-Хөвсгөл аймагт он гарсаар гурван эх, долоон хүүхэд энджээ-
Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарал тавих цаг болжээ. 2015 оны эхний 10 сарын байдлаар нялхасын эндэгдэл 60-д хүрч, өмнөх оныхоос 16 тохиолдлоор өссөн байна. Мөн он гарсаар дөрвөн сарын хугацаанд гурван эх, 7 хүүхэд эндсэн талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм. Төрөхийн хүндрэлийн улмаас амиа алдах эхчүүдийн тоо ч өссөөр байгаа нь нутгийнхны хувьд айдас төрүүлэх болжээ. Уг асуудлаар өнгөрсөн дөрөвдүгээр сард тус аймгийн Эрүүл мэндийн газарт Эрүүл мэнд спортын яамнаас шалгалт хийсэн ч дүгнэлтийг олон нийтэд зарлахгүй нууцалж байна. Дээр асуудлыг Хөвсгөл аймгийн иргэдийн зүгээс холбогдох албан байгууллага, хэвлэл мэдээлэлд хандаж эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж муу байгаа талаар гомдол мэдүүлсэн. Гэвч Хөвсгөл аймгиас УИХ-д сонгогдсон гишүүд, аймгийн удирдлагууд, аймгийн Эрүүл мэндийн газар энэ талаар анхаарч дорвитой арга хэмжээ авсангүй.
Бүх асуудал хуучин шигээ бахь байдгаараа л байгаа аж. Тухайлбал, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг л гэхэд сэхээний эмчгүй 5 жил болжээ. Мөн мэргэшсэн эмчгүй, амьсгалын аппаратгүй, шаардлагатай эм тарианы хүрэлцээ муу аж.
Аймгийн нэгдсэн эмнэлэг ийм дүр зурагтай байхад Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж, Эрүүл мэндийн газрын дарга Л.Дамдинсүрэн, Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар нар ямарч арга хэмжээ авсангүй. Шаардлага тавьсан нэгэндээ "Энэ чиглэлээр мэргэших хүн алга аа” гээд амыг нь тагладаг аж. Энэ байдал зөвхөн нэг жил бус сүүлийн таван жил үргэлжилж байна.
-Улсын өмчийг бусдад үнэ төлбөргүй бэлэглэжээ-
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмнэлэгт ийм их асуудал байхад аймгийн Эрүүл мэндийн газар конторынхоо газар буюу эмнэлгийн хашаан дотрооо хувийн компаниар "Ажилчдын орон сууц” гэх гоё нэртэй 40 айлын орон сууцыг ямар ч сонгон шалгаруулалт явуулалгүй "Хөвсгөл Геологи” хувьцаат компаниар бариулжээ. Ингэснийхээ дараа 40 айлын орон сууц барьж гүйцэтгэсэн "Хөвсгөл Геологи” хувьцаат компанид 1272м2 газар эзэмших эрхийг таслан шилжүүлэх асуудлыг оруулж шийдвэрлэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 14 -ний өдрийн дугаар тогтоолоор үнэ төлбөргүй шилжүүлж, хандивлажээ.
Уг нь Эрүүл Мэндийн газар нь нийт 6959 м2 талбайтай юм. Түүнийхээ 1272м2 газрыг хувийн компанид зүгээр л "бэлэглэсэн” гэсэн үг.
Уг нь Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10-д "Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хандив, тусламж өгөхийг хориглоно” гэж заасан байдаг. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д "хандив” гэж тодорхой зориулалтаар, үнэ төлбөргүй, эсхүл нийтэд санал болгож байгаа хөнгөлөлтөөс илүү хөнгөлөлттэй үнээр санхүүгийн эх үүсвэр, эд хөрөнгө шилжүүлэх болон үйлчилгээ үзүүлэхийг; заасны дагуу төрийн байгууллагын хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлж, хандивлахыг хориглосон. Хэрэв хувь хүн, аж ахуйн нэгжид шилжүүлэх бол төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар дуудлага худалдаагаар худалдах, эсвэл төсөл сонгон шалгаруулалт явуулахыг тусгажээ.
Энэ тухай тус хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно гэж заасан байдаг. Гэвч том толгойтой удирдлагуудад дээрх хуулиуд гууль мэт үйлчилдэг бололтой. "Мөнгө цагаан, нүд улаан” гэх дарга нар анх тус орон сууцыг бариулахаас өмнө "Орон сууцанд зөвхөн эмнэлгийн эмч ажилтнуудад 950 мянга орчим төгрөгөөр борлуулагдана” гэх сайхан үгийг гэрээн дээрээ заасан байжээ. Гэвч бодит байдал дээрээ "Хөвсгөл Геологи” хувьцаат компани м2-ийг нь 1сая 150 мянган төгрөгөөр худалдан борлуулж эхэлсэн байна. Энэ мөнгө нь сардаа 500-хан мянга төгрөгийн цалин авдаг эмч, эмнэлгийн ажилтнуудын хувьд их үнэтэй орон сууц юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар одоогийн байдлаар тус орон сууцанд 15 өрх амьдарч байна. Тэдний цөөн хэд нь л эмч, эмнэлгийн ажилтнууд гэнэ. Дээрх нөхцөл байдлыг дүгнэхэд, холбогдох хуулиудыг зөрчөөд, 40 айлын орон сууц "бариулаад”, газрынх нь асуудлыг барьсных нь дараа шийдүүлээд явж байгаагаас харахад Эрүүл мэндийн газар мөнгөгүй биш бололтой. Иймд Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч М.Ганболд дээрх асуудлаар Хөвсгөл аймгийн удирдлагуудыг өнгөрсөн гуравдугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхэд өгсөн гэдэг.
-Ах дүү, амраг садангаараа Төрд шургалсан нь-
Хөвсгөл аймгийн удирдлагыг өнгөрсөн найман жилийн хугацаанд МАНбарьж байна. Энэ хугацаанд олон ноцтой асуудлууд гарсан талаар нутгийн иргэд хэлж байна. Тухайлбал, Эрүүл мэндийн газрын дарга Л.Дамдинсүрэн Эрүүл мэндийн газрын даргын албыг 30 жил хашиж байгаа аж. Энэ хугацаанд алдаа оноотой олон ажил хийсэн тодорхой. Гэвч Төрийн албаны хуулийг зөрчиж, тэтгэвэрт гарч 36 сарынхаа цалинг авсан хэрнээ сүүлийн хоёр жил дээрх албыг хашсаар байгаа юм. Учир мэдэх хүмүүс уг асуудлыг удаа дараа холбогдох байгууллагуудад гомдлоход, аймгийн Төрийн албаны зөвлөлийн дарга Төмөрбаатар, Л.Дамдинсүрэн нар төрсөн ах дүү нарын хүүхдүүд болох нь батлагджээ. Улмаар уналтад ороод байгаа аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Дамдинсүрэн нь Хөвсгөл аймгийн Засаг ноён А.Эрдэнэбаатар, аймгийн Төрийн албаны зөвлөлийн дарга Төмөрбаатартай хуйвалдаж энэхүү ажлаа хийсээр байгаа ажээ.
Түүнчлэн, тэд сүүлийн үед дов дошны үзэл гаргах болсон бөгөөд Галт сумын харъяалалтай хүмүүсийг ажилд авах, гадагшаа сургалт үнэ төлбөргүй явуулдаг. Харин бусад сумдын иргэдийг огт ойшоодоггүй гэдгийг нутгийн иргэд гомдлох аж.
Эх сурвал:Тоншуул.мн
Л.Цэцэг
Tonshuul.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих