Дорнодчуудын амьдралыг тэтгэгч Хэрлэн гол маань цэвэршилтийн зэргээрээ 2-т бичигддэг цэвэр уст голуудын нэг билээ. Гэтэл сүүлийн үед хүмүүс та бидний буруутай үйл ажиллагаанаас болж бохирдох хандлагатай байгааг байгаль хамгаалагчид хэлж байна. Тухайлбал Хэрлэн голын эхэнд уул уурхайн олборлолт хийгддэг, Төв, Хэнтий, Дорнод аймгийн иргэд голын эрэг дагуу амарч зугаалахдаа хог хаягдлаа их хэмжээгээр хаядаг, машин тэргээ угаадаг зэрэг нь голын ус бохирдуулах үндсэн шалтгаан болжээ.
Ердөө ганцхан куб метр бохир ус л гэхэд 40-60 м3 цэвэр усыг бохирдуулдаг гэнэ. Аливаа гол мөрөн бүр өөрийн усаа тодорхой зай, талбайг туулах явцдаа цэвэршүүлдэг боловч уг процесс нь тухайн голынхоо урсац, усны хурдаас хамаарч харилцан адилгүй байдаг аж. Хамгийн багадаа л 50-100 км урсаж байж бүрэн цэвэршдэг байна. Тэгэхээр удаан урсгалтай Хэрлэн голын ус цэвэршиж амжилгүй хичнээн хол зайг туулах нь ойлгомжтой юм. Олон улсын тогтсон жишгээр бол голын усны бохирдлыг 5-25 хүртэлх баллаар дүгнэдэг байна. Тэгвэл Хэрлэн голын бохирдлын үзүүлэлт 8-12 баллд хүрчээ.
Манайхан Хэрлэн голынхоо эргийг цэвэрлэх бүх нийтийн арга хэмжээг үе үе зохиодог ч цэвэрлэгээнд оролцсон хүн бүр голын эрэг дагуух хог хаягдал жилээс жилд нэмэгдсээр байгаа тухай ярьдаг нь нэгийг бодогдуулна. Усны бохирдол нь усанд амьдрагч төрөл бүрийн амьд биетүүд болон түүгээр хооллогчдыг хордлуулаад зогсохгүй элдэв халдварт өвчин үүсгэх эрсдэлтэй. Хэрлэн гол бол аймгийн төв болоод хэд хэдэн сумынхны ундны гол эх үүсвэр. Цагтаа саваа халин үерлэдэг байсан гол маань татрах тийшээгээ хандаж, загас жараахай ч цөөрсөөр байгааг та бид мэднэ. Хэрэв бид энэ чигээрээ Хэрлэн голынхоо усыг элдэв хог новшоор дүүргэсээр байвал бохирдолтой голын жагсаалтад бичигдэх цаг ойрхон байна.
Урин дулаан цаг ирж, голын эрэг дагуу амарч зугаалагчдын тоо олширлоо. Дорнодчууд та бид идэж уусан хоол хүнсний үлдэгдэл, сав суулга, элдэв хогоо байгальд хаяж орхихгүй байх нь л Хэрлэн голоо хайрлан хамгаалж, дээдлэн шүтэжявдгийн бодит илэрхийлэл болно.
Г.Алтанхуяг / Dornod.NET
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих