Өнөөдрөөс эхлээд Монгол орны өнцөг булан бүрээс уурхайн хот Эрдэнэтийг зорих хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдэх нь тодорхой боллоо.
Энэ нь 40 жил уурхайн хот гэж нэрлэгдэж ирсэн Эрдэнэт өмнөө ахин нэг тодотгол зүүж Эрүүл мэндийн хот болж байгаатай холбоотой. Эрдэнэтийн уурхайчид хөлс хүчээ дуслуулсан хөдөлмөрийнхөө үр шимээр Монголын ард түмэнд аз жаргал, урт удаан насыг бэлэглэх дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн эмчилгээ, оношилгооны төвийг барьж өглөө. Энэхүү "Медипас” эмнэлгийг Монгол улсын тэргүүлэх уул уурхайн компани "Эрдэнэт үйлдвэр” өөрийн хөрөнгөөр босгон өнгөрсөн амралтын өдөр буюу 5 дугаар сарын 7-ны өдөр улс, эх орон, ард түмэндээ албан ёсоор хүлээлгэж өгөв.
Монгол иргэд эмчлүүлэх нэрээр Сөүл, Бээжин рүү байдгаа барж, мөнгөө зөөдгөө болино
Манай улсын иргэд сүүлийн жилүүдэд эмчилгээ, оношилгоо хийлгэх гэж гадаадын улс орнуудыг ихээр зорьдог болсон. Монголдоо бүрэн гүйцэд онош тогтоочих сайн техник хэрэгсэл бүхий эмнэлэг хомс болохоор явагсдыг буруутгах аргагүй. Өвчнөө оношлуулах, эмчлүүлэх зорилгоор гадагш явж буй иргэд жилдээ 150-250 сая америк долларыг Монгол улсаас гадагшлуулдаг гэсэн албан бус мэдээ байдаг ажээ. Энэ нь иргэдэд ихээхэн чирэгдэл учруулдаг бөгөөд өвчтэй нэгнээ аврахын тулд гэр бүлийн бусад гишүүд нь амьдрах орон гэрээ зарж, унах унаанаасаа салж, идэх хоолоо хасан байж Солонгос, Хятад, Тайвань, Энэтхэг, Япон, Америк зэрэг улс орнуудын өндөр технологитой эмнэлгийг зорьдог билээ.
Харин өнөөдөр тийм өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл бүхий олон улсын стандартад нийцсэн оношилгоо, эмчилгээний төв бидний дунд, эх орны минь хойморт орших Эрдэнэт хотноо үүд хаалгаа нээчихлээ. Бид өвчинд шаналсан нэгнээ аврах гэж орон сууцаа зарах шаардлагагүй. Унах унаанаасаа салахгүй. Хүний нутагт орох орон, оочих цайгүй зүдэрч, эмнэлгийн үүд сахин зутрахгүй. Эх орон дотроо, элгэн садан дундаа өвчнөө оношлуулж, эмчилгээгээ хийлгэж, шаардлагатай тохиолдолд Япон болон бусад улс орон руу шинжилгээний материалаа интернетээр илгээн өндөр зэрэглэлийн эмч нараас заавар, зөвлөгөө шууд авна.
Тэр тусмаа Орхон аймгийн иргэдийн хувьд эрүүл байх нь гарын дорх асуудал болжээ. Зэргэлдээх Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дарханыхан ч гэсэн эмнэлэг бараадах гэж Улаанбаатар явах шаардлагагүй, хэдхэн километр давхиад л дэлхийн стандартын үйлчилгээг авах боломжтой боллоо.
Сайхан биш гэж үү?
"Медипас” эмнэлэг бол "Эрдэнэт үйлдвэр”-ийн хаалт хөгжлийн менежмент амжилттай хэрэгжиж эхэлсний тод жишээ
Тус эмнэлэг нь 6800 метр квадрат, 7 давхар эмнэлгийн барилга байгууламжтай. 200 автомашины зогсоол, 3 га газар бүхий зам харилцаа, дэд бүтэц шийдэгдсэн ажээ. Ойрын болон алс ирээдүйд энэ эмнэлгийн барилгыг тойроод 180-200 ортой хэвтүүлэн эмчлэх эмнэлэг, Резидентийн сургалт, эрдэм шинжилгээний төв, Ахмадын асрамжийн газар, зочид буудал, эмч ажилтнуудын орон сууц зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэнэ.
Энэ эмнэлэг нь "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хаалт хөгжлийн менежментийнхээ хүрээнд авч хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг юм. Үйлдвэрийн "Уурхайн тогтвортой хөгжил, хаалтын менежментийн төлөвлөгөө”-нд Орхон аймгийн эдийн засаг Эрдэнэт үйлдвэрээс хамаардаг шууд нөлөөллийг бууруулах, Орхон аймагт Эрдэнэт үйлдвэрээс үл хамаарсан зэрэгцээ эдийн засгийг хөгжүүлэх зэрэг олон хөгжлийн асуудлыг тусгаж өгсөн бөгөөд эдгээрийн баталгаа болж "Медипас” эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ.
Та "Медипас”-аар нэг удаа үйлчлүүлээд явахад л таны мэдээлэл хамгийн багадаа 10 жилээр системд хадгалагдана
"Медипас” эмнэлэг Япон улсад үйлдвэрлэгдсэн орчин үеийн оношилгооны дэвшилтэт тоног төхөөрөмжүүд. Hitachi, Sysmix, Fujinion зэрэг фирмүүдийн хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай, оношилгоо шинжилгээний аппарат, тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Энэ тоног төхөөрөмжүүд нь яаж хэрхэн ашиглах талаарх бүх заавар зөвлөмжтэйгөө ирсэн бөгөөд үйлдвэрлэгч компани нь эмнэлэгтэй хамтран ажиллаж техникийн ажилтнуудыг сургаж, дадлагажуулсан ажээ. Ийм учраас тоног төхөөрөмжийг ашиглах тал дээр ямар ч асуудалгүй гэнэ.
Япон улсын стандартын дагуу эмнэлгийн барилга босчээ. Уг барилгад орж үзэхээр энэ нь илт мэдрэгдэнэ. Японы эрүүл мэндийн менежментийг нутагшуулахыг зорьж байгаа тус эмнэлгийн орчин Азийн соёлт гүрэн Японыг эрхгүй санагдуулдаг. Хамгийн энгийн жишээ гэвэл, эмч, эмнэлгийн ажилтнууд хэзээ ч өвчтнүүд, үйлчлүүлэгчдийн дундуур гүйхгүй. Тэдэнд зориулсан гарц, замууд тусдаа бөгөөд үйлчлүүлэгчид ч орсон цагаасаа гарах хүртлээ цэгцтэй үйлчилгээ авна. Яаралтай тусламжийн үйлчилгээг тусад нь үзүүлнэ. Шинжилгээнд авсан сорьцуудыг ч гараар зөөвөрлөхгүй, зөвхөн үүнд зориулсан "бяцхан” лифт хүртэл ажилладаг.
Оношилгоо эмчилгээг шуурхай, цаг алдалгүй, баталгаатай, үр дүнтэй гүйцэтгэх эмнэлгийн цахим бүртгэлийн цогц системтэй. Энэ систем нь үйлчлүүлэгчдийн мэдээллийг эмнэлгийн цахим сүлжээнд урт хугацаанд найдвартай хадгалах бөгөөд зайн оношилгоо хийлгэх, Япон улсын болон бусад өндөр хөгжилтэй улс орнуудын эмч мэргэжилтнүүдээр онош баталгаажуулах боломжтой. Бусад эмнэлэг шиг өвчтөн, үйлчлүүлэгч нь шинжилгээнийхээ хариуг барин нааш цааш гүйж, нэг эмчээс нөгөөд аваачиж харуулах шаардлага огт үгүй. Үйлчлүүлэгч эмнэлгийн хаалгаар орж цахим бүртгэлд бүртгүүлэн дугаар аваад л болно. Бүх шинжилгээгээ өгч, үзүүлж дуусаад гарахад үйлчлүүлэгчийн гар дээр тухайн өдөр үзүүлсэн бүх шинжилгээний хариу, онош, зураг сэлтийг бичиж буулгасан дижитал CD, хэвлэмэл цаасны хамт ирнэ. Нэг шинжилгээнээс нөгөө рүү шилжиж үзүүлэх үест эмч нар цахим системийн тусламжтайгаар өвчтний түүх рүү нэвтэрч хамгийн сүүлд хэн гэдэг эмчид үзүүлсэн, эмчийн тавьсан онош юу гэж гарсан, тухайн өвчтний авахуулсан цээжний зураг, ходоодны дурангийн хариу, эхоны зураг сэлт гээд бүгдийг харах боломжтой. Өвчтнөөс энэ тухай асуулгүйгээр системд нэвтэрч танилцаад үзлэгээ хийсний дараа оношийг бичиж хадгалахад л болно. Энэ бүх үйл ажиллагаа системд автоматаар хадгалагдсаар шинжилгээнүүд дуусахад хэвлэгдэн гарчихаад эзнээ ирж авахыг хүлээж байдаг.
Энэхүү цогц системийг Ж.Мөнгөнсүх хэмээх залуугаар удирдуулсан манай программ хангамжийн инженерүүд, монгол залуус өөрсдийн оюун ухаанаар бүтээсэн нь бас нэгэн бахархал юм. Дэлхийн улс орнуудад эрүүл мэндийн ийм цогц систем тун ховор бөгөөд аль нэгийг нь л эмнэлгүүд ашигладаг бол манай монгол инженерүүд мэдээллийн технологийн тус тусдаа зохиогдсон таван өөр программыг бүгдийг нэг дор нэгтгэж цогцоор нь шийдэж чадсан нь "Медипас” эмнэлэг дээр хэрэгжиж байгаа нь энэ ажээ.
Та "Медипас”-аар нэг удаа үйлчлүүлээд явахад л таны мэдээлэл хамгийн багадаа 10 жилээр энэ системд хадгалагдах ба та хүссэн үедээ мэдээллийг ашиглах боломжтой. Мөн эндээс өгсөн хариуг интернетээр дэлхийн аль ч улс орон руу илгээж оношоо баталгаажуулах, нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах нь нээлттэй. Систем таны шинжилгээний хариуг монгол, англи, япон гурван хэл дээр гаргана.
"Медипас” эмнэлэг эрт үеийн хорт хавдрыг эмчилж эхэлжээ
2016 оны 1 дүгээр сараас туршилтын хугацаагаар ажиллаж эхэлсэн "Медипас” эмнэлэг аль хэдийнэ 5300 гаруй хүнд үйлчилжээ. Үүний 3400 гаруй нь амбулаториор үзүүлж, 2000 орчим хүн урьдчилан сэргийлэх үзлэгт оржээ. Энэ хугацаанд 5 үйлчлүүлэгч ходоод, улаан хоолойн эрт үеийн хавдартай болохыг илрүүлсэн ба энэ өвчтнүүд бүгд бүрэн төгс эмчлэгдэх шатандаа оношлуулж, эрүүл мэндээ аварч байгаа нь баярлууштай мэдээ юм. Мөн элэгний хавдар 1, уушгины хавдар 1, сүрьеэ 2, зүрхний эмгэгүүд, бөөрний дутагдал, цус алдалт зэргийг илрүүлж яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн байна. Эрт үеийн төгс эмчлэгдэх бүрэн боломжтой хавдрыг илрүүлж өөрсдөө эмчлэх аж. Хавдар авах анхны эмчилгээг энэ сарын 20-дын үеэр "Медипас” эмнэлэгт хийхээр бэлтгэж байгаа гэнэ.
"Эрдэнэт үйлдвэр”-ийн Монголын ирээдүйд оруулж байгаа том хөрөнгө оруулалт гэж харахаас өөр яах билээ
"Эрдэнэт үйлдвэр” ажилтнуудаа "Медипас” эмнэлгээр хөнгөлөлттэй үнээр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж эхэлсэн бөгөөд мэргэжлийн эмчийн хэлж байгаагаар элэгний В, С вирусын өвчлөл энэ үйлдвэрт яг л Монгол улсын баланстай адил төвшинд байна гэнэ. Монголд элэгний вирусийн өвчлөлтэй хүмүүс хүн амын 10 хувийг эзэлж байгаа юм. Иймд энэ вирусыг устгаж "Монголын анхны элэгний вирусын өвчлөлгүй хамт олон” болох тухай сайхан мэдээ "Медипас” эмнэлгийн нээлтийн үеэр гарч байсан.
"Эрдэнэт үйлдвэр” ХХК үндсэн 6000 ажилтан, охин компаниудын 310 ажилтан, үйлдвэрийн 2000 ахмад ажилчид, мэргэжлээс шалтгаалах суурь өвчтэй 460 хүнээ, нийт 8800 хүнийг "Медипас” эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж байгаа аж. Анх энэ оны 3 сарын сүүлчээр өвчтэй болон ахмад хүмүүсээ үзүүлж эхэлсэн бол одоо бүх нэгж, цехийн ажилчдаа хамруулж байгаа юм байна.
Хаа ч байхгүй хөнгөлөлттэй үнээр буюу 300-400 мянган төгрөгөөр хүн нэг бүрийг иж бүрэн оношилгоо, үзлэгт оруулж байгаа нь ажилчдынхаа төлөөх сэтгэлийн илрэл гэж харагдав. Үүний өмнө "Эрдэнэт үйлдвэр” бараг 10-аад километр дугуйн замыг хамт олондоо, нийт Эрдэнэтчүүдэд зориулан байгуулжээ.
Мөн нэг зүйлийг энд дурдахгүй өнгөрч боломгүй санагдана. Монголд ээжүүдийг хүүхдээ 3 нас хүртэл нь цалинтай байлгая гэж бид яриад л байдаг боловч хууль дүрмээ баталж чаддаггүй. Гэтэл "Эрдэнэт үйлдвэр” ХХК дээр энэ нь аль хэдийнэ ажил хэрэг болоод, ээжүүд хүүхдээ 3 нас хүртэл нь гэртээ харж, сар бүр үйлдвэрээсээ 400 мянган төгрөгийн цалин авч байна. Үүнийг "Эрдэнэт үйлдвэр”-ийн Монголын ирээдүйд оруулж байгаа том хөрөнгө оруулалт гэж харахаас өөр яах билээ.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа: Өнөөдөр манай эрүүл мэндийн салбарт маш том үйл явдал болж байна
Монгол улсын эрүүл мэндийн салбарыг удирдаж яваа хүн нээлтийн үеэр ингэж хэлсэн. С.Ламбаа "Энэ эмнэлэг цаашдаа Монголын гурав дугаар шатлалын том эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, туршлагаа солилцож хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө нэгэн санаагаар ажиллаж Монголын ард түмний өмнө тулгараад байгаа оношилгоо, эмчилгээний асуудалд том дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна. Япончууд нэг л амласан бол хийдэг, зүтгэдэг зан чанартай хүмүүс. Тийм болохоор Японы техник технологиор тоноглогдсон энэ эмнэлэг япон менежментээр үр бүтээлтэй ажиллаж чадна гэж бодож байна” гэсэн.
Нээлтэнд ЭМСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаагаас гадна "Эрдэнэт үйлдвэр” ХХК, Орхон аймгийн удирдлагууд, ЕТГ-ын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн М.Батчимэг болон Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд нарын албаны хүмүүс оролцсон юм. Ингээд "Медипас” эмнэлгийг "Эрдэнэт үйлдвэр”-ээс ард түмэндээ хүлээлгэж өгсөн энэ өдөр хэн, юу гэж хэлснийг товчлон сонирхуулж байна.
"Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу: "Өнөөдөр "Эрдэнэт үйлдвэр” төдийгүй нийт монголчуудын хувьд онцгой ач холбогдолтой өдөр тохиож байна. Анхны шийдвэр 2008 онд Үйлдвэрийн Зөвлөлийн Хурлаас гарч "Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгө оруулалтаар боссон энэ төсөлд нийт 40 сая гаруй доллар зарцуулагдсан. Эмнэлгийн бүтээн байгуулалтын ажлыг бид 3 үе шаттайгаар хийх зорилт тавьсан. Эхний шатанд дэд бүтцээ шийдэж, барилгаа барьж, тоног төхөөрөмжөө суурилуулж дуусгасан. Хоёр, гурав дугаар үе шатыг хэрэгжүүлэхээр Япон улсын Медипас нийгэмлэг, Японы хөрөнгө оруулалттай Медипас компанитай манай "Эрдэнэт үйлдвэр” гэрээ байгуулсан. Энэ гэрээнд Япон улсын эрүүл мэндийн үйлчилгээний менежментийг хэрэгжүүлэх, "Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас оруулсан хөрөнгө оруулалтыг эргэн төлөх, "Медипас” төв эмнэлэгт гадаадын хөрөнгө оруулалтыг татах, "Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдад хөнгөлөлттэй тусламж, үйлчилгээ үзүүлэх зэрэг олон заалт тусгагдсан. Хүн жаргалтай сайхан амьдрахыг хүсвэл эрүүлийг хүс гэсэн үг бий. Эрүүл хүн аз жаргалаар дүүрэн байна. Аз жаргалтай хүнээс амжилт бүтээл ундран гарна. Тэр амжилтууд улс эх орныг минь хөгжихөд тулах цэг болж өгнө. Ийм болохоор бидний өнөөдөр хүлээлгэн өгч буй энэхүү дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ оношилгооны төв маань хүн бүрт эрүүлийг бэлэглэж, аз жаргалыг түгээн дэлгэрүүлэх болтугай”
Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн: "Сүүлийн жилүүдэд Монголын түүхэнд гараагүй том бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт боллоо. Орхон аймгийн төдийгүй Монгол улсын иргэд олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн сайн үйлчилгээг авах боломж бололцоо бидэнд тохиож байгаа нь талархууштай сайхан үйл явдал юм. "Эрдэнэт үйлдвэр”-ийн Ц.Даваацэрэн захиралтай удирдлагын баг, хамт олон, ажилтан ажиллагсдад Орхон аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс талархал илэрхийлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. "Эрдэнэт үйлдвэр” нийгмийн хариуцлагаа өндөр хэрэгжүүлдэг компани. Энэ хүрээнд олон зүйл хийж байгаагийн оргил нэгэн ажил нь өнөөдөр нээлтээ хийж байгаа "Медипас” эмнэлэг боллоо”
Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимузи:"Японы засгийн газар эрүүл мэндийн салбарыг дэлхийн бусад улс орнуудад хөгжүүлэх үйл ажиллагааг бүрэн дэмжиж байгаа. Тусгай газар Ерөнхий сайдын удирдлагын дор байгуулагдсан. "Эрдэнэт үйлдвэр” ийм сайхан дэлхийд хамгийн сайн Японы тоног төхөөрөмжийг бүрэн ашиглаад сайн эмчилж чадах эмнэлгийг байгуулсанд талархаж байна. Монголчуудыг хурдан эмчилж чадна гэдэгт би найдаж байна”
ЕТГ-ын дарга П.Цагаан: "Өнөөдөр их баяртай өдөр. Монголын ард түмний дундаж наслалт 70 хүрээд байгаа. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын хэмжээнд хүрэхэд ахиад 10 насаар уртсаж 80 насанд хүргэх хэрэгтэй. Энэхүү "Медипас” хэмээх оношилгоо, эмчилгээний гайхамшигтай төвийнхөн 3 сая монголчуудыгаа 4-5 саяд хурдан хүргэхийн төлөө их үүрэг гүйцэтгэх байхаа гэж найдаж байна. Энэ бүхнийг Монголын ард түмэнд зориулан бүтээн байгуулж, босгосон "Эрдэнэт үйлдвэр”-тээ их баярлалаа. "Медипас” эмнэлгийн хамт олонд өндөр амжилт хүсье”
УИХ-ын гишүүн М.Батчимэг: "Монголчууд маань эмнэлэгт үзүүлэхээр Токио, Бээжин бус Эрдэнэтийг зорих цаг удахгүй ирэх нь. Энэ эмнэлгийн чадварлаг эмч нар Японы эмч нартай хамтран алсын зайн оношлогоог хийнэ гэдэг нь маш том давуу тал, дэвшил юм. Мөн Монголын эмч нар Японд ажиллаж, тэд бас Монголд ирж харилцан туршлага солилцох боломж бүрдсэн нь талархмаар хэрэг”
"Медипас” эмнэлгийн захирал Я.Энхчулуун: "Монголчууд зөв амьдарч, үр дүнтэй ажиллаж, аз жаргалтай байх өдрүүдээ уртасгахад үр ашгаа өгөх "Медипас” эмнэлэг үүдээ нээж байгаа тийм сайхан өдөр өнөөдөр тохиож байна. Манай эмнэлгийн хамт олон Японы менежментийг нэвтрүүлэн Монголынхоо ард түмний эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахаа амлая”
"Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн: "Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа хойш маш олон бүтээн байгуулалтуудыг хийсэн. Тэр бүх бүтээн байгуулалтын оргил нь болсон, хүний төлөө гэсэн хамгийн чухал хэрэгтэй бүтээн байгуулалт бол энэ "Медипас” оношилгоо эмчилгээний төв байлаа. "Медипас” бол "Эрдэнэт үйлдвэр”-ийн ялалт байлаа. "Медипас”-ын ирээдүйн хөгжил цэцэглэлтэнд амжилт хүсье!”
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих