Н.Энхбаярыг хүчтэй явсан үеийг хүн бүр мэднэ. Өөрөө ч энэ бүгдийн үрийг тарьж намын, Бүлгийн дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албыг завсаргүй хашсан нэгэн. Гэхдээ коммунист орны жишгээр явдаггүй л юм бол ардчиллын үнэт зарчимтай дийлэнх улс оронд төрийн дээр нэг хүнийг удаан суулгаад байдаггүй бичигдээгүй хууль үйлчилдэг. Н.Энхбаяр ч улс төрийн оргил өөд өсөж, мацаж явахдаа энэ хуулийн дагуу шат өгсөж, эргээд халаагаа бусдад шилжүүлсэн. Яг л хааны алба халаатай гэдэг шиг. Гэвч улс төрийн замналаар бий болсон албан тушаалын хэнээгээ Н.Энхбаяр энэ удаад ч халахыг хүсэхгүй явна. Ирэх сонгууль, түүний дараагийн уур амьсгалд ч өөрийгөө улс төрийн гол тоглогч мэтээр төсөөлж, түүнийгээ хэрэгжүүлэхээр хичээж эхэллээ. Хачирхалтай нь, Н.Энхбаярын эрх мэдэлд хүрэхээр шулуудсан энэ удаагийн замнал бүр нь дүрэмгүй тоглолт руу хэлбийж, төр, засгийн үйл ажиллагаа төдийгүй улс төрийн уур амьсгалыг муухай харагдуулах гол шалтгаан болов. Нэг үгээр хэлбэл, Н.Энхбаяр эрх мэдэл, албан тушаалд хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй болсныг өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдал хангалттай харуулж байна.
Жишээ нь, төрийн өндөр албан тушаал бүрт дархлагдаж, хаан юм шиг явахдаа хуульгүй юм шиг аяглаж явсан тэрбээр албаа хүлээлгэж өгөөд удаагүй улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож, шүүхээс ял авсан нь тухайн үедээ шуугиан тарьж байв. Гэвч намдаа гомдогсдын бөөгнөрлөөр бий болсон МАХН-ыг шинээр байгуулсан тэрбээр түүгээрээ дамжуулж, Монголын төрд хүссэнээ хийж эхэлснийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид хангалттай харсан бас эгдүүцсэн. Саяхныг хүртэл "Сайд нарын II” хэмээх тодотголтой явж ирсэн, түүнд нь төр засгийн өндөр албан тушаалтнууд хэвтэн эмчүүлдэг асан Улсын II төв клиникийг хорих ангийн статустай болгох Н.Удвал сайдын шийдвэрийн ард намын дарга Н.Энхбаяр байсан нь нууц биш. Араас нь, Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас Н.Удвалыг нэр дэвшүүлж, өрсөлдөгч намаасаа санал хуваасных нь шанд Ц.Элбэгдорж улиран сонгогдсон даруйдаа уучлал үзүүлж байлаа шүү дээ. Мэдээж энэ нь Н.Энхбаярт хангалттай санагдаагүй юм. Харин ч чамлалттай байв.
Засагт хамтрах урилгыг МАН-д илгээх замаар Ч.Сайханбилэгийн танхимыг эмхэлсэн АН-ынхан ээлжит Засгийн газраа ой ч хүрээгүй байхад МАН-ын зургаан сайдыг явуулах шийдвэрийг гаргасан ч нэг л зүйл тэдний болгоомжлох сэдэв болж байсан нь саяхан. Тэр нь МАН-ын сайд нарын адилаар МАХН-ын төлөөлөл Засгийн газраас гарсан тохиолдолд Ч.Сайханбилэг унах нь тодорхой байсан юм. Харин Н.Энхбаяр үүнийг өөр ашигтайгаар эргүүлж, АН-ыг барьцаалж эхэлсэн нь Өршөөлийн хуулиар тодорсон. Тэр ч санасандаа хүрсэн, Өршөөлийн хуулийг УИХ-ын босго давуулсан даруйдаа баталсан, Н.Энхбаяр эх орондоо ирсэн билээ. Гагцхүү Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн зүгээс хориг ирэхийг урьдчилан тооцоолоогүй нь түүнийг зорилгодоо хүрэхэд томоохон хаалт болж, авлига албан тушаалын хэргийг энэ хуулиас гадуур үлдээсэн юм.
Үүнд эгдүүцсэн тэрбээр өөрөө Ч.Сайханбилэгийн танхимд орохоор хичээсэн ч Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичигт Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй, ашиг сонирхлын зөрчилтэй, авлигын хэрэгт сэжигтнээр татсан зэрэг үндэслэлээр Засгийн газрын босго давах боломжгүйг дурдсанаар АН-ынханд хуулиа дагахаас өөр сонголтыг үлдээгээгүй. Хачирхалтай нь, Н.Энхбаяр хэмээх эрхмийн хэмжээлэшгүй хүсэл өнөөдөр ч үргэлжилж байгаа нь МАН-тай хамтрах нэрийдлээр өөрийн ялтайд тооцох хугацааг хэрэгсэхгүй болгох УИХ-ын тогтоол батлах болзлыг АН-ынханд тулгаж эхэлснээр үргэлжилж байна. Хууль зүйн байнгын хороогоор сэм хэлэлцэж дэмжсэн уг тогтоолын төслийг нэгэнт гэрэл цохьсон болохоор удахгүй УИХ-ын чуулганы хуралдаанд оруулах нь тодорхой. Гэхдээ Н.Энхбаярыг эргэн ирэх замыг засахын тулд ийм тогтоолын төслийг батлах нь сонгуулийн өмнөх УИХ, ялангуяа АН-ынханд сөрөг оноо өгөх хэмжээний эрсдэлтэй алхам юм. Нөгөө талаас МАХН-ын даргын улс төрд өөрөө албан ёсоор эргэн ирэх сонирхол чөтгөртэй ч хамтрахад бэлэн хэмжээнд болтлоо булингартаж, буцлах болжээ. Эргэн ирэхийг хүсэмжлэх Н.Энхбаярын дүрэмгүй тоглолт цаашид ч улам барьцаа ахиулах болов уу.
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих