Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2016.05.09/ болж, хаврын тариалалтад зориулан 6,5 мянган тн дизель түлшний импортын онцгой албан татвар /ОАТ/-ын хэмжээг тэглэх шийдвэр гаргажээ. Ингэхдээ бүх боомтод бус зарим боомтод, тухайлбал Сүхбаатар, Эрээнцав боомтуудаар дизель түлш оруулж ирвэл ОАТ–аас чөлөөлөөхөөр болжээ. Энэ шийдвэр зургадугаар сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд хүчинтэй.
Нэг га талбайн нийт зардлын 22,2 хувийг шатахууны зардал эзэлдэг. Манай улсад тариалж ургуулсан улаанбуудайн өртөг нь бүс, цаг уурын хувьд ижил төстэй, хөрш зэргэлдээ ОХУ, Казакстан улсаас өндөр байгаа юм. Энэ нь тариалангийн үйлдвэрлэлд шаардагдах хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж, сэлбэг, бордоо, ургамал хамгааллын бодис, шатахууныг 100 хувь импортоор авч байгаатай холбоотой ажээ. Тиймээс засгийн газраас дээрх шийдвэрийг гаргасан байна.
Дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэснээр бүтээгдэхүүний өртөг 190 орчим мянган төгрөгөөр буурч, аж ахуйн нэгж, иргэдийн санхүүгийн чадамж сайжран 2016-2017 онд буудай, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломж бүрдэнэ гэж үзжээ.
А.АМАР

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих