Эртний ертөнцийн хамгийн гайхамшигт соёл иргэншлийн нэг болох майячуудын эзэнт улс чухам ямар шалтгаанаар бууран доройтож, яаж сүйдэж мөхсөн нь тэр цагаас хойш түүхийн тайлагдашгүй нууцын нэг гэгдэх болсон юм. Харин энэ нууцыг археологчид ердөө саяхнаас л тайлж эхлээд байна.
Майя үндэстэн угтаа харийн түрэмгийллийг тэсэж гараад зогсохгүй европ захирагчдаа эсэргүүцэн удаа дараа цэрэглэн боссон байдаг. Гагцхүү нэгэн цагт сая сая хүн аж төрж асан хот суурингууд нь испаничуудыг халдаар ирэх үед аль хэдийнэ эзгүйрч, эл хуль болоод байсан нь хачирхалтай.
Майячуудын анхны хотууд нийтийн тооллын өмнөх нэгдүгээр мянганд баригдаж, энэ тооллын 600-гаад оны үед хөгжил цэцэглэлтийнхээ оргилд хүрчээ. (Месоамерикийн цаг тооны бичигт Майягийн соёл иргэншил Олмекийн түрүү, Ацтекийн хожуу үеийн завсар зайд хамаардаг.) Археологичид эртний майячуудын барьсан хэдэн мянган байгууламжийн туурь балгасыг олсноос нэлээд нь өнөөгийн Мексикийн Юкатаны хойг, Белиз, Гватемалын нутгаас илэрчээ. Төв Америкийн өтгөн ой ширэнгийн гүнд мөн тооны түүхэн ул мөр өнөө ч нуугдан буйг үгүйсгэх аргагүй юм.
Хоёр зуун жилийн археологийн судалгаа, шинжилгээний дүнд өнөөгийн бид майячуудын талаар тэднийг гайхаж бишрэх хэмжээнд хүртэл хангалттай ихийг мэднэ. Уран барилга, дүрслэх урлагийн бүтээлүүдийг нь харах төдийд л тэд гойд уран, гарын дүйтэй улс байсан нь илэрхий байдаг.
Тэд мөн оюуны асар баялаг өвтэй, тооны болон одон орон судлалын ухаанд нэвтэрхий байсан агаад сац суварга, сүм хийдүүдээ гариг эрхэс, од мичдийн хөдөлгөөнд тулгуурлан барьдаг байв. Басхүү Месоамерикаас олдсон, одоогоор мэдэгдээд буй цорын ганц бичиг үсгийг зохиосон түмэн бол майячууд билээ. Тэдэнтэй холбоотой юм бүхэн өнөө ч нууцлаг, ер бусын санагдана. Харин эзэнт гүрнийх нь төгсгөл үе түүхийнх нь бүхий л үе мөчлөгөөс илүү сонирхолтойн дээр нууцаар дүүрэн юм.
Олон зуун жил мандан бадарч, бүс нутгийнхаа тэргүүлэх гүрэн байсан Майягийн улс манай эриний 850-иад оноос уруудаж, ард иргэд нь цэцэглэн хөгжөөд байсан хот суурингуудаа орхин, дүрвэж эхэлжээ. Үүнээс ердөө 200-хан жилийн дараа гэхэд майячуудын улсаас ердөө хэсэгхэн газар нь л урьдын сэргэн мандлынх нь ул мөрийг хадгалж үлдсэн байлаа. Энэхүү мөхөл сөнөл нь юунаас болсон талаар эрдэмтэд маш олон таамаг дэвшүүлдэг. Харин Төв Америкийн уур амьсгалын түүхийг анх удаа нарийвчлан судалсан 1990-ээд оноос хойш харийн эзлэн түрэмгийлэл, иргэний дайн, худалдааны гол замуудын хаагдал, байгалийн гэнэтийн гамшиг зэрэг "уламжлалт” таамгууд нь бодитой, үнэмшилтэй байхаа больжээ. Өдгөө Майягийн соёл иргэншил уур амьсгалын өөрчлөлтөөс болж мөхсөн гэсэн таамаг, судалгаа хамгийн үнэний ортой гэгдэж байна.
Майячуудын бууран доройтохын өмнөх хэдэн зуун жил буюу энэ тооллын 250-800 оныг Месоамерикийн түүхэнд Сонгодог эрин хэмээдэг нь таатай уур амьсгалын нөлөөгөөр ургац арвин байж, хот суурингууд олноороо байгуулагдсантай холбоотой юм. Тухайн үеийн уур амьсгалын хувирал, өөрчлөлтийн ул мөрийг хадгалж үлдсэн хад чулууны үе давхаргыг шинжихэд ч чухам тэр он жилүүдэд Майягийн улсад хур бороо элбэг байсан нь харагддаг. Харин 820-иод оноос бараг зуун жил үргэлжилсэн их ган гачиг эхэлж, нутгийн зарим хэсэгт бүр хэдэн арван жил хур тунадас ороогүй байна.
Энэ нь Майягийн түрүү үеийн сэргэн мандалтын үед баригдсан сонгодог хотуудын олонх нь эзэнгүйдэж сүйдсэн гэх 850-925 оны түүхэн мөчлөгтэй давхцаж байгаа юм. Гэхдээ IX зуунд нүүрлэсэн байгалийн энэхүү гэнэтийн өөрчлөлт Майягийн соёл иргэншлийг нэг мөр доройтуулсан уу гэвэл үгүй. Өнөөгийн Гватемал, Белизийн нутагт хамаарах Майягийн улсын өмнөд хагас олон жилийн ган гачгаас болж хоосорч үгүйрсэн хэдий ч хойд зүгт, одоогийн Юкатаны хойг орчим дахь умард хэсэг нь сүйдэх нь бүү хэл, харин ч улам бүр цэцэглэн хөгжсөн байх юм. Майягийн хойд нутгийн гол хотууд, түүн дотор дэлхийн шинэ долоон гайхамшгийн нэгээр тодорсон Чичен Ица хот хүртэл энэ үед байгуулагджээ. Энэ нь Майягийн улс зөвхөн ган гачгаас болж мөхсөн гэж үзэх нь дэндүү хялбар тайлбар болохыг харуулна.
Уур амьсгалын өөрчлөлт юуны учир нэг нутгийн хоёр хэсэгт өөр өөрөөр нөлөөлөв гэдэг нь тун сонирхолтой. Археологичид майячуудын он тооллыг одоо ч нарийвчлан гаргаж чадахгүй байгаа нь энэ нууцыг тайлахад бүр ч бэрх болгодог. Нэгэн цагт хэдэн мянгаар тоологдож байсан майячуудын бичгийн сурвалжаас ердөө дөрөвхөн нь л бидний үед хүрсэн бөгөөд бусдыг нь испаничууд католик санваартнуудынхаа заавраар шатаажээ. Тиймээс судлаачид түүхэн баттай эх сурвалж гэхээсээ эртний хөшөө дурсгал дээрх бичээс, гар урлалын элдэв бүтээлийн хийц, загвар зэргээс Майягийн хотуудын он тооллыг багцаалж баримжаалдаг юм.
Эрдэмтэд чухамдаа ийм аргаар Майягийн хойд хэсгийн хотууд IX зууны их ган гачгийг хохирол багатай давсныг тогтоожээ. Харин нутгийн хоёр хэсэгт ган гачгийн ул мөрийг тус тусдаа шинжилсэн Их Британи, АНУ-ын эрдэмтдийн олон арван судалгааны дүнг ердөө өнгөрсөн арванхоёрдугаар сард л анх удаа нэгтгэж үзсэн байна. Түүнээс харахад Майягийн хойд хагас хэдийгээр өмнөд хэсэгтэй нь харьцуулахад байгалийн гамшигт хавьгүй бага нэрвэгдсэн ч одоогоор батлагдаад байгаагаар лавтай хоёр ч ган гачгийн дайрлагад өртсөн байх юм. Тус бүс нутаг дахь тэмдэглэл, бичээс бүхий хөшөө, чулуунууд IX зууны сүүл хагаст бараг 70 хувиар цөөрсөн бол энэ үед хамаарах модон байгууламжуудын ул мөр бусад үеийн модон байшин барилгынхтай харьцуулахад бараг 50 хувь бага байдаг байна. Энэ нь Майягийн эзэнт улсын өмнөд хэсэгт их хотууд сүйдэх үед хойд этгээдэд нь соёл иргэншил цэцэглэж байсан нь үнэн ч гай гамшгаас тэгтэл ангид байж, бүрнээ хамгаалагдаагүйг гэрчилнэ. Майягийн хойд нутгийг ниргэсэн хоёр дахь ган гачиг өмнөхөөс нь ердөө 100 гаруйхан жилийн дараа буюу X зуунд тохиосныг 1000-1075 онд барилга байгууламж, чулуун хөшөө, дурсгалуудын тоо мөн дээрхийн адил цөөрснөөс харж болно. Харин энэхүү хоёр дахь ган Майягийн өмнөд хагаст бүр ч илүү гамшиг дагуулж, бараг 2000 жилд үзэгдээгүй "их ган” гэгджээ.
IX зууны ган гачиг өмнөд майячуудыг туйлдуулж, хот суурингуудыг нь эзгүйрүүлсэн бол X зууных нь хойд майячуудыг доройтуулсан нь баттай юм. Сүүлийн их ган гачгийн дараа майячууд эзэнт гүрний хувиар дахин сэхэл аваагүй нь ч одоо нэгэнт маргаангүй болжээ. Хойд нутагт нь хэд хэдэн хот шинээр байгуулагдаж, XIII-XV зуунд хэрдээ мандсан хэдий ч нэг нь ч хуучны сонгодог хотуудынх нь зэрэгт хүрсэнгүй. Тэгэхээр хоёр ч их гангийн дараах XI зуун бол олон талаараа Майягийн соёл иргэншлийн гэрэл гэгээ сүүлчийн удаа гийсэн эрин байлаа. Нутгийн хоёр хэсэгт байгалийн гамшиг өөр өөр ул мөр үлдээсэн нь Майягийн мөхлийн талаархи таамаг, онолыг илүү ярвигтай, ээдрээтэй болгоно.
Археологичдын дэвшүүлж буй шинэ таамгаар бол ган гачгаас болж ургац буурч, өлсгөлөн газар авсан нь эзэнт гүрэн мөхөхийн ердөө нэгээхэн шалтгаан байж. Бүр IX зууны эхээр нүүрлэсэн хур бороогүй он жилүүдээс ч өмнө өмнөд, умардын майячуудын дунд хагарал, тэмцэл байсан агаад гангаас болж хоол хүнс хомсдож, ажлын хүч багассан нь талцал, дайсагналыг улам дэвэргэсэн байна. Хоёр дахь их ган буюу X зуунд тохиосон гамшгийн дараа хот суурингуудаа алдсан өмнөдийнхөн хойш нүүдэллэсэн нь ямар ч их гүрний түүхэнд нэг бус байдаг эрх баригчдаа эсэргүүцсэн ардын тэмцэл биш гэхэд, аж амьдралынхаа төлөө тэмцэлдсэн энгийн иргэдийн дундах эмх замбараагүй байдлыг өдөөсөн нь дамжиггүй.
Майячуудыг мөхөлд хүргэсэн байх магадлалтай, ямар нэг бослого тэмцэлтэй холбоогүй өөр нэг сонирхолтой тайлбар бас бий. Майячуудын эв эегүй байдлаас илүү авьяас билэг, урлан бүтээх ухаан нь тэднийг мөхөөсөн байх талтай юм. Тэд аливааг дүрслэн бүтээж, барьж байгуулахдаа гаргууд байснаас гадна цагийн өөрчлөлтийг мэдэрч, хот суурингаа урьдаас төлөвлөдөг алсын хараатай, чадварлаг инженерүүд байлаа. Сая сая хүнээ тэжээхийн тулд Майягийн эрхтэн дархтанууд олон арван км үргэлжлэх урт суваг шуудуу татаж, нутгийн төв хэсэгт байсан намгархаг газрын усыг сорох, түүнийгээ хатаан тариа буудай тарих өргөн далайцтай ажил өрнүүлж байсан баримт бий. Мөн тариалангийн талбай бий болгохын тулд, эсвээс хот суурин шинээр барих гэж их хэмжээний ойг сүйтгэж, тал хөндий болгожээ. Энэ нь хожмоо хэдэнтээ нүүрлэсэн ган гачгийн сөрөг үр дагаврыг нэмэгдүүлж, майячуудыг байгалийн өмнө улам хүчгүйдүүлсэн байна.
Их гүрний өмнөд, хойд нутгийнхны хоорондох ялгаа, магад дайсагнал, дан байгалийн хүчин зүйлсээс үүдэлтэй гай гамшиг, төрийн буруу бодлого, инженерчлэлийн алдаа гээд Майягийн улсын мөхөх болсон шалтгаан буюу шалтгаанууд ер юу ч байсан сүйрэн доройтсоных нь дараа үлдэж хоцорсон эгэл ардынх нь хувь заяаг эдүгээ бид тодорхой мэднэ. Тэд 1050-иад оноос эхлэн нүүдэллэж, аяны замыг орон гэрээ болгосон юм. Өвөг дээдсийнхээ өлгий нутгийг орхин, Карибийн эрэгт хүртэл суурьшихдаа тэд аль л ус ихтэй, усны ундаргатай ойр газрыг, эсвэл гол нуурын бэлчир нутаг, эрэг хөвөөг сонгон нүүж, сууж явжээ. Үүнээс харахад эх нутаг нь ган гачигт сүйдэж, өлсгөлөнд нэрвэгдээгүй байсан байх магадлалтай ч майячуудын үр хойчист ус чийгтэй, үржил шимтэй газар амин чухал байсан нь илэрхий байна. Энэ нь уламжлалт өв соёлтой нь ч холбогдоно. Майягийн үе үеийн хаад, ноёд бурхдаас арвин ургац, хур бороо гуйхдаа гол нуурын ойролцоо хүнээр тахил өргөдөг байсан нь их усан айг далд ертөнцтэй холбогдох гүүр гэж үздэг байсантай нь холбоотой. Майягийн нутаг байсан аль ч газраас одоо хүртэл хүний яс, эд хэрэглэлийн үлдэгдэл олддог нь мөнөөх бурхдад барьсан хүмүүсийн ул мөр юм. Ган гачиг олонтаа нүүрлэдэг газар оронд нь их хэмжээний хур тунадас унаж, ургац арвин байх үед бурхад өөрсдийнх нь үгийг сонсчээ гэж тэд боддог байсан нь лавтай.
Орчуулсан Г.Лхагвадулам
http://aniryortonts.blogspot.com-оос зөвшөөрөлтэйгөөр авав.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих