Саунд болсон яриа:
- Чи их дуугүй юм аа.
- Аан тийм ээ... /Өдөржин хүнтэй ярьдаг ажил хийдэг гэж хэлэлтэй биш тээн/
- .......
- Чи давхраа хийлгээч
- Үгүй, би давхраа хийлгэхгүй...
- Гоё харагдана шд...
- Би гоё харагдмааргүй байна...
- Эмэгтэй хүн өөртөө арчаатай байх хэрэгтэй шүү...
- Өө яах вэ, болоод л байдаг юм...
- Үгүйдээ хөмсөг шивүүлээч. Би нэг сайн газар мэднэ. Гэхдээ жаахан үнэтэй. Би хөмсөг, контур, уруулын хүрээ шивүүлсэн...
- Надад шивсэн хөмсөг хэрэггүй..
- Эмэгтэй хүн өөртөө мөнгө гаргах хэрэгтэй...
- Мөнгөтэй байсан ч хөмсөг шивүүлэхгүй...
...........
- Сонин хүүхэн бэ тээн.... /араас ярьсан яриа хальт сонсогдов/
Яг үнэндээ миний нүд надад таалагддаг. Давхраагүй ч гэсэн уужуухан аньсагатай, хачин сайн хараатай, тунгалаг тодхон өнгөтэй. Өөрийнхөө нүдийг гоо сайхны туйл гэх гэсэнгүй. Зүгээр л энэ миний нүд. Аавын нүдийг дуурайсан миний нүд. Одоохондоо зовхиндоо үрчлээгүй байна. Нас ахиад ганц нэг гүн тод үрчлээ суугаад ирэхээрээ бүр адилхан болно... Би аавыгаа санахаараа толинд өөрийгөө хардаг юм. Аавын нүд өөдөөс хардаг. Толинд би аавынхаа нүдтэй ярилцдаг... Би аавтайгаа ярилцдаг... Би нүдэндээ хайртай... Хөмсөгний тухайд бол огт байхгүй байсан ч үгүйлэгдэхээргүй эрхтэн билээ. Шивж зурах хэрэг юун. Ер нь бол миний хөмсөгний хэлбэр бас л аавынхтай адилхан. Арай шингэхэн бүдэг. Уруул минь ээжийнхтэй адилхан. Ерөнхий төрх минь миний хэзээ ч хараагүй, ганц ч зураг үлдээгүй эмээ минь болох аавын ээжтэй төстэй гэж хөгшчүүд хэлдэг юм... Би өөрийнхөө царайнд хайртай.
Үүнийг уншигч та одоо өөрийгөө толинд хараарай. Хайртай аав, ээж, эмээ, өвөө, элэнц, хуланцын тань төрх байна уу. Хүний хорвоод ирэхийн тань угтал нөхцөл, шалтгаан шалтаг, үндэс угсааны шинж тэмдэг толинд харагдаж байгаа биз. Магадгүй амьдарч өнгөрсний тань гэрч, жаргаж гуниж, уйлж инээж амьдарсны тань баталгаа үрчлээ нугалаа ч харагдаж мэдэх. Та энэ бүхнээ мэс заслын хутгаар огтлуулж, силикон тавиулж, татуулж оёулж, арилдаггүй бэхээр дээрээс нь зуруулахгүй биз дээ.
Өөрийнхөө царайг үгүйсгэнэ гэдэг өөрийгөө, өөрийнхөө угсаа гарвалыг, өөрийнхөө амьдралыг үгүйсгэнэ гэсэн үг билээ. Өөрийгөө битгий үгүйсгээрэй. Хэдэн мянган дамнасан удмын алтан хэлхээний тэмдэгтэй өөрийнхөө царай төрхийг битгий өөрчлөөрэй. Учир мэдэхгүй бага жаахан охиддоо байгаль эхийн бүтээл бүр өөр өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй гэж итгүүлээрэй.
Эх сурвалж: https://www.facebook.com/davaadulam.jamsranjav.1
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих