Сайд байсан байгаагүй Эрүүл мэнд, спортын яамны ажил явдгаараа явж байгаад энэ сонгуулийг дуусгачихна гэж Ч.Сайханбилэг үзжээ. Сайдад нэр дэвшүүлээд байсан Ц.Лхагвасүрэнгийн нэрийг Ерөнхий сайдын саналаар татан авч буй нь өчигдөр чуулганы хуралдаан дээр тодорхой болсон юм. Уг нь онцгой салбар гэдэг утгаараа ч тус салбар нэг сар битгий хэл нэг өдөр ч сайдгүй байх нь зохимжгүй л асуудал. Гэвч тэгээд Ч.Сайханбилэг нарын таалал өөр оршиж таарав. Гэснээс, нөгөө өмнөх сайд Г.Шийлэгдамба маань хаана юу хийгээд явна вэ? Н.Энхбаяр ахдаа өгсөн халуухан сэтгэл нь хөрснийг хэвлэлээр дуулгасан тэрбээр улстөрийн талбараас холдоход хүрэв үү? Магадгүй, хоёр сарыг хориход өнгөрөөсөн түүнд их зүйл бодогдсон ч биз. Ямартай ч түүнийг авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-аас шалгаж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоёр сарын хугацаагаар саатуулсан юм. Батлан даалтад гарсных нь дараа түүний өмгөөлөгч хэлэхдээ "Г.Шийлэгдамбын талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдаж байгаа онц их хэмжээний авлига авсан гэсэн мэдээлэл ор үндэсгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Цаашид хэргийн мөрдөн байцаалт гадуур явагдана” гэж байсан юм. Түүний баривчлагдсан шалтгааныг ажлын өрөөндөө 500 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсантай холбоотой гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд гарч байлаа. Харин Г.Шийлэгдамбын бичсэн гэх ил захидалд өөрийг өгүүлсэн байсан билээ. Уул нь Н.Энхбаяр түүнийг ийм захидал бичих хүн биш гэсний сацуу өөрийнх нь нөмөр нөөлгөөр Монгол төрийн сайдын суудалд хоёронтоо суучихсан, нэг ёсондоо өөрийнх нь итгэлийг даадаг сайн дүү нарын нэг гэдгийг тодотгосон л доо. Тэгээд сонгууль дөхсөн энэ үед Н.Энхбаяраар удирдуулсан МАХН-ыг зайлуулах жүжгийн нэг хэсэг гэж үзэж байгаагаа илэрхийлсэн л дээ. За харин Г.Шийлэгдамба болохоор баригдах үед нь өөрт нь байсан мөнгө бол авлигын ямар ч сэдэл шалтгаангүй, харин намын санхүүжилтэд зориулахаар л хүнээс авсан мөнгө гээд байдаг. Гэхдээ тэр намын Генсекийн хувьд намынхаа санхүүжилтийн төлөө хүнээс мөнгө авсан гэхээсээ, Н.Энхбаярын тулгалтад л орж хүнээс мөнгө авахад хүрсэн гэх ойлгоцыг нийгэмд өгсөн юм. Түүнчлэн Н.Энхбаяртай олон жил шадарлаж яваа Г.Шийлэгдамба орон шоронд хоригдож, хатуу хөтүүг үзснийхээ дараа ийн байр сууриа эрс өөрчилсний цаана чамгүй асуудал нуугдаж байж болох.
За тэгээд улс төр гэдэг хэн хүн дурлаад байхааргүй бохир гэдгийг энэ мэтээр харж болно. Өнөөдрийн тухайд үл ойлгогдом байдлаар хэн хэндээ хандаж байгаа мэт харагдах Н.Энхбаяр, Г.Шийлэгдамба хоёрт "халуухан” явсан он жилүүд бий. Ямартаа л Н.Энхбаярыг АТГ-аас баривчлахаас өмнө "Монгол улсын үе, үеийн төрийн өндөрлөгүүдэд тохиолдсон хүндхэн хувь заяа Н.Энхбаяр ерөнхийлөгчид битгий тохиолдоосой билээ” гэх сэтгэл зовнисон үгсийг Г.Шийлэгдамба хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байдаг.
Түүнчлэн Н.Энхбаярыг Солонгост байх үеэр Монголоос зорьж очин эргэн тойрч байсан хүмүүсийн эхэнд Г.Шийлэгдамбын нэр бичигдэнэ. Хоёр гурван жилийн өмнөх сар шинийн баяраар намын даргатайгаа золгож ирчихээд юу ярьж байсныг нь санаж л байна. Г.Шийлэгдамбаас "Н.Энхбаяр удахгүй улстөрд эргэж ирнэ, Засгийн газарт орох нь гэсэн таамаглал байна. Уулзалтаар энэ талаар яригдав уу? хэмээн сэтгүүлч асуухад "МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улс гэлтгүй олон улсад нэртэй улстөрч гэдгийг бүгд хүлээн зөвшөөрнө. Энэ хүний хуримтлуулсан туршлага, мэдлэг боловсролыг Монгол Улс ашиглах ёстой гэж бид үздэг. Түүнээс биш өнөө маргаашгүй ирж УИХ-ын гишүүн болж Засгийн газарт орж ажиллах талаар яриагүй. Ер нь цаг хугацаа бүхнийг харуулна. Тодорхой хугацааны дараа ямар нөхцөл байдал бүрдэх нь үү. Түүний хувьд МАХН-ын дарга хэвээрээ байгаа. Энэ ч үүднээс намын нөхөдтэй уулзаж санал бодлоо хуваалцаж байгаа. Энэ нь шууд бус утгаараа өөрийн бодол санааг УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа гишүүд болон намын гишүүдээр дамжуулж илэрхийлэх бололцоо нөхцөл өнөөдрийн хувьд байна гэсэн үг. Манай намын олон мянган гишүүд, дэмжигчид түүнийг эх орондоо эргэж ирээсэй гэж хүлээж байгаа.” хэмээн хэлж байсан нэгэн.
Түүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас буусныхаа дараа Австралийн Мельбурн хот дахь "Charles Sturt University’’-д мастерын зэрэг хамгаалаад эргэн ирэхэд нь МАХН нь хоёр хуваагдсан үе таарч байсан юм билээ. Харин тэр Н.Энхбаярыг дагасан. Дагасан шалтгаанаа "Надад МАН-ын батлах ч байгаагүй. Энэ нь нэг талаас гадаадад сурч байсантай холбоотой байх. Тиймээс би МАН-д өөрийгөө албан ёсоор элсээгүй гэж үзэж байгаа. Ингээд 1997 онд анх элссэн намдаа 2012 онд Австрали улсаас ирээд гишүүнчлэлээ сэргээсэн үйл явц болсон юм. Түүнээс биш МАН-д элсэж ороод бас гараад МАХН-д орсон юм биш” хэмээн тайлбарласан байдаг.
Жил ч хүрэхгүй хугацааны өмнө олны нүдэн дээр тунчиг дотно явсан ах дүү хоёр сонгуулийн энэ өдрүүдэд өмнөх харилцаагаа санагалзаж байж ч болох. Хэрэв Г.Шийлэгдамба МАХН-ын эсрэг жүжиг тоглоогүй бол, Н.Энхбаяр нь түүнийг хэргээ гаргасан гэж үзээгүй бол эргээд уулзах ашиг сонирхлын цэг гэж байдаг нь улстөр дэх бичигдээгүй хууль юм даа.
Эх сурвалж:Шуурхай.мн Б.Тамир
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих