Амьдрал хэцүүдлээ, юмны үнэ тэнгэрт хадлаа гэсэн халаглал хаа сайгүй сонсогдох болж. Үнэхээр амьдрал ямар байгааг түмнийхээ дундаас мэдэхээр гэр хороолол тийш зүглэв. Иргэдийн амжиргааг үнэнд ойрхон багцаалж болохоор газар нь гэр хорооллын дэлгүүрүүд л дээ. Дорнод Их сургуулийн зүүн хойдох жижиг хүнсний дэлгүүрээр орлоо. Архи, тамхины зөвшөөрөлгүй дан хүнсний бүтээгдэхүүн борлуулдаг гэх. Хамгийн түрүүнд жижиглэж хуваасан масло нүдэнд туслаа. Ихэнх айлын хүнсний хэрэглээнд талх хамгийн чухал нь. Талхаа хачирлах масло ямар үнэтэйг сонирхвол кг нь 4500 төгрөг. Бүтэн бүү хэл хагас кг-аар авах хүн бараг байдаггүй учир ийн жижиглэн зарж байгаагаа худалдагч учирлав. 100 грамм нь 500 төгрөг гэдэг нь хямд санагдавч ийм хэмжээгээр авах хүн тун цөөн гэнэ. Нэг үгээр хэлбэл талхныхаа хольцыг иргэд хүчрэхгүй болжээ. Ганц масло гэлтгүй будаа, элсэн чихэр, хуурай сүүг жижиглэнгээр зарж байна. Олон хүүхэдтэй айлд бол аманд ч үгүй хамарт үгүй л хэрэг. Энэ дэлгүүр Дорнод их сургуульд ойрхон учир оюутнууд олноор үйлчүүлдэг юм байна. Тэднийг мөнгөө нийлүүлж байгаад талх авдаг гэж худалдагч хуучлав. Лангууны цаахна хэд хэдэн ухаалаг утас тавиатай харагдана. Учрыг асуувал "оюутнууд идэх юм зээлээр авахдаа барьцаалж үлдээгээд явдаг” гэх. Өдөрт дээд тал нь 15-20 мянган төгрөгийн орлого олж байгаагаа ч нуугаагүй. Цэвэр ашиг биш шүү. Сүүлийн үед үнэ ахиутай "тансаг” хүнсийг хүмүүс авахаа больсон гэж байлаа. Тэр ч байтугай төмс, сонгиныг өдөр бүр ширхэг ширхэгээр авдаг айл ч байдаг гэж ярих. Энэ дэлгүүр хорооллын бусад дэлгүүрүүдийг бодвол төвдөө ойр учир бараа нь арай хямд гэлцдэг. Тэндээс гараад хамгийн зайдуу буюу уурхайн хар замын зүүн талын хүнсний нэгэн дэлгүүрээр орлоо. Өмнөхийг бодвол бараа ихтэй 8 нэрийн дэлгүүр аж. Бас л маслыг жижиглэнгээр зарж байна. Үнийн хувьд 50 төгрөгийн илүүтэйгээр. Өдөрт 20-30 талх авдаг ихэнх нь зарагддаг гэнэ. Түрүүчийн дэлгүүрийн худалдагчийн адил үгийг хэлж байсан. Энэ дэлгүүрийн хувьд архи согтууруулах ундаа, тамхи дажгүй борлогддог гэнэ шүү. Бөөнөөр нь буюу олон төрлийн зүйл авах нь илт багасчээ. Энэ нь Е баримттай холбоотой гэнэ. Баримт авч сугалаанд оролцохын тулд супермаркетуудаар үйлчүүлэх сонирхол иргэдэд бий болжээ. Жижиг дэлгүүрүүд баримт гаргадаг машиныг нь авч хүчрэхгүй байгаагаас ийм байдал орж байна гэдгийг ярьж байсан. Хорооллын хэд хэдэн хүнсний дэлгүүрүүд хаалгаа барьсан гэж сонслоо. Тэндээс би 4-р баг буюу Зангиатын хүнсний дэлгүүрээр оров. Дээрх дэлгүүрүүдээс онцлог нь эднийх мах зардаг юм байна. Үнийг нь сонирхвол хонины мах кг нь 4500 төг. Энэ нь махны захаас хамаагүй хямд үнэ л дээ. Зах дээрх хонины махны үнэ 6500. Яагаад хямд зарж байгааг асуувал "бид өөрсдөө малтай. Хөдөөнөөсөө авчирч ченжийн гар дамжуулалгүй зарж байгаа юм” гэлээ. Тэгэхээр манай махны ченжүүд малчдаас авсан үнэн дээрээ дорж хаяж 2500 төгрөг нэмж "дамладаг” бололтой. Намайг энэ тэрхний үнийг сонирхох зуур хижээл насны эмэгтэй махны үнэ асууснаа хямд санагдсан уу яасан нэг кг мах авав. Намайг уг дэлгүүрт 20 орчим минут зогсоход гуравхан хүн л үйлчүүлнэ лээ. Тэд олигтой юм авсангүй, талх печеньхэн аваад гарсан. Худалдагчаас худалдан авалт хэр байна гэж асуухад "Өө, их муудсан. Манайхыг энэ хавийнхан андахгүй, бид ч хүнээ таньдаг болохоор зээлээр голдуу өгдөг. Цалин мөнгө нь буухаар тооцоогоо хийдэг” гэв. "Хар” дэвтэр бололтой урт нэрсийн жагсаалт харагдана. Сонирхож өнгийвөөс Д- 10000, Т- 25000, Б-3000 гэхчлэн тэмдэглэл дурайх. Дэлгүүрийн гадна 7-р багийн нэгэн иргэнтэй үг солилоо. Эднийх ам бүл зургуул. Гурван хүүхэдтэй. Нөхөр, эхнэр хоёул ажилгүй. Гурван хүүхдийн 60 мянган төгрөгийн орлоготой. /нэг хүүхдэд сард 20000 төгрөг засгаас олгодог/. Айл амьтны аар саархан ажил хийж хэд гурван төгрөг олж хоногийн хоолоо л арай ядан залгуулдаг тухайгаа ярьж байна. Сүүлийн хэдэн жил махыг граммлаж, ихэвчлэн гэдэс цувдайхнаар хоол хийдэг гэх. Гэрэл цахилгааны үнэ дээр нь ДБЭХС 2000 төгрөг нэмж бичээд байх юм. Ямар учиртай юм бол. Суурь үнэ гэсэн байсан ядаж үүнийгээ больж болдоггүй юм уу гэнэ. Магадгүй заримд нь 2000 төгрөг "жижигхэн” сонсогдох байх л даа. Гэвч энэ хүнд бол "их” мөнгө, "том” асуудал болоод байна.
Амралтын нэг өдрийн сурвалжлагаа ямар нэгэн нэмэр хачиргүйгээр тэрэллээ. 60 сая малтай, асар их байгалийн баялагтай 3-хан сая ард түмний минь амьдрал нэг иймэрхүү л байна даа.
Н.Мөнхсайхан dfact.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих