Өнгөрсөн сарын 24-нд Буйр нуурт загас агнаж явсан 4 иргэн нууранд осолдож, амиа алдсан. 25-32 насны залуучууд харамсалтайгаар усанд осолдсон юм. Халх гол сумын харьяат 3 иргэн, Баянтүмэн сумын харьяат 1 иргэн байсан. Одоогоор Онцгой байдлын газраас эрэн хайх ажиллагаа хийж байгаа ч, гурван иргэний цогцосыг олоогүй байгаа аж.
Эдгээр залуусын ар гэрийнхэнд "Петрочайна Дачин Тамсаг” компанийн хятад ажилтнууд тусламж үзүүлж, хандив өгсөн байна. Дорнод аймгийн Халх голын сумын нутагт газрын тосны үйл ажиллагаа явуулж байгаа "Петрочайна Дачин Тамсаг” компанийн 21-р талбайн хятад ажилтнууд 4.650.000 мянган төгрөгийн хандивыг цуглуулан гардуулж өгсөн юм. Тус компанийн удирдлагууд Халх голын сумын Ялалт багийн Засаг дарга болон усанд осолдсон залуусын ар гэрийнхэнд гардуулан өгөх үеэрээ "4 залуугийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд, цаашид тусалж дэмжихэд бэлэн шүү” гэлээ.
"Петрочайна Дачин Тамсаг” компанийн 21-р талбайн Үйлдвэрлэлийн захирал Ли Яан Хун "Орон нутгийн иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэхийг хичээдэг. Үүний нэг болгож усанд осолдсон залуусын ар гэрийнхэнд 4 сая гаруй төгрөгийн хандивыг өгч байна. Мөн орон нутагт цагаан зуд болоход 20 сая төгрөгийг хандивлаж байсан. Мөн Орон нутгийн хөгжлийн санд жил бүр 50 мянган долларыг өгдөг. Цаашид ч орон нутагтайгаа хамтарч, тусалж дэмжинэ” гэдгээ хэлэв.
Мөн энэ үеэр Халх гол сумын Ялалт багийн Засаг дарга Д.Пүрэвсүрэн амиа алдсан залуусын ар гэрийнхэнд тусламж үзүүлж байгаад баярласнаа илэрхийлсэн юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих