Шүлхийн харанга дэлдэж Сүхбаатар аймаг хоёрдугаар сарын 03-наас
өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Манай Аймгийн Засаг дарга 2014 оны
02 дугаар сарын 06-ны өдөр шүлхийгээс урдчилан сэргийлэх А43 тоот
захирамжаа гаргасан. Уг захирамжид "Хаврын морин уралдааныг зохион
байгуулахгүй байх" гэсэн тод томруун заалт бий.
Харамсалтай нь энэхүү захирамж гарсны хоёр хоногийн дараа 2014 оны 02
дугаар сарын 08-нд Цагаан-Овоо сумын нутагт морин уралдаан болжээ.
УИХ-ын гишүүн, аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүн
Х.Болорчулуун, ЭХЯ-ны сайд М.Сономпил нар ч оролцож.
Төр, засгийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд . "нүд чих" болж засч залж
явах үүрэгтэй тэд ийн дунд нь хутгалдан явсаныг аймгийн Засаг даргын
захирамжийг үл тоожээ гэхээс өөрөөр юу гэж ойлголтой. Тэгээд ч Хүүхэд
гэр бүл, хөгжлийн хэлтсээс морин уралдаан зохион байгуулахгүй байх
талаар аймгийн Морин спорт уяачдын холбоонд удаа дараа албан тоот
хүргүүлсэн ч тусыг эс олжээ.
Холбооны тэргүүн нь УИХ-ын гишүүн болохоор бидний дуу хоолой намдаад
байгаа юм болов уу даа гэж суух. Дээрх уралдаанд Хэнтий, Сүхбаатар
аймгаас ч морьд ачигдаж ирсэн талаар иргэд ярьж байна. ХЭА, ДГА гэсэн
дугаартай машинууд харагдсан нь үүнийг батлах биз.
Уралдаан үүгээр зогссонгүй. Саяхан төмөр замд морины уралдаан болсон.
Түүнийгээ уралдаан биш сунгаа гэж мэтгэж суух юм. Угтаа бол сунгаа
уралдаан хоёрын утга нэг баймаар. Сунгаа гэж унаачгүй морь
уралдуулдаггүй л байлтай. Монгол түмний өв уламжлалын салшгүй хэсэг
болсон морин уралдааныг үгүйсгэх гэсэнгүй.
Харин хууль журам, дүрэм захирамжийг хаа хаанаа мөрдөхийг л сануулаад
байгаа хэрэг. Өвлийн уралдааны ард өч төчнөөн хүүхдийн эрүүл мэнд, амь
насны асуудал дагадаг. Ийм ч учраас Хүний эрхийн үндэсний комисс,
Хүүхдийн төлөө үндэсний газраас Монголын Морин спорт уяачдын холбоонд
өвөл цагийн морин уралдаанд хүүхдээр морь унуулахгүй байх тухай зөвлөмж
хүргүүлсэн.
Энэхүү зөвлөмжид "Өвлийн уралдаанд хурдан морь унаач хүүхдийн эрх
зөрчигдөн, эрүүл мэндээрээ ихээхэн хохирдог. Иймээс Монгол Улсын Хүний
эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь
хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан
сэргийлэх зорилгоор өвөл цагийн морин уралдаанд хүүхдээр морь унуулан
оролцуулахгүй байхыг сануулан зөвлөмж хүргүүлж байна" гэж дурдсан
байдаг.
Ирэх сарын 23-нд "Дүнжингаравын хурд 2014" уралдаан болно. Уг уралдаанд
оролцохоор уяачид аль хэдийн бэлдэж эхэлсэн. Харин эртнээс зөвлөмж
заавраа гаргаж зохион байгуулалттай оролцохгүй бол Хэнтийд гарсан
шүлхийг чирээд ирэх магадлалтай.
Хэрэв шүлхий манай аймагт ороод ирвэл эдийн засгийн хувьд хүндхэн
байдалд орно. Ахиад нэг л аймагт шүлхий гарвал вакцин хүрэлцэхгүй гэдгээ
Улсын Мал эмнэлэг үржлийн газраас аль эрт сануулсан. Засаг дарга аа,
захирамжийг тань зөрчиж уралдаан зохион байгуулсан хүмүүст арга хэмжээ
авах цаг болжээ.
Н.Мөнхсайхан
Эх сурвалж: "Дорнод" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих