Ээлжит сонгуулийн жил эхэлсэн цагаас Дорнод аймагт нэр дэвшин өрсөлдөх магадлалтай улстөрчдийн уртаас урт жагсаалт хөвөрч, Дорнодын тойрогт өрсөлдөөн ихтэй, халуухан сонгууль болох нь гэх мэтээр хэвлэлүүд бичиж байв. Нэр дэвшигч тодроход хэдхэн хоног үлдээд буй энэ цаг үед МАН-ыг эс тооцвол горилогчид битүү морьд хэвээр байсаар байна.
МАН
Парламентын сонгуульд нэр дэвшүүлэх хуулийн хугацаа хараахан эхлээгүй, намынхан нь албан ёсоор батлаагүй байгаа ч МАН-аас одоогийн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Н.Номтойбаяр нар дахин өрсөлдөх нь нэгэнт тодорхой болжээ. Х.Болорчулуун гишүүний хувьд МАН-ын дарга М.Энхболд "Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх байдал, хамтран ажиллах боломжийг нь судалсны үндсэн дээр сонгуульд хамтрахаар урьсан” гэж онцлон мэдэгдээд байгаа. Тэгвэл Н.Номтойбаяр гишүүнийг намын жагсаалтад бичүүлэхээр хөөцөлдөж яваа тухай мэдээлэл гарч байсан ч сонгуулийн хууль өөрчлөгдсөн тул нэгэнт сонгогдсон тойрогтоо дахин ирэхээр шийдсэн гэж баттай эх сурвалжууд мэдээлж байна.
МАН-аас экс гишүүн Д.Одбаяр, Бишрэлт-ийн Б.Ундармаа, УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаяр нарын нэрс яригдаж байсан ч энэ удаа өнжиж, намын нөөцдөө үлдэхээр болсон бололтой. Д.Одбаярын хувьд аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон. Харин Б.Ундармаа нь оны өмнөхөн Сонгинохайрхан дүүрэгт өөрийн зурагтай сэтгүүлээ тараагаад явж байгаа сураг байсан.
АН
АН-аас манай аймагт нэр дэвшихээ мэдэгдэж байсан М.Зоригт гишүүн Сүхбаатар аймагт үлдэхээр болжээ. Учир нь жижиг мажоритар 76 тойрогт шилжсэнээр Сүхбаатар аймагт хоёр мандат оногдох аж. Ингэснээр М.Зоригтод Сүхбаатартаа дахин хүрд эргүүлэх боломж олдож, тойргоо тойлж яваа гэсэн мэдээлэл байна.
Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнодод нэр дэвшиж магадгүй гэх бор шувуу нисэлдээд удаж байгаа. Хэдийгээр Дорнод аймаг ардчиллын өлгий нутаг гэгддэг ч 2000 онд тухайн үеийнхээ Ардчилсан засгийн Ерөнхий сайд, өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ирж нэр дэвшихэд нь унагаад явуулж байсан хүндхэн тойрог. Иймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг битүүхэн жийрхэж байж ч магадгүй. "Аав ээжийн маань нутаг Ховд аймаг байна. Өсч торнисон Улаанбаатар маань байна. Би танай аймагт нэр дэвших виз авах гэж ирээгүй шүү” хэмээн Дорнодчуудтай уулзах үеэрээ ярьж суусан. Өчигдөр л гэхэд УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайдыг Дархан-Уул аймагт хамт нэр дэвшиж халз өрсөлдөхийг урьж байна лээ.
УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл ч тус намаас нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэг. 12 онд ялагдал хүлээж, ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад яам татан буугдсанаас хойш төрийн албанаас гадуур буй. Тэрээр Дорнод аймагт үзэгдэж харагдах нь ховор байгаа ч сонгуулийн өмнө гэнэтхэн гараад ирэх магадлалтай.
Сонгуулийн сунгааны эхнээс нэр дэвшихээ хамгийн түрүүнд зарлаж, "АН намайг дэвшүүлэхээр боллоо. Баттай хэлчихье” гэхчлэн мэдэгдэж байсан хүн бол экс гишүүн С.Билэгсайхан. 1996 онд Ардчилсан холбоо эвслийн нэрээр хойд сумдаас сонгогдож дөрвөн жил ажилласныхаа дараа, 2000 онд МоАН-аас аймгийн төвд нэр дэвшээд өвдөг шороодсон, гандан буурахгүй улстөрч энэ жил дахин үзээд алдахаар хөөцөлдөж яваа.
ХХАА-н сайд Р.Бурмаа. Маш богинохон хугацаанд Дорнодын АН-ын даргаар сонгогдож үзсэн тэрээр энэ аймагт ирэхээр багагүй судалгаа хийж байсан ч Халхгол чөлөөт бүсийн асуудлаасаа болж, өөртөө хаалт тавьсан. Чөлөөт бүс байгуулах нь дэмий гэдгийг өөрөө ч хүлээн зөвшөөрч, өнгөрсөн 7 хоногт 75-р тогтоолоо цуцлах тухай тогтоолын төсөл өргөн бариад байгаа. Гэхдээ өөр 10-аад гишүүний өргөн барьсан "75-ыг цуцлах” төсөл байнгын хороогоор дэмжигдэж, хэзээ мөдгүй хэлэлцэгдэх гэж байхад, ижил утгатай өөр төсөл өргөн барьж буй шалтгаан нь тун ойлгомжгүй.
Эрдэнэс МГЛ-ын олон нийттэй харилцах албаны дарга, Сургалтын төрийн сангийн захирал зэрэг ажил эрхэлж явсан Б.Мөнхцэцэг 2008, 2012 оны сонгуульд хоёр ч удаа нэр дэвшээд мөн л ялагдал хүлээж байсан. Намынхаа эмэгтэйчүүдийн квотын "бэлгэдэл” гэмээр энэ бүсгүй 2016 онд ч дахин нэр дэвшиж, даагаа нэхэхээс буцахгүй.
ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар албан тушаалаа өгснөөс хойш 2016 оны сонгуульд бэлтгэж эхэлсэн нэгэн. УБ хот дахь Дорнод аймгийн Нутгийн зөвлөлийг тэргүүлж, төрөл бүрийн хандив буяны ажилд тун ч идэвхийлэн оролцсоор ирсэн. 2012 оны сонгуулийн өмнөхөн Дорнод нутаг клубын тэргүүн С.Отгонбаатар өглөг буяны үйл ажиллагаагаар сонгогчдод танигдах бодлого баримталж, багагүй мөнгө цацсантай яг адил тактикаар явж буй нэгэн гэхэд болно. Д.Цогтбаатар нь АН доторх Алтан гадас фракцид харъяалагддаг ч хоёр жилийн өмнө "Би фракциас гарлаа. Намд фракц хэрэггүй” хэмээн хэвлэлийн бага хурал хийж мэдэгдсэн. Сонгуулийн намтрын хувьд бусад горилогчдынхоо нэгэн адил мөн л өвдөг шороодож байсан түүхтэй. Гэхдээ Дорнодод биш, 2000 оны сонгуулиар Сүхбаатар аймагт. Хэрэв энэ удаа намаасаа виз олдохгүй бол бие даагаад ч хамаагүй дэвших сурагтай.
Дээрх горилогчдоос насаар хамгийн залуу нь Глобал удирдагч сангийн Б.Отгонбат. Өмнө нь манай аймагт нэр дэвшиж байсан ч мөн л ялагдал хүлээсэн. Харин нэр дэвшсэнийх нь "хишгээр” цөөнгүй залуус гадаадад сурч, боловсрол эзэмшээд ирсэн. Энэ жилийн сонгуульд өнөөгийн эрх баригч хүчнээс нэр дэвших хүсэлтэй эрхмүүдийг тоочвол ийм байна. Нэр дэвшүүлэлт 10-аад хоногийн дараа эхлэхээр болж хууль өөрчлөгдсөн ч тойргийн төлөө нам доторх "зодоон” аль хэдийнэ эхэлсэн биз.
МАХН
Ардын намтай эвсэхээр ярьж хөөрсөн ч яг гарын үсэг зурдаг дээрээ буцаж орхисон Н.Энхбаяр даргатай МАХН-ын хувьд Дорнодод сойх хүн цөөнгүй бий. Саяхан тус намын хорооны даргаар "Замтайгаа ирээд буцдаг” Ж.Энхжаргал сонгогдсон. Тэрээр МАХН-аас Дорнодод нэр дэвших магадлалтай хамгийн эхний хүнээр тодорч байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч сүүлийн 2-3 жилийн турш манай аймгийг "усалж” яваа. Намын жагсаалтаар УИХ-д орж ирэхэд нь түүнд Н.Энхбаяр дарга нь "За дөрвөн жилдээ 2-3 тойрог услаарай” гэж захьсан юм гэнэ лээ. Түүнийх нь дагуу О.Баасанхүү гишүүн манай аймгийг, Эрдэнэт хот, Чингэлтэй дүүрэгтэй хамт онилсоор иржээ. Гэвч энэ удаа хаанаас нэр дэвших нь нууц хэвээр.
МАХН-аас нэр дэвших магадлалтай хүмүүсийн жагсаалтад нэгэн шинэ залуу орж ирсэн нь "Буянжаргалан Дорнод” ХХК-ийн захирал Ш.Ганболд. Аймгийн МАН-д улстөрийн ажил хийж байсан тэрбээр саяхнаас МАХН-д элсэхийн зэргэцээ Улаанбаатар-Дорнодын хооронд бизнес эрхлэх болсон. Энэ жилийн сонгууль жижиг тойрогтой тул шинэ залуу хүмүүс сурталчилгаа сайн хийхэд гараад ирэх ч боломж бий.
Бусад
Дээрх намуудаас гадна өөрсдийгөө гуравдагч хүчин хэмээн зарладаг ч энэ удаагийн сонгуулиас гадуур өнжиж буй ИЗНН, МҮАН-ыхныг дурьдахгүй өнгөрөөж боломгүй. ИЗНН-ын дарга С.Оюун 2016 онд АН-ыг дэмжих байр суурьтай байгаа. Тэгээд ч намыг нь СЕХ бичиг баримт дутуу гэх шалтгаанаар бүртгэж авсангүй. Намын дунд шатны байгууллагууд нь АН-тай нэгдэнэ, нэгдэхгүй хэмээн хэл ам хийсээр байгаа ч орон нутагт хамгийн их дэмжлэгтэй Дорнод аймагт АН-аас "албан бусаар” нэр дэвшихийг үгүйсгэх газаргүй. МҮАН-ын томоохон "кадр” М.Энхсайхан ч Дорнодоос гаралтай гэгддэг. Саяхан тэрээр Дорнод аймагт судалгаа тандалт хийлгэсэн мэдээлэл бий. Харин ямар дүн гарсан нь тодорхойгүй.
Энэ жилийн УИХ-ын сонгуульд Дорнодчууд урьдын адил шинэ бие даагчидтай танилцах нь. 4-р сарын 30-ны дотор нэр дэвших хүсэлт, мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн бие даагчид дунд 2 ч Дорнодын хүн явна гэсэн мэдээлэл байна.
УИХ-ын сонгуульд горилогчдын хувьд нэг иймэрхүү дүр зураг харагдаж байна. Чухам хэн гээч эрхэм тунаж үлдэн нэр дэвшихийг 5-р сарын 28-нд харцгаая.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих