Үндэсний бахархалт шувуу болсон шонхорыг хууль бусаар нууцаар гадагш гаргаж худалдсан эрх мэдэлтнүүдтэй хатуухан тэмцэнэ хэмээн хэдхэн хоногийн өмнө хэвлэлийн бага хурал хийж байсан БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Батболд өнөөдөр дахин хэвлэлийн хурал хийжээ. Тэрбээр Ардчилсан намын гишүүн, "Монгол хүн 2020" хөтөлбөрийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан доктор бөгөөд өнөөдрийн хурлаараа намаасаа татгалзаж гарч байгаагаа албан ёсоор илэрхийлэв. Тэрбээр "Миний бие Ч.Сайханбилэг, С.Баярцогт нартай нэг намд байх ёс суртахуун байхгүй гэж үзэж байгаа учир өнөөдрийг хүртэл 24 жил зүтгэсэн намаа орхиж байна. АН намайг орхиод 1.4 жил болж байна. Би Монгол Улсад шударга ёс, хууль дүрэм үйлчилдэг байх гэж найдаад жил гаруй хугацаанд дуугүй явлаа. Ч.Сайханбилэг гарч ирээд намайг хууль бусаар ажлаас халж, шүүхээс буцаан ажилд авах шийдвэр гарчихаад байхад буцаад ажилдаа орох нөхцлийг бүрдүүлэхгүй байна. Дараагийн асуудал, Ч.Сайханбилэгийн Засгийн газар амьд байгаль, ард түмний эрүүл аюулгүй амьдрах орчны эсрэг, улс үндэстнийхээ язгуур эрх ашгийн эсрэг ажиллаж байна. Энэ хүмүүстэй нэг намд байх ёс суртахуун надад үлдсэнгүй. Аргагүйн эрхэнд намаа орхиж байна. Хуулийг яаж завхруулдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Гуравдугаар асуудал, Би АН-ын мөрийн хөтөлбөрт цөмийн хаягдлыг булшлах асуудлыг хатуу эсэргүүцнэ гэсэн заалтыг оруулж байсан хүн. Гэтэл АН засаг барьж байх үедээ ээлжит бус чуулган зарлаж "Олон улсын ашигласан түлшний конвенц"-д нэгдэх оролдлого хийлээ.
Ард түмэн дөрвөн жилд нэг удаа эрхээ эдэлдэг. Энэ нь мууг, муудсныг сонгохгүй байх эрх. Үүнийг чинь хуурч мэхлэх замаар дахиад авах гэж байна. Та дэлгүүрт ороод загас, хиам авах гэж байгаа бол муудсныг нь сонгодоггүй биз дээ. Та тэгвэл дөрвөн жилд нэг удаа ордог дэлгүүртээ орох гэж байна. АН-д 24 жил зүтгэсэн улстөрийн капиталаараа төлбөр төлж, өөрөөр хэлбэл цэг тавьж журмын нөхдөдөө үүнийг ойлгуулахыг хичээж байна. Аргаа барсан хүний үйлдэл гэдгийг ойлгох хэрэгтэй. Би УИХ-д нэр дэвшихгүй. Үүнийг ямар нэгэн сонгуулийн шоутай битгий холбож үзээрэй" гэлээ.
О.Сайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих