"Дэлхий бол тэр чигтээ тайз” хэмээн хэлж байсан Английн нэрт зохиолч Уильям Шекспир таалал төгссөний 400 жилийн ойг Их Британид тэмдэглэлээ. Их найрагчийн өөд болсон өдөрт зориулсан арга хэмжээнд түүний төрөлх Стратфорд хотод хамгийн олон хүн оролцсон байна. Английн бичгийн их хүн Уильям Шекспир тус хотод 1564 онд төрсөн бөгөөд 1616 онд насан өөд болтлоо энэ хотод амьдарсан түүхтэй.
Тухайн үед Стратфорд хот нь дундад зууны үеийн Английн энгийн нэг худалдааны хот байсан юм. Өдгөө энэ хотыг алдарт зохиолчин төрсөн газар гэдгээр нь мэддэг хүн цөөнгүй бий. Тиймээс хотын захиргаа нэрт зохиолчийн насан хутаг олсны 400 жилийн ойгоор түүний ажиллаж, амьдарч байсан гэр музейг олон нийтэд сурталчилсан байна. Стратфорд хотын Хэнли гудамжинд байрлах нэрт зохиолчийн гэр музейд зочилсноор үйлчлүүлэгчид Уильям Шекспирийн талаар цөөнгүй шинэ баримт, мэдлэгтэй буцна гэдэгт итгэлтэй байгаагаа судлаач Хелен Петерс олон нийтэд мэдэгджээ.
Жишээлбэл, нэрт зохиолчийн эцэг Жон Шекспир 1568 онд Стратфорд хотын дарга болж байснаас гадна өөрийн гэсэн бээлийний дэлгүүрийг нээж, бээлий үйлдвэрлэн зардаг байсныг тийм ч олон хүн мэдэхгүй байж магадгүй. Уильям Шекспир ч эцэгтээ туслан бээлий хийдэг байсан тухай мэдээлэл байдаг.
Жил бүр энэ хотод хоёр сая гаруй жуулчин ирдэг ч энэ жилийн хувьд нэрт зохиолчийн таалал төгссөний 400 жилийн ой болж байгаа тул харьцангуй олон хүн ирэх магадлалтай байгааг хотын захиргаа онцоллоо. Түүнээс гадна хотын ард иргэд нэрт зохиолчийн өөд болсон өдөр түүний шарилд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөжээ. Дөнгөж 52 насандаа өөд болсон алдарт зохиолчийг эхнэр Анна Шекспиртэй нь оршуулсан байдаг. Нас бараад 400 жил болсон ч түүнийг дурсан санах хүмүүс багасаагүй нь суут хүмүүс мөнх амьдардгийн нэг жишээ болохыг судлаачид цохон тэмдэглэжээ.
О.Хатанбаатар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих