Монголын малын тоо өсөж, энэ жил бараг 8400 тонн ноолуур авах төлөвтэй гэж буй. Гэвч үүнээс багахан хэсгийг нь л дотоодын үйлдвэрлэгчид худалдан авах чадалтай аж. Жил бүрийн гуравдугаар сарын 20-доор ноолуур бэлтгэж эхэлдэг. Үүний дагуу зарим аймагт энэ ажил өрнөж байна. Гагцхүү Монгол Улс ноолуурынхаа дийлэнхийг алдаад дуусаж буй гэж салбарын мэргэжилтнүүд гомдоллож байна. Манайхан мөнгөгүй болсон тул урд хөршийн наймаачид өмнөх жилүүдээс нэмэгдэн, мөнгөөр цохин ноолуур авах болсон гэнэ.
Манай улс 2014 онд 4035.4 тонн угаасан ноолуурыг 223.8 сая ам.доллароор экспортолж байжээ. Мөн 636.6 тонн самнасан ноолуурыг 61.9 сая "ногоон”-оор нийлүүлснийг Монголын гаалийн цахим хуудсанд тэмдэглэжээ. Ер нь ноолуураас улсад жилд бараг 300 сая ам.долларын орлого төвлөрүүлдгийн 10 гаруй хувийг л бэлэн бүтээгдэхүүн худалдаж олдог байна. Тэгвэл энэ жилийн тухайд дээрх хувь улам л багасах нь.
Монголын компаниуд түүхий эд авах мөнгөгүй болсныг Монголын ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу ярилаа. Тэрбээр "Зээл аваад хятадуудтай өрсөлдье гэхээр банкны хүү жилийн 20 гаруй хувь байгаа. Ашгаасаа давсан зээл авбал компаниуд дампуурна” гэж тайлбарлав. Өмнөх жилүүдээс бараг хоёр дахин олон хятадууд ноолуур худалдан авахаар орж иржээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь ирж, манайд наймаа хийж байгаагүй, шинэ худалдан авагч нар нэмэгдсэн байна.
Энэ талаар Г.Ёндонсамбуу "Манайхны ярьж байгаагаар энэ жил "Монголоос ноолуур ав гэж” улсаас нь (Хятад) хүүгүй зээл өгсөн гэнэ. Уг нь Хятад ноолуурын үлдэгдэл ихтэй байсан. Энэ жил бидний төсөөлснөөс олон худалдан авагч орж ирээд байна. Тэр хэрээр монголчуудын авах түүхий эд эрс багасна. Дотоодын компаниудын худалдан авах чадвар муу байгаа. Ялангуяа жижиг үйлдвэрүүдэд бүр хүнд тусах нь” хэмээн өгүүлсэн юм. Монголын ноос, ноолуурын холбооныхны мэдээлснээр дотоодын ноолуурын 90 хувийг хятадууд худалдан авдаг гэсэн ч энэ жил үүнээс нэмэгдэхийг үгүйсгэхгүй бололтой.
Дотоодын зах зээл муудаж, иргэдийн худалдан авах чадвар буурсан нь ноолуурын бизнес эрхлэгчдэд сөргөөр нөлөөлж буй. Жил бүрийн арваннэгдүгээр сард ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үзэсгэлэн худалдаагаар 150 орчим сая төгрөгийн борлуулалт хийдэг байсан бол 2015 онд дээрх тоо 30-40 сая төгрөг болж багасчээ. Бас өнгөрсөн онд гадаадын жуулчдын тоо цөөрсөн нь үүнд нөлөөлсөн нь тодорхой.
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих