УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвсэл болон ИЗНН-ынхан хамтран "МАНАН ба Сонгуулийн хуулийн захиалга” нэртэй өргөтгөсөн хуралдаан хийлээ. Үндсэн хуулийн цэцээс энэ сарын 22-нд Сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан. Энэхүү шийдвэрийг УМИХ дахь АН, МАН-ын бүлгийн гишүүд дэмжихээ мэдэгдсэн. Тэгвэл МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвсэл болон ИЗНН-ынхан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ.
Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр "Үндсэн хуулийн цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байна. Цэц үндсэн хуулийг манаж байгаа нь үнэн юм бол нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж болохгүй. Үндсэн хуулийн цэц нь шүүхтэй адилхан шийдвэр гаргадаг байгууллага. Шүүх нэг хүнийг алуурчин эсвэл аврагч гэж дүгнэж болохгүй шүү дээ. 2012 онд Үндсэн хуулийн цэцээс намын жагсаалтаар сонгохыг хууль зөрчөөгүй гэж үзчихээд өнөөдөр хууль бус гэж байна. Сонгууль болохоос хоёрхон сарын өмнө ийм шийдвэр гаргаж байгаа нь аль нэг намын захиалга гэж харахаас өөр аргагүй болгож байна. Монголчуудыг хагалган бутаргасан большевик дэглэм рүү ойртуулсан аюултай алхам гэж үзэж буй учир энэ саналыг хэлж байгаа юм. Түүнээс биш ард түмэн өөрийнхөө төлөөллийг шууд сонгох гээд байхад нь бид саад учруулах гэсэнгүй. Сант-Маралын судалгаагаар МАН 21, АН 17, МАХН 11 хувийн рейтингтэй байна. Энэ гурван нам нийлээд 49 хувийн рейтингтэй байна. Энэ гурван намыг дэмжиж байгаа хүмүүс Монголын нийгмийн 49 хувь нь л юм байна. Тэгвэл нөгөө 51 хувь яах юм бэ. ИЗНН, МҮАН болон бусад нам дээрх 51 хувийн тодорхой хувийг эзэлж байгаа байх. Ингээд хуулийг бага, багаар үгүйсгэж байна. Нөгөө 51 хувь цөөнх болоод байна шүү дээ. Ийм шударга бус зүйл рүү шилжих гээд байгаа учир би эсэргүүцэж байна. Хүмүүсийн саналыг шууд авч байгаа гэх нэрийдлээр өөрсдийгөө дархалж, нийгмийн тал хувийн саналыг хогийн сав руу хаях гэж байгааг эсэргүүцэж байгаа юм. Дэлхийн олон орон дээрх системүүдийг хослуулж байж хууль бус олон асуудлаа шийдэж чадсан. Харин манайхан бие, биенийгээ саналыг ингэж хулгайлж болохгүй. Үндсэн хуулийн цэц нь Монголын ардчилал, зөвшилцлийг устгах эв нэгдлийг бусниулах байгууллага болсон гэдгийг албан ёсоор хэлэх ёстой. Ер нь улс орныг том баг удирдана. Багийг сонгосноор нэгдмэл бодлогын ажлыг хэрэгжүүлэх боломжтой болно. ҮХЦ-ийн шийдвэрийг дэмжвэл Монголын хувь заяа үүрд ийм болно. Надтай адилхан М.Энхболд, Д.Лүндээжанцан гэх мэт нөхөд тойргоос сонгогдоно. Би ганцаараа сонгогдмооргүй байна. Залуу хүмүүстэй хамт УИХ-д суумаар байна шүү дээ. Шинэ хүмүүсийг УИХ-д оруулж ирмээр байна. Би халаагаа өгмөөр байна. Өгөхдөө парламентад нэг баг болж ажиллаж үзэл бодол нь үнэт зүйлтэй хүмүүсийг оруулмаар байна. Үзэл бодол нь тогтоогүй, үнэт зүйлгүй хүмүүс өнөөдөр УИХ-д орж ирж байна. Итгэл үнэмшилтэй биш мөнгөтэй хүн одоо сонгогдох гээд байна шүү дээ” гэсэн юм.
Д.ЖАРГАЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих