-Хүүгийнхээ хаана, юу хийж явааг мэдэхгүй байгаа хүн нийслэлчүүдийнхээ амьдралыг яаж ойлгох вэ дээ-
Хотын дарга Э.Бат-Үүл өчигдөр "Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хүү Э.Чулуудайгийнхаа талаар тун хариуцлагагүй мэдээлэл хийж олны дургүйцлийг хүргэлээ. Тодруулбал, өнгөрсөн мягмар гарагт Панамын хуулийн фермээс алдагдсан 11.5 сая ам.долларын мэдээллийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид бүрэн эхээр нь дэлгэж, дэлхий нийтэд шуугиан тарьсныг хүн бүр мэднэ. Тухайлбал, уг мэдээлэлд манай улсаас оффшор бүсэд данстай 49 хүний нэр тодорч үүний дотор хотын даргын хүүгийн нэр цохиж явсан юм. Энэхүү мэдээлэл ил болсноос хойш нэр нь бүртгэлтэй улстөрчид яаран сандран мэдээлэл хийж өөрсдийгөө буруугүй мэтээр тайлбар хийж эхэлсэн юм. Тэгвэл эднээс яаж дутах вэ гэсэн шиг Э.Чулуудай ч тэр өдрөө тайлбар хийсэн бол түүний араас буюу гурав хоногийн дараа Үүл дарга "Сайдын цаг”-т орохдоо хүүгийнхээ талаар ийн хэлж олны нүдийг орой дээр нь гаргасан юм. Тэрбээр "Чөлөөт хэвлэлийн буянаар би хүүгээ оффшор данстай байсныг мэдлээ. Ингээд хүүгээсээ энэ талаар тодруулж асуусан. Хүү маань хэлэхдээ "2011 онд хэсэг найзтайгаа нийлж, бизнес эрхлэх зорилгоор тэр дансыг нээлгэсэн” гэсэн. Мөн тухайн үед хамтрах гэж байсан компани нь оффшор данстай, бүртгэлтэй байхыг шаардсан юм билээ. Би хүүдээ хандаж, ямар ч үйл ажиллагаа хийсэн заавал хуулийн хүрээнд байх ёстой шүү гэдгийг сануулсан. Миний хүү шударга, ил тод, нээлттэй хүн. Түүний бүхий л үйл ажиллагаа олны өмнө ил байдаг” гэв. Ямартай ч Үүл дарга хүүгээ оффшор данстай гэдгийг мэдээгүй байж байгаад дөрөвдэхь засаглалын буянаар мэдсэн болж байгаа юм. Тиймээс л олон нийт энэхүү хариуцлагагүй, тоомжиргүй гэмээр мэдээлэлд ихэд эгдүүцэж цахим ертөнцөөр өөрсдийн санаа бодлоо илэрхийлсээр байна. Хүүгээ хаана, юу хийж явааг нь мэдэхгүй хүн яаж Нийслэлийн иргэдийн аж амьдралыг мэдэх юм бэ гэсэн үгсийг иргэд ч хэлж байна.
СХД-ийн иргэд Үүл даргад үгээ дайсан ч тусыг эс олсон
Ийн хэлэхийн учир нь өнгөрсөн сараас эхэлж СХД-ийн иргэд тус дүүргийн Засаг дарга М.Чинболд болон зарим удирдлагуудын хууль бус томилгоо болон тэдний эрээ цээргүй үйлдэл хэрээс хэтэрснийг мэдэгдэж эдгээр хүмүүсээ эргүүлэн татахыг шаардсан хэвлэлийн хурал олонтаа хийж Үүл даргад өөрсдийн үгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан дайж байсан юм. Гэтэл хотын дарга нийслэлийн "эцэг” гэх эрхэм алдрыг зүүсэн мөртлөө эсрэгээрээ жирийн ард иргэдийнхээ үгийг юман чинээ бодолгүй нэр бүхий хүмүүсийг албан тушаалд нь хэвээр үлдээж хариуцлага тооцохыг хүсэхгүй байгаа учраас уржигдар дахин хэвлэлийн бага хурал хийж хууль бус томилгоонуудаа эргэж харахгүй бол олон зуун хүн ажил амьдралаараа тоглуулж байгаа хэд, хэдэн жишээг дурьдсан юм.
Тухайлбал, тус хурлын үеэр иргэд "СХД-н хууль бус Засаг дарга төсвийн мөнгийг түнтийтлээ халаасласа М.Чинболд олон зуун хүний ажил амьдралаар тоглож байгааг Үүл дарга хөхиүлэн дэмжээд бүр хамгаалж өмгөөлөөд байна. Хамгийн сүүлийн үеийн жижигхэн юм шиг "том” асуудал бол СХД-н V хорооны Засаг дарга М.Одонхүүг хууль бусаар хүч түрэмгийлэн ажлаас нь чөлөөлж өрөөг нь эвдэн сүйтгэж тонон дээрэмдсэн хэрэг гарсан. Мөн VII хорооны Засаг дарга Г.Оюунчимэг хэдийгээр АН-ын гишүүн ч гэлээ МоАХ фракцын бүрэлдэхүүн биш гэж ажлаас нь хууль бусаар халсан. 27 дугаар хорооны "Нарлаг СӨХ”-ны захирал Б.Норовсүрэнг бас хууль бусаар ажлаас нь халсан. СХД-н Засаг даргын орлогч Ш.Хажидмаа СХД-н Эрүүл мэндийн нэгдлийн дарга байхдаа 73-н хүнийг ажлаас нь хууль бусаар халсан. Тодруулбал, Ш.Хажидмаа нь АТГ шалгагдаж байсан ашиг сонирхолын зөрчилтэй этгээд. Уг нь Ш.Хажидмааг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат ажлаас нь халах тушаалыг гаргаж байсан юм. Гэтэл ажлаасаа халагдаад хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа хүнийг засаг даргын орлогчийн албан тушаалд томилж байх жишээтэй. Ингээд тоочоод байвал хууль зөрчсөн маш их үйлдэл гарна. Эдгээр асуудлын төлөө дуугарсан хүн бүр буруудаж ажлаасаа халагдаж амьдарлаараа хохирч байгааг Үүл дарга дэмжээд байна. Цалингаас цалингийн хооронд амьдардаг ард түмэн чинь туйлдаж, сөхөрч байна” хэмээх дээрх үгсийг СХД-ийн удирдлагууд болон хотын даргад үгээ дайж иргэд хурал хийсэн юм.
Ямартай ч иргэд түүнээс мөнгө төгрөг хүссэнгүй зөвхөн Шударга ёсыг хайж, зөв шийдвэр гаргахыг л хүссэн. Уг нь Үүл дарга удахгүй болох УИХ-ын сонгуулиар нийслэлийн намын штабаа ахалж сонгуульд оролцохоор болсон. Нөхцөл байдал ийм байхад яагаад тэрбээр иргэдийнхээ үгийг тоож харалгүй хууль бус үйлдэл хийж буй хүмүүсийн албан тушаалыг ийнхүү хаацайлхад хүргэсэн юм бол гэдэг нь хачирхалтай. Ямартай ч хүүгээ гадны улс оронд данстай байсныг нь мэдээгүй байгаа хотын дарга маань дээрх иргэдийг үгийг сонсох нь юу л бол гэсэн бодол төрснийг нуух юун.
Өглөөний сонин Р.Саруул
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих