1939-1952 он хүртэлх 13 жил Монгол Улсын Ерөнхий сайдаар тасралтгүй
ажилласан Х.Чойбалсанг Монголын ард түмэн харааж зүхэхээсээ хайрлах нь
илүү юм шиг санагддаг. Мэдээж хэрэг тэрбээр улс төрийн амьдралдаа нам,
төрөөс хүлээлгэсэн их хариуцлага, үүрэг даалгаврыг биелүүлэхийн төлөө
хүчин зүтгэж, тэмцэж ирэхдээ бусад улстөрийн зүтгэлтнүүдийн адил алдаа,
эндэгдэл гаргаж байсныг үгүйсгэх аргагүй юм.
Түүнийг
Монголын ард түмэн өрлөг жанжин хэмээн хайрлан хүндэлдэг байсан нь
учиртай. Учир нь тэрээр 1921 оны ардын хувьсгал, 1937 оны Халх голын,
1945 оны чөлөөлөх гэсэн гурван том дайнд өөрийн биеэр оролцсон цорын
ганц төр, цэргийн томоохон зүтгэлтэн юм. Эрх чөлөө, тусгаар тогтнолын
үнэ цэнийг тэр хэнээс ч илүү мэднэ. "Халх голын ялалт нь Монгол
Улсын түүхэнд алтан үсгээр бичигдэх ёстой. Хэрэв улаан арми туслаагүй
бол манай орон тусгаар тогтносон бүрэн эрхт улс байж чадахгүй байсан"
хэмээн Маршал Х.Чойбалсан онцлон тэмдэглэж хэлсэн нь бий. Энэ бол их
учиртай үг юм. Хэдийгээр бид 1911, 1921 онд тусгаар тогтнолоо зарлан
тунхагласан хэдий ч үнэн хэрэгтээ Оросоос өөр орон манай улсыг албан
ёсоор хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Орос ч үнэндээ ёс төдий л байсан юм.
Их гүрний шууд зааварчилга, улс орноо авч үлдэх гэсэн хүнд хэцүү
зөрчилтэй цаг үед П.Гэндэн, А.Амар, Х.Чойбалсан нар улс орноо удирдаж
байж дээ гэж бодогддог. Маршал Х.Чойбалсан Монгол улсын тусгаар
тогтнолыг бүрэн баталгаажуулах, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэх,
Орос улстай ойр дотно нөхөрлөх гэсэн 3 зүйлийг жанжин шугамаа болгодог
байжээ. Харин П.Гэндэн угийн шаралхуу зангаар И.Сталинтэй тэрсэлдэж
байгаад "дууссан" бол Х.Чойбалсан И.Сталины арга эвийг олж, ойр байсны
хүчинд улс орон, ард түмний аж амьдралтай холбоотой олон асуудлыг
шийдвэрлүүлж, бүр тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх ажлыг хийж
чадсан байдаг. Энэ нь түүнийг ямархан холч ухаантай удирдагч байсныг
гэрчилнэ.
Халх голын болон чөлөөлөх дайнд МАХЦ, Зөвлөлтийн улаан
армитай мөр зэрэгцэн тулалдаж ялалт байгуулах нь тусгаар тогтнолоо
баталгаажуулах, хүлээн зөвшөөрүүлэх стратегийн чухал ач холбогдолтой
дайн байв. И.Сталин Ялтын хэлэлцээрийн үед БНМАУ-ын статус квог /тусгаар
тогтнол/ одоогийн байгаа хэвээр нь байлгах тухай асуудлыг японтой хийх
дайнд орох болзлын нэг болгон Англи, АНУ-ын тэргүүнүүдэд тавьж,
тохиролцжээ. Энэ нь АНУ, Англи анх удаа Монгол Улсын тусгаар тогтнолыг
зөвшөөрөн нотлоход дэмжлэг үзүүлсэн нааштай чухал алхам болсон юм.
Зөвхөн энэ асуудлаар АНУ-ын дэд ерөнхийлөгч Г.А.Уолес 1944 онд Монголд
айлчилсан байдаг. Ялтын бага хурлын өмнө алс Дорнодын байдалтай
танилцаж, Японд дайн зарлах, Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн
зөвшөөрөх асуудалтай холбоотой америкийн байр суурийг тодорхойлох
бэлтгэлтэй холбоотой айлчлал байсан гэдэг нь ойлгомжтой. Х.Чойбалсан
тэргүүтэй удирдлагууд энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглаж Америкийн
төрийн далбаа мандуулсан найман ханатай гэрт ноён Г.А.Уолестийг
хүндэтгэн хүлээн авч, маршал өөрөө улс орныхоо талаар мэдээлэл хийж,
сонирхсон асуултад хариулж ярилцжээ. Маршал энэ үеэр Г.А.Уолест
хангалттай сэтгэгдэл төрүүлсэн бололтой. Тэрээр нутагтаа буцаж очоод,
ерөнхийлөгч Ф.Рузвельтед бичсэн илтгэлдээ "Гадаад монголд... ЗХУ-ын
нөлөө хүчтэй байгаа ч улс төр, засаг захиргааны эрх мэдэл, хяналт нь
чадварлаг монголчуудын гарт байна. Монголыг өөртөө нэгтгэж, нэгдмэл
улсыг эхнээс нь сэргээх гэсэн хятадын аливаа бодлого, санаа биелэшгүй юм
байна" гэсэн дүгнэлт хийсэн байдаг.
Монголын тусгаар тогтносон
бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийг Дундад иргэн улсын
Засгийн газарт мэдэгдэхийг АНУ-ын ерөнхийлөгч Ф.Рузвельт санал болгожээ.
Москвад болсон нэгэн хэлэлцээр дээр Гадаад Монголын тусгаар тогтнолыг
Хятад улс хүлээн зөвшөөрч чадахгүй гэсэнд, Сталин Ялтын бага хурлын
шийдвэрийг үндэслэн тэдний байр суурийг няцааж, хэрэв Хятад улс БНМАУ-ын
тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй бол Японтой байлдах үүргээ
биелүүлэхэд бэрх болно гэж хатуухан тулгалт хийж байжээ.
Тэгсний дараа
хятадууд энэ асуудлаар Чан Кайшийн зааврыг хүлээхэээр хэлэлцээрийг түр
хойшлуулж байв. Энэ завсар уг асуудлаар БНМАУ-ын Засгийн газарт мэдээлэл
хийж, зөвшилцөхөөр ЗХУ-ын Засгийн газар Х.Чойбалсанг Москвад хүрэлцэн
ирэхийг урьсан бөгөөд энэ тухай Маршалын комиссар байсан ахмад дипломатч
П.Шагдарсүрэн "Маршал 1945 оны долдугаар сарын 4-нд Москвад хүрэлцэн
очиход түүнд, улс гүрний Засгийн газрын тэргүүнд үзүүлдэг албан ёсны
хүндэтгэл үзүүлж, онгоцны буудлыг хоёр улсын туг, далбаагаар чимэглэж,
төрийн дуулал, цэргийн хүндэт харуулаар угтаж авсан.
Урьд жил нь
Маршалыг дагалдан Москвад албан хэргээр очиж байхад тийнхүү ёслон угтаж
байгаагүй бөгөөд энэ удаа түүнийг төрийн хүндэтгэлтэйгээр угтаж, үдэж
байгаа ёслолын журмыг миний бие ихэд сонирхон ажиглаж билээ" хэмээн
дурсссан байдаг. Маршалыг ийнхүү дээд хэмжээнд хүлээн авсан нь ЗХУ-ын
Засгийн газар БНМАУ-ыг тусгаар тогтносон, бүрэн улс гэж үздэгээ,
угталцсан гадаадын дипломатууд, сурвалжлагчдад харуулах улс төрийн
сонирхолтой байсныг гэрчилж байгаа юм. Үнэндээ дэлхийн ll дайнд Орос ах
нар ялснааар тэд манай улсын бүрэн эрхт тусгаар тогтносон байдлыг олон
улсын хэмжээнд баталгаажуулах асуудлыг анхлан санаачилж, 1945 оны
хоёрдугаар сард Ялтад болсон Холбоотон гүрнүүдийн тэргүүн нарын бага
хуралд хэлэлцүүлж, одоогийн байгаа хилээр хүлээн зөвшөөрүүлэхэд
шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн нь маргашгүй үнэн билээ.
АНУ, Их
Британи улс ч ЗХУ-ын цэргийн хүчээр японы милитаризмийг дарж авах гэсэн
стратегийн ашиг сонирхлынхоо үүднээс БНМАУ-ын тусгаар тогтнол /статус
кво/-г хүлээн зөвшөөрөхөд дэмжлэг, нөлөө болсон. Түүнээс гадна манай
өмнөд их хөрш Хятад улсын эрх баригчид Монгол Улсын талаар олон жил
баримталж ирсэн бодлогоо өөрчлөхөөс аргагүй байдалд хүрч, БНМАУ-ын
тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь Х.Чойбалсангийн хувьд маш чухал
ялалт байлаа. 1945 оны наймдугаар сард ЗХУ-ын Засгийн газар БНМАУ-ын
тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх асуудлаар Хятадын Засгийн газартай
хэлэлцээ хийж тохирсоны үндсэн дээр харилцан нот бичиг солилцсоноор
монгол-хятадын хооронд хэвийн харилцаа эхэлсэн түүхтэй.
Гэвч Дундад
иргэн улсын засгийн газар өөрийн нот бичигтээ "Гадаад Монголын ард түмэн
тусгаар тогтнохыг удаа дараа хүсч эрмэлзсэн учир Дундад Улсын засгийн
газар японыг дарсаны дараа Гадаад Монголын ард түмэн нийтийн хүсэл
эрмэлзлээ нотлох ахул, Дундад Улсын засгийн газар Гадаад Монголын
тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр хүлээн зөвшөөрч байна" гэх
мэтээр дурдсан байжээ. Энэ нь Монголын ард түмний хувьд шаардлагагүй,
утгагүй зүйл мэт авч, улс төрийн ач холбогдлыг бодож, манай Засгийн
газар 1945 оны аравдугаар сард ард түмээсээ санал асуужээ. Мэдээж хэрэг
Монголын ард түмэн "Бид Хятад үгүй тусгаар тогтносон Монгол Улсын
харьяат болж орон нутгаа та бүхний нэгэн адил тэмцэж хамгаална" хэмээн
тусгаар тогтнолынхоо төлөө 100 хувь саналаа өгөв. Санал хураалтыг хэд
хэдэн орны ажиглагчид ажиглахаар ирсэн бөгөөд тэдний дотор Хятадын албан
ёсны төлөөлөгчид итгэн үнэмшиж, өөрийн Засгийн газартаа уламжилсан
байдаг юм.
Ийнхүү 1945 оны аравдугаар сарын 20-ний өдөр Монголын
ард түмэн дэлхий дахинаа өөрийн тусгаар тогтнолыг баталсан түүхэн үйл
явдал болжээ. Хятадын Засгийн газар БНМАУ-ын тусгаар тогтнолыг албан
ёсоор хүлээн зөвшөөрч, 1946 оны хоёрдугаар сарын 13-нд хоёр улсын
хооронд дипломат харилцаа тогтоох нот бичгийг солилцов. Удалгүй 1949 оны
аравдугаар сарын 1-нд хятад оронд үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж,
БНХАУ-ыг тунхагласан бөгөөд Маршал Х.Чойбалсан БНХАУ-ын ерөнхий сайд,
ГЯЯ-ны сайд Жоу Энь Лайд нот бичиг илгээж, БНХАУ-ын төв засгийн газраас
гаргасан тунхаг бичигт баяр хүргэж, тусгаар тогтносон, эрх чөлөөт,
ардчилсан Хятад ард улс, түүний бүх ард түмэнд амжилтыг хүссэн ерөөж
байв. Түүний хариуд Жоу Энь Лай хариу талархал ирүүлсэн нот бичигтээ
"Гоминданы хятадын эрх баригчид хятадын ард түмнийг зовоож байсан шигээ
Монголын ард түмнийг заналхийлж байв.
Хятад, Монголын ард түмний
найрамдалд элдвээр саад тавьж байсан тэр цаг эцэс болов" хэмээн
тэмдэглэсэн байдаг. Ташрамд сонирхуулахад, Чөлөөлөх дайны үед
Маршалын нэр дээр Өвөрлөгч хошууны олон ноёд, сүм хийдийн тэргүүн лам
нараас Өвөр монголын газар нутаг, хүн ардыг японы боолчлолоос чөлөөлж
өгсөнд талархсан захидал ирүүлж, уугуул монголчуудтай нэгдэх саналаа
илэрхийлж байсан байдаг. Тэр үед Мао Зэ Дун "Хятадын дотоодын байдал
хүнд, хувьсгал тэмцэл бүрэн ялж чадаагүй байгааг харгалзан Хятадын
чөлөөлөгдсөн район, ялангуяа Өвөрмонголын газар нутаг нь Хятадын
чөлөөлөх армийн ялалтад асар их ач холбогдолтой ар тал болж байгааг
анхаарч, БНМАУ-аас монголчуудын нэгдэн нийлэх талаар бодлогоо харж,
үзэж, одоогоор хөндөхгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт
ойлгуулж өгөх"-ийг И.Сталинаас гуйж байсан байдаг. Энэ тухай ч И.Сталин
Х.Чойбалсанд дуулгаж байжээ. Хятадад хувьсгал ялж БНХАУ байгуулагдсаны
дараа Мао Өвөрмонголыг Хятадын автономит улс болгосон. Түүгээр зогсохгүй
Мао Зэ Дун Хятад улсын дарга болчихоод ЗХУ-д анх удаа айлчилж,
Сталинтай уулзахдаа, Чан Кай Ши Гадаад монголын тусгаар тогтнолыг хүлээн
зөвшөөрсөн, Өвөр монгол, Гадаад Монгол хоёрын хооронд байгуулсан бүх
гэрээ хэлэлцээрийг Хятад зөвшөөрөхгүй гэдгээ нэг биш удаа хэлж байсан
байдаг юм.
1944 онд Б.Жамбалдорж, 1950 онд Д.Төмөр-Очир нар Монгол
улсыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтан орох нь зүйтэй гэсэн санал гаргаж
байсан бөгөөд хачирхалтай нь Ю.Цэдэнбал тэдний саналыг дэмжиж Маршалд
ойлгуулахыг оролдож, түүнд зэмлүүлж бйсан удаатай. Харин Х.Чойбалсан
БНМАУ хоёр их улсын алинтай ч нэгдэн нийлэх ёсгүй гэдэг дээр хатуу
зогсож байв. Түүнийг Москвад эцсийн амьсгалаа хураахад Монголын ард
түмэн эмгэнэн гашуудаж цагаан сарын идээ будаагаа хурааж байсан ард
түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн байлаа. Ардын намын анхны
долоогийн нэг Хорлоогийн Чойбалсан ийнхүү нөхдийнхөө эхлүүлсэн ариун үйл
хэрэг, захиасыг биелүүлж монгол хүн бүрийн хүсэн мөрөөдөж байсан Бүрэн
эрхт, тусгаар тогтносон БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС-ыг бидэнд
үлдээгээд тэнгэрийн орондоо заларсан гашуун бөгөөд үнэн түүх энэ
юм.
Г.Нэргүй
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1657
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих