Засгийн газар өнгөрсөн оны долоо, найм, есдүгээр сард идлэг шонхортой холбоотой нууц тогтоол гаргасан нь сүүлийн үеийн гол дуулиануудын нэг болоод байна. Үндэсний бахархалт шувуу болох идлэг шонхрыг ашиг олох зорилгоор гаднын улсуудад арилжаалахыг хориглосон. Гэвч 2015 онд Засгийн газраас нууц тогтоол гаргаж, 200 гаруй идлэг шонхор шувууг Арабын орнуудад гаргасан болохыг мэргэжлийн холбоод, шувуу хамгаалагч, судлаач иргэдийн төлөөлөл батлан ярих боллоо. Хачирхалтай нь, 200 гаруй идлэг шонхор барьж, хил гаргахын тулд ойролцоогоор 300-400 шонхор барьж байж, тэсэж үлдсэнийг нь авч явсан гэнэ. Тэгэхээр нууц тогтоолоор 400 орчим идлэг шонхор харийнхны гараар орсон байх магадлалтай аж.
Мөн 11760 ам.долларын төлбөр хураамжтай шонхруудыг нэг бүрийг 3000 ам.доллараар өгсөн гэх мэдээлэл байгаа. Ингээд нууц тогтоолын мөрөөр холбогдох албаныхантай уулзлаа.
НУУЦ ТОГТООЛООР 200 ШОНХОР ХИЛ ДАВУУЛСАН НЬ ҮНЭН ГЭЛЭЭ
Монголын Мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцаа тэргүүтэй хүмүүс "Засгийн газраас 2013 онд шонхор шувууг замбараагүй барьж, борлуулдаг байсныг зогсоож, үндэсний бахархалт шувуугаар зарласан. Ингээд шонхрыг арилжааны зориулалтаар барихыг хориглосон. Гэтэл 2015 онд Засгийн газраас нууц тоггоол гаргаж, 200 гаруй шонхрыг хил давуулсан. Ингэхдээ нэг шонхроос улсад авах ёстой төлбөр хураамж 11760 ам.долларыг ч бүтэн авалгүй нэг шонхроос үсрээд л 3000 ам.доллар авсан гэх мэдээлэл байна. Тэгэхээр улсад 5.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан” хэмээн мэдээлсэн.
Тэр үед мөн "Идлэг шонхрыг үндэсний бахархалт шувуугаар зарлаж, ашиг олох зорилгоор экспортлохыг таван жилээр хориглосон. Тэгсэн атлаа хориглосон буюу 2013, 2014 онд 50 толгойг гаргажээ. Мөн өнгөрсөн оны гуравдугаар улиралд Засгийн газар нууц тогтоол гаргаж, 200 гаруй шонхор гаргасан гэх мэдээлэл ил боллоо” гэсэн юм. "Амьтны тухай хуулийн 9.8.4-т зааснаар идлэг шонхор шувууг жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-наас дараа оны зургаадугаар сарын 20-ныг хүртэл барихыг хориглодог. Мөн ‘Тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барих эрхийг төрийн захиргааны байгууллага олгоно” гээд заачихсан. Өөрөөр хэлбэл, нууцлах шаардлага байхгүй. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд "Амъдаар нь гадаадад гаргасан ан амьтны төлбөр хураамжийг гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувь гэж заасан байгаа.
Мөн 2009 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын 112 дугаар тогтоолын 2-т зааснаар "Амьдаар барих нэг толгой’ идлэг шонхор шувууны жишиг үнийг 12000 ам.доллар, төлбөрийг 10800 ам.доллар, хураамжийг 960 ам.доллар байхаар тогтоосугай” гэж төлбөр хураамжийг нь заагаад өгчихсөн. Үүнийг л төлнө, үүнээс өөрөөр хөнгөлөлт эдлэх хуулийн гарц байхгүй. Гэтэл манайх энэ үнийг баримтлахгүй нууц гэрээгээр гаргасан 200 гаруй шонхор тус бүрээс зургаан сая төгрөг авсан байна. Бид үүнийг л буруу гэж үзэж байгаа. Бидний тооцож байгаагаар ийм хямд үнээр гаргасан нь үнэн бол улсад 5.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Гадаадад гаргахыг хориглосноос хойш гаргасан 200 гаруй шонхроор тооцож үзэхэд ийм хэмжээний хохирол учруулчихаад байна. Улсад нэг шонхроос авдаг төлбөр, хураамжийн дөрөвний нэгийг авч гаргасан гэсэн үг” гэлээ.
Өөр нэг асуудалтай зүйл нь шонхрыг хилээр гаргахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаас шинжилгээний бичиг авдаг аж. Мөн CITES-ийн үндэсний зөвлөл идлэг шонхрыг хилээр гаргах эрхийн гэрчилгээ олгодог юм байна. Ийм бичиггүй бол Монгол Улсын хилээр гаргахгүй. Тэр бичгийг нь төлбөр, хураамжаа бүрэн төлсөн эсэхийг хянаж байж олгодог гэнэ. Гэтэл өнгөрсөн онд БОНХАЖЯ төлбөр, хураамжийн дутуу төлөлттэй байхад экспортын гэрчилгээ олгосныг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөгчид онцлоод байгаа юм.
ИДЛЭГ ШОНХОРТОЙ ХОЛБООТОЙ НУУЦ ТОГТООЛ ГЭДЭГ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ГЭВ
БОНХАЖЯ-ны Хүрээлэнн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн А.Баясгалангаас зарим асуултад хариулт авлаа.
-2015 онд хэчнээн идлэг шонхор, хэдэн оронд, ямар зориулалтаар өгсөн бэ?
-Идлэг шонхрыг үндэсний бахархалт шувуугаар зарласнаас хойш тодорхой тооны шонхрыг соёлын зориулалтаар экспортлохыг зөвшөөрч байгаа. Өнгөрсөн онд 100 толгой шонхор Арабын орнуудад өгсөн. Гэхдээ бүгд албан ёсны хүрээнд, хууль журмын дагуу хийгдсэн.
-Өнгөрсөн онд Ерөнхий сайд тэргүүтэй хүмүүс нууц тогтоол гаргаж, 200 гаруй идлэг шонхор Арабын орнуудад гаргах эрх олгосон гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
-Энэ талаар би огт мэдэхгүй. Сэттүүлчид ирж асуугаад л байх юм. Хэдэн хүн улстөрийн үүднээс ийм мэдээлэл хийсэн гэж сонсогдсон.
-Үндэсний бахархалт шувуугаар зарлах үед идлэг шонхрыг таван жил экспортлохгүй байх тогтоол гарч байсан. Гэтэл яагаад гаргасан тогтоолоо зөрчөөд байгаа юм бол?
-Тэр тогтоолд соёл, судалгааны зориулалтаар гаргахыг хориглоогүй. Ашиг олох зорилгоор олноор нь гаргахыг хориглосон байгаа.
-Соёлын зориулалтаар өгч байгаа ч өмнө нь арилжиж байсан шигээ төлбөр хураамж авдаг гэсэн. Тэгэхээр үүнийг соёлын гэсэн нэрээр өмнөх шигээ арилжаа хийсээр байгаа гэж ойлгож болох уу?
-Ашиг олох зорилгоор идлэг шонхрыг гаднын орнуудад өгөхөө больсноор экспортлох тоо хамаагүй цөөрсөн. Тэгэхээр арилжаа явагдаж байна гэж харж болохгүй. Үндэсний бахархалт шувуугаар зарласан 2013 онд нэг ч идлэг шонхор хилээр гаргаагүй. 2014 онд цөөн тоотойг соёлын зориулалтаар гаргасан.
-Соёлын зориулалтаар идлэг шонхор өгөхөд ямар хэмжээний татвар авдаг юм бэ?
-Соёлын зориулалтаар гэдэг утгаараа зүгээр өгч явуулна гэсэн үг биш. Хуулийн хүрээнд ч бэлгэлэл гэсэн ойлголт байхгүй. Дипломат харилцааны хүрээнд соёлын зориулалтаар өгдөг. Соёлын буюу тусгай зориулалтаар амьтны экологи эдийн засгийн үнэлгээний 20-40 хүртэлх хувиар төлбөр төлдөг байгаа. Энэ хуулийнхаа дагуу бид төлбөрөө авсан. Нэг идлэг шонхрын экологи, эдийн засгийн үнэлгээ нь 16 сая төгрөг байдаг. Түүний 40 хувь гэхээр 6.4 сая төгрөг болно. Энэ төлбөр хураамж нь тухайн шонхрыг барьсан сумын орон нутгийн төсөвт ордог.
-Үндэсний бахархалт шувууг харийн оронд соёлын зориулалтаар гээд зараад байж болдог юм байх даа. Бусад оронд яадаг юм бол?
-Үндэсний бахархалт гэж зарласнаар соёлын, бэлэглэлийн журмаар өгөхийг хориглосон зүйл огт биш юм. Харин ч үндэсний бахархалт гэж өргөмжилж, гаднын улс, оронд "Манай үндэсний бахархалт шувуу юм шүү” гэж үнэ цэнийг нь өсгөж байгаа хэрэг. Засгийн газар хоорондын өндөр дээд хэмжээний уулзалтын хүрээнд Арабын хаан, хунтайж нарт хоёр улсын хоорондын дипломат харилцааны хүрээнд шонхор бэлэглэх тохиолдол байдаг.
-Энэ онд хэчнээн тооны идлэг шонхор соёлын зориулалтаар өгөх вэ?
-Одоогоор тодорхой мэдээлэл алга.
-Өнгөрсөн оны сүүлчээр Хөвсгөлийн Ханх боомт, нийслэлийн 22-ын товчоо орчимд хууль бусаар барьсан идлэг шонхрыг илрүүлсэн. Эдгээр хэрэг юу болсон бэ?
-Катар Улсын Батлан хамгаалахын сайдын бие төлөөлөгчдийн отог дээр олгосон зөвшөөрлөөс илүү хэмжээний шонхор барьсан тохиолдол гарсан. Цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага тэнд ажилласан. 35 толгой идлэг шонхрын зөвшөөрөлтэй ч 61 идлэг шонхор барьсан байсан юм билээ. Энэ мэт хэргүүдийг холбогдох хуулийн байгууллага шалгаад, арга хэмжээ авсан.
-Гадаад зах зээл дээрх нэг толгой идлэг шонхрын ханш нь 500 мянгаас дөрвөн сая ам.доллар гэх юм билээ. Харин манайд яагаад бага үнэлгээтэй байдаг юм бэ?
-Гадаад зах зээлийн үнийн тухайд би хариулж мэдэхгүй юм. Амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал оруулснаар Засгийн газар баталдаг. Хамгийн сүүлд 2012 онд амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчлэн баталсан. Монгол Улсын хувьд Засгийн газраас тогтоосон жишиг үнэ гэж байдаг. Нэг идлэг шонхор 12 мянган ам.доллар. Гэхдээ нэг идлэг шонхрын төлбөр хураамжийг нь 11760 ам.доллар гэж тогтоосон байдаг. Энэхүү үнэлгээг гадаад зах зээлээс шалтгаалан өөрчлөх боломжтой.
-Идлэг шонхрын экспортыг олон жилээр хаасан нь энэ төрлийн хулгайг нэмэгдүүлсэн гэдэг юм билээ. Та мэргэжилтний хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Идлэг шонхрыг гадаадад худалдаалахыг хориглосон нь нүдээ олоогүй шийдвэр гэж би үздэг. Яагаад гэвэл манай улс ашиглах боломжтой, нөхөн сэргээгддэг байгалийн нөөцүүдээ ашиглах л ёстой. Идлэг шонхрыг манайд 200-300 толгойгоор гаргах нөөц нь байгаад байдаг. Энэхүү нөөцийг тухайн жилд амжилттай үржсэн ангаахайгаар тооццог. Байгаль орчны яам 2005 оноос эхлэн махчин шувуудын үржлийг дэмжих хиймэл үүр төсөл гэж хэрэгжүүлсэн. Энэхүү хиймэл үүрийн судалгааг үзвэл зөвхөн идлэг шонхрын хувьд жилдээ 2000 гаруй ангаахай амжилттай бойжин нисэж байгаа. Тиймээс эдгээрээс жилд 200-300 толгой идлэг шонхор экспортлоход ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй.
-Монголд өнөөдрийн байдлаар хэчнээн идлэг шонхор байгаа вэ?
-2010 онд тоолсон. Тухайн үед үржлийн 8000 хос байна гэж тоолж байсан. Гэхдээ идлэг шонхор бол нүүдлийн шувуу. Тийм болохоор зөвхөн Монголд хамааруулж болохгүй.
ХАМТАРЧ НУУЦ ТОГТООЛ ГАРГАВ УУ
Засгийн газар үнэхээр нууц тогтоол гаргаж, 200 гаруй идлэг шонхор арабуудад олгосон нь үнэн бол энэ нь нууц тогтоолоор амьтан гаргасан анхны тохиолдол болох юм байна. Баттай эх сурвалжийн мэдээлсэнээр Ц.Оюунхорол 2015 оны долоодугаар сарын 1-нд шонхортой холбоотой 4067 тоот албан бичгийг С.Баярцогтод хаяглан илгээсэн байдаг аж. Улмаар уг тогтоолыг Ерөнхий сайд, С.Баярцогт нар гардан гаргаж, 200 гаруй шонхор арабуудад олгохыг зөвшөөрүүлж чадсан гэнэ. Энэ тогтоолыг гаргахын өмнө Ч.Сайханбилэг Дубайд айлчилсан бөгөөд тухайн үед Ц.Оюунхорол сайд Кувейт Улстай хамтран ажиллах нэгэн төрийн бус байгууллага байгуулж, түүнийхээз удирдах зөвлөлд С.Баярцогтыг томилж байсан аж.
Түүнээс хойш хоёр ч удаа уг нууц тогтоолыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн бололтой. Үүнээс гадна БОНХАЖ-ийн сайд солигдох бүрт хамт солигддог нэг албан тушаалтан тус яаманд байдаг аж. Гэхдээ энэ нь хууль, журмын дагуу солигдож байгаа явдал биш бөгөөд тухайн салбарыг хариуцаж буй хүний эрх ашигтай холбоотой хэмээж байв. Тодруулбал, шинэ сайдын гарын хүний очих албан тушаал нь амьтан, ургамал зэрэг байгалийн баялгийг агнах, барих, түүн бэлэглэх, экспортод гаргах тусгай зөвшөөрөл олгодог нэгж болох Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан тушаал аж. Өөрөөр хэлбэл, энэ албан тушаалтанд Монголын нэн ховор, ховор амьтан, ургамлыг гаднын оронд хэчнээн хэмжээгээр экспортлох, экспортлохгүй байх бүх эрх байдаг гэсэн үг. Л.Гансүх, С.Оюун нарыг сайдаар ажиллаж байх үед Д .Энхбат гзж хүн уг албан тушаалыг хашиж байсан бол Ц.Оюунхоролын үед н.Нямдаваа гэж хүн тус албыг хариуцаж байсан гэнэ. Харин одоо Р.Дэжид гэж хүн тус албыг хашиж байгаа юм байна.
АРАБУУДАД ИДЛЭГ ШОНХОР ХЭРЭГТЭЙ БАЙГААГИЙН УЧИР
Идлэг шонхрыг ашиг олох зорилгоор Кувейт, Саудын Араб, Эмират, Катар улсад Архангай, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Увс, Хөвсгөл, Хэнтий, Дорнод зэрэг аймгийн нутгаас барьж, арилжих тоггоолыг 2003 оноос Байгаль орчны яамнаас гаргадаг болсон. Түүнээс хойш 4008 ширхэг идлэг шонхрыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр арилжжээ.
Идлэг шонхор арабуудад яагаад /хэрэгтэй гэхээр монголчуудын хурдан морь ураддуулж нааддагтай адил тэд шонхор шувуугаар бооцоотой тэмцээн явуулдаг байна Ингэхдээ цөлийн жороо тоодог, туулай гөрөөлүүлж, түрүүлж ангаа авласан нь бооцоог авах зарчмаар эздээ баясгадаг аж. Шувууны өнгө цагаан, бие том, олон байх тусмаа тухайн хүний хэр баян болохыг илтгэдэг. Катар Улсад байдаг шувууны зах дээр монгол шонхор 500 мянгаас дөрвөн сая ам.долларын ханштай байдаг аж. Тэд идлэг шонхортоо зориулж, эмнэдэг, сургууль, худалдааны төвтэйгээс гадна шувууныхаа аргамжаа, малгай, гинж, тоноглолыг ч алтаар хийдэг байна. Тэдний энэ хүсэл зарим талаар манайхны бизнес, хандив, тусламж, бизнесийн хамтын ажиллагаа болж өргөждөг байна. Тодруулбал, сүүлийн арван жилд манайх булангийн буюу Арабын орнуудаас багагүй хэмжээний зээл, тусламж авсан байна. Энэ бүхэн зөвхөн идлэг шонхортой хамааралгүй байж болох ч ямар нэг байдлаар түшиц, нөлөө болж байгаа нь тодорхой юм.
Шонхрыг нойрсуулагч тарианы тусламжтайгаар хилээр хууль бусаар давуулдаг тухай эх сурвалж хэлж байв. Гадны иргэдэд шонхор шувууг хууль бусаар худалддаг нэр бүхий монгол иргэдээс БНХАУ-д ял эдлээд суллагдсан тохиолдол ч байдаг аж. Арабууд ид үржлийн насны залуу, эрүүл, хамгийн хүчтэй, бие бялдар сайтай буюу шилдгүүдийг нь сонгож авдаг. Түүнчлэн жил ирэх тутам тэдний шаардлагыг хангасан, сэтгэлд нь нийцэх шонхор улам бүр ховордсоор байгаа аж. Цаашлаад арабууд зөвхөн залуу, эм шонхор авдаг учраас хүйсийн харьцаа алдагдаж, үржлийн вдэвхтэй үе нь өнгөрсөн хөгшин шонхор Монголд олширчээ. Хэрвээ энэ байдал удаан үргэлжилбэл иддэг шонхор тун удахгүй ховор, бүр нэн ховор ангилалд орно хэмээн зарим судлаач үзэж байна.
ЗАРЖ БАЙГАА БОЛ ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ ШУВУУ ГЭХЭЭ БОЛЬСОН НЬ ДЭЭР
Шонхрыг үндэсний бахархалт шувуугаар зарласан атлаа бэлэглэлийн, соёлын гэх нэрийн дор олноор нь гаднын орнуудад олгож байгаа явдлыг зарим хүн эсэргүүцэж байгаа юм. Энэ талаар Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцаа "Идлэг шонхрыг бахархалт шувуу гэж бүү эндүүр Идлэг шонхор Монголын бахархалт шувуу биш. Яг бахархалт шувуу нь цагаан шонхор шүү дээ. Идлэг шонхор бол шонхор шувуун дотроо хамгийн том биетэй туп монголчуудын өвөг дээдэс ан авд ашиглаж ирсэн түүхтэй. Нэг үгээр хэлэхэд, бидний өвлөж авах ёстой ангийн соёл юм. Өвгөдөөс өвлүүлсэн агнуурын нэгэн төрөл болох шонхроор гөрөөлөх соёлыг сэргээх цаг нь нэгэнт болсон. Цагаан шонхор бол нэн ховорт ордог. Идлэг шонхор дэлхийгээр тодорхой тойрогт нүүдэллэж амьдардаг. Нэг онцлог нь Монголд төллөдөг юм. Тиймээс эрх баригчид шонхрыг хүмүүсийн анхаарлын төвөөс гаргахын тулд шонхор шувуу гэх нийтлэг нэрээр нь үндэсний бахархалт шувуу болгосон гэдэг нь одоо л ойлгогдож байна. Тэгэхээр бахархалт нэрийн дор хямд үнээр бусдад зарах гэж байгаа бол энэ нэршлээ болих хэрэгтэй” хэмээн ярьж байв.
ОЛОН УЛСАД ХАНДАЖ ЧАДАХГҮЙ НЬ ТҮШЭЭДЭД ОЛЗ БОЛЖ БАЙНА УУ
ОХУ, БНХАУ-д шонхрыг барих, тэжээх, худалдах нь хуулиар хориотой байдаг бөгөөд зарим тохиолдолд цаазаар авах хүртэл ял ногдуулдаг байна. Харин Казахстан улсад барьж, худалдахыг зөвшөөрдөг ч нэг шонхор шувуунд 250 мянган ам.долларын татвар ногдуулдаг аж. Гэтэл манайд 11760 ам.долларын төлбөр, хураамж төлөөд л бүх асуудал шийдэгддэг гэсэн үг.
Түүнчлэн дэлхийн олон оронд идлэг шонхор шувуу барихыг хориглоод олон жил болж байна. Үүгээр зогсохгүй CITES-ийн конвенцийн Байнгын хорооноос идлэг шонхор шувууг Монголоос Арабын орнуудад гаргахыг хориглосон шийдвэрийг 2012 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн 003 тоотоор гаргасан гэсэн мэдээдэд байдаг. Гэтэл Монгол Улс уг шийдвэрийг тоосонгүй. Арабын орнуудын зүгээс манай оронд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлж, барилга байгууламж, авто зам барих, байгаль орчны судалгааны лаборатори байгуулах зэрэгт хөрөнгө оруулж байгаа. Гэхдээ эдийн засгийн ашиг харж, идлэг шонхрын экспортод найр тавьдаг асуудалд цэг тавих цаг нь болжээ.
Зэрлэг амьтан, шувуу хамгалаагчид энэ асуудлыг олон улсын хэмжээнд яагаад ярьж болдогтүй гэхээр CITES-ийн конвенци мэдвэл шонхор байтугай конвенцийн хоёрдугаар хавсралтад орсон бүх ан, амьтныг гаргахыг хориглох магадлал өндөр аж. Энэ нь эрх мэдлээ урвуулан ашиглаж, ашиг хонжоо хайсан эрх мэдэлтнүүдэд олз болдог бололтой.
Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих