бүрэлдэхүүний нэг хэсэг болох банк, санхүүгийн салбар голлох үүрэгтэйг эцэст нь сануулья. Тэд багаа өөд нь татахын тулд хөрөнгө санхүүгээр хангах ёстой. Энэ нь эдийн засгийн утгаараа багийн гишүүн компаниудад аль болох бага хүүтэй зээлийг урт хугацаатай олгох, үйлдвэрлэл /бэлтгэл сургуулилт/ээ тогтвортой явуулж, ашигтай ажиллах /хожил авах/ боломжоор хангана гэсэн үг. Тийм нэг боломж нь Энэтхэгийн Засгийн газраас авах урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээс ноолуурын салбарт хуваарилах явдал юм биш үү. Энэ нь наанадаж Хятадын доншуур худалдаачдыг шахан гаргах, цаашилбал Монгол Улсын дотоодын нөөц боломж, мал аж ахуйн түүхий эдийг бүрэн дүүрэн ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ гэж найдаж байна.
Д.Мөнхжаргал
unen.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих