/богино үгүүллэг/
Ээж нь хүүгийнээ араас цүнх дүүрэн ямар нэгэн зүйл дааж ядан тэвэрсээр орж ирэв. Хүү ширээний буланд суугаад зөндөө л юм ярив. Ийм багаасаа ингэж гулгиж цалгиж ярьж сурах гэж гайхан суулаа. Чимээгүй л сууж байсан ээж нь гэнэт л цүнхээ уудлаад том жижиг цом өргөмжлөл ширээн дээр өрж гарав.
-"Чамайг ажигласан чинь миний хүүг нэг их тоохгүй байх шиг санагдаад " гэснээ " ийм, тийм газрын шагнал" гээд эхнээс нь дуржигнуулж гарлаа. Гайхах зүйл байсангүй, ийм хэл амыг хүү ээжээсээ л өвлөжээ.
-Би хүүгээ ирээдүйд бэлдэж байгаа. Маш том хүн болно. Тиймээс найруулга одооноос сурах шаардлагатай. Хожим зав чөлөө олдохгүй учраас бид хоёр ярилцаад одоо л сайн бичиж сурахыг мэдэх хэрэгтэй байна. Та ямар ямар арга байдгийг нь заагаад өг. Цагийн төлбөр тань хэд вэ? гэснээ загасны хайрсан хар түрийвч гаргаж ирэв.
-Миний хүү бичсэнээ уншиж өг. За бараг л өдий насны хүүхдийн бичсэн гэхэд хэмээн сүүрс алдаад над руу харав. Хүүгийн хэдэн үгүүлбэрт хөл толгой алга. Үгүүлбэр бүхэн нь БИ гэж эхлэх юм. БИ шүү дээ. Аятайхан аргалаад тэднийг гаргалаа. Ээж хүүгээ хөтөлсөөр яаран явав. Дараагийн хичээл хүлээж байгаа гэнэ. Сандлаа түшээд хэсэг бодлоо. Зав чөлөө олдохгүй болно гэнэ. ээ. Аймаар юм. Цаг хугацаа харин яаж шийдэх бол. Цаг хугацаа чамаас гуйя. Ээжийн сэтгэлийг битгий л гонсойлгоосой.
Нэг тамхи асаагаад гүн гэгч нь сорлоо.
2016-05-16 СӨҮЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих