1927 онд Колумбын Аракатака хотод мэндэлсэн Габо XX зууны Латин Америкийн утга зохиолын нэртэй төлөөлөгч болж, шидэт реализм хэмээх урсгалыг бий болгосон билээ. Үлгэр домгийн гэмээр Макондо хот дахь Аурелиано Буэндиагийн гэр бүл, үр удмын талаар өгүүлдэг "Зуун жилийн ганцаардал” роман энэхүү шидэт реализм хэмээх урсгалыг төрүүлсэн юм. 1967 онд гаргасан энэ бүтээл 1982 онд Нобелийн шагнал авчирсан. Шүүмжлэгчид түүний бүтээлийг Латин Америкийн шидэт реализмд хамааруулдаг ч тэрээр өөрийгөө туйлын реалист, тэр бүү хэл бүр социалист реалист гэж зарласан удаатай. Монголын уншигчид "Зуун жилийн ганцаардал” романыг Хатагин Го.Аким абугайн яруу сайхан орчуулгаар уншиж танил болсон юм. Ингээд Габриель Гарсия Маркесийн жил гаруйн өмнө хэвлэлд өгч байсан ярилцлагыг толилуулъя.
-Сэтгүүл зүйн гүйцэтгэж чадахгүй, зөвхөн романаар хийх зүйл гэж бий юу?
-Тийм зүйл байхгүй ээ. Ямар ч ялгаагүй шүү дээ. Эх сурвалж нь ижил, материал нь ижил, нөөц боломж нь, хэл нь ч ижилхэн. Даниэл Дефогийн "Тахлын жилийн тэмдэглэл” бол мундаг роман, харин Хирошима бол сэтгүүл зүйн гайхалтай ажил.
-Сэтгүүлч, зохиолч хоёр бодит үнэн ба уран сэтгэмжийнхээ тэнцвэрийг хадгалах тал дээр хоорондоо адилгүй хариуцлага хүлээнэ биз?
-Сэтгүүл зүйд ганцхан ташаа баримт бүхий л ажлыг унагаж орхидог. Харин уран зохиолд ганц үнэн баримтаар л зохиолоо бүхлээр нь зөвтгөчихнө. Ийм л ялгаа бий. Зохиолч хүн уншигчдаа итгүүлж чадаж байвал юу ч бичиж болно.
-Та хэдийнээс яаж бичиж эхлээ вэ?
-Зургаар... Уншиж, бичдэг болохоосоо өмнө сургууль, гэртээ дандаа л хүүхэлдэй зурдаг байлаа. Ахлах ангид байхдаа хүний өмнөөс барьчих ганц ч хуудас юм бичээгүй мөртлөө нэг их том зохиолчийн нэр хүндтэй амьтан байснаа бодохоор инээд хүрдэг. Сургуулийнхан намайг ирээдүйтэй зохиолч гээд итгэчихсэн болохоор айлтгалын захидал, элдэв юмаа зөвхөн надаар л бичүүлнэ. Харин коллежид ороход уран зохиолын суурь мэдлэг маань үеийнхний дунджаас хамаагүй дээгүүр болж таарсан л даа. Боготагийн их сургуульд олон найз нөхөд, танилтай болж тэднээрээ дамжуулаад шинэ үеийн зохиолчидтой их сайн танилцсан. Нэг орой найз маань надад уншуулахаар Франц Кафкагийн "Хувирал”-ыг авчирч өглөө. Би дотуур байрандаа эргэж ороод өнөөхөө уншиж гарав. Эхний өгүүлбэрийг нь уншаад л орноосоо ойччих шахсан. Тэгтлээ их гайхсан хэрэг. "Грегор Замза тэр өглөө хар дарсан зүүднээсээ арайхийн сэрэхдээ өөрийгөө орон дотроо томоос том шавьж болчихсон байхыг олж харав” гэж эхлэдэг шүү дээ. Тэр өгүүлбэрийг уншаад тийм зүйл бичих өөр ямар хүн байх билээ дээ гэж бодсон. Кафкаг эрт уншсан бол тэр хэрээрээ эрт бичиж эхлэхгүй юу. Тэгээд л би шууд богино өгүүллэгүүд бичиж эхлэсэн дээ. Гэвч өгүүллэгүүд маань гарч эхлэхэд намайг Кафкагийн бус Жойсийн нөлөөнд автсан гэцгээж билээ.
-Эхэн үеийн тань бичлэгт хамгийн их нөлөөлсөн зохиолчдоосоо дурдаач?
-Богино өгүүллэг бичих арга, хандлагыг маань өөрчилсөн хүмүүс бол Америкийн Алдагдсан үеийн зохиолчид л доо. Тэдний бичлэгт миний өгүүллэгүүдэд огт байдаггүй бодит амьдралтай холбогдсон шижим бий.
-Залуу зохиолчид өөрсдийнхөө хүүхэд насны үнэт зүйл, туршлагыг үгүйсгэх нь элбэг юм шиг. Та тэгж боддог уу?
-Үгүй дээ. Наадах чинь арай өөр маягаар өрнөдөг үйл явц байх. Гэвч би залуу зохиолчдод зөвлөх болвол өөртөө тохиолдсон зүйлийн тухай бич гэж зөвлөнө. Үнэндээ миний зохиолуудад бодит амьдралаас улбаалаагүй нэг ч өгүүлбэр байхгүй атал хүмүүс уран сэтгэмжинд маань л хамгийн том магтаалыг өргөдөг шүү.
-Та хэнд зориулж бичдэг байсан бэ? Хэн таны уншигч байв?
-"Навчсын шуурга” бол миний зохиолуудад үнэнхүү дуртай, надад үргэлж тусалж ном зохиолоо өгч уншуулдаг байсан найз нарт минь зориулагдсан ном. Ерөнхийдөө хэн нэгэнд зориулж бичнэ л дээ. Бичиж байхдаа би энэ хэсэг тэр найзад маань таалагдана даа, энэ бүлэг нөгөө найзад маань таалагдах вий хэмээн заавал тодорхой нэг хүнийг төсөөлж бичдэг. Тэгээд эцэст нь тэр ном бүх найзад маань зориулагдчих нь тэр. Харин "Зуун жилийн ганцаардал”-ыг бичсэний дараа надад ирсэн сая сая уншигчдын чухам юу хүсч буйг нь мэдэхгүй учраас цааш бичих маш хүнд байсан. Тийм үед сэтгэлээр унаж, өөрийн эрхгүй нэг зүйлд баригдаад байдаг. Энэ бол сая сая нүд өөдөөс чинь эгц ширтээд, харин чи тэдний чухам юу бодож буйг огт мэдэхгүй байгаатай л адилхан мэдрэмж юм.
-"Навчсын шуурга”-ны дараагаас эхлээд "Зуун жилийн ганцаардал”-ыг туурвих чадвартай болох хүртлээ өөрийн бичлэгийн хэв маягаа хэрхэн олж авав аа?
-"Навчсын шуурга”-ны дараагаас би ердөө л хүүхэд нас, өсч өндийсөн тосгоныхоо тухай бичье гэж бодсон. Үнэндээ эх орныхоо улс төрийн бодит байдалтай нүүрэлдэхээс, түүний тухай бичихээс зугтсан хэрэг. Болж буй үйл явдалтай тулгарахын оронд тиймэрхүү гунихруу сэтгэлээр бүхнийг өөрөөсөө хүртэл нуух гэж оролдсон маань эхнээсээ буруу байж л дээ. Тэр үед улс төр, уран зохиол хоёрын харилцааны тухай маш их мэтгэлцдэг байсан юм. Харин би энэ хоёрын дундах ангалыг бөглөхийг оролдож байлаа. "Цөвүүн цаг” зохиолоо бичиж дуусгахдаа бүх хандлага маань буруу байгааг мэдэрсэн. Хүүхэд насныхаа тухай бичээд байна гэсэн чинь тэр нь бодсоноос маань ч илүү улс төрийн шинж чанартай болчихсон байсан. Нэгэнт тэгсэн бол түүнийгээ улс орныхоо бодит байдалтай уялдуулах тал дээр маш сайн ажиллах ёстой шүү дээ. Тэгээд л таван жил юу ч бичээгүй. Уг нь нэг юм бичих гэж хүсээд байдаг. Гэвч яг бичих гэхээр юу ч юм дутаад байлаа. Тэр дутагдаад байгаагаа нэг л өдөр олтлоо их төөрсөн шүү. Тэр нь эмээгийн маань бидэнд үлгэр хүүрнэдэг арга байж. Тэгж л "Зуун жилийн ганцаардал”-аа бичсэн юм. Эмээ маань ямар ч үлгэрийг нэг л ер бусын гайхалтай атлаа туйлын бодитой сонсогдохоор ярьдагсан. Чухам тэр өнгийг нь л барьж авсныхаа дараа би романаа шууд эхлүүлж арван найман сарын турш өдөр бүр, толгой өргөлгүй суун бичиж билээ.
-Эмээ тань тэр ер бусын зүйлсийг яаж тийм бодитой болгож ярьдаг байсан юм бол?
-Хамгийн чухал нь эмээгийн нүүр царайны илэрхийлэл. Тэр нүүрээ огт хувиргалгүй ярина. Тэгсэн атал яриаг нь хүн бүр биширч үлдэнэ. "Зуун жилийн ганцаардал”-ыг бичих эхний оролдлогоороо би өгүүлж буй түүхэндээ өөрөө итгэж авталгүй бичих гэж үзсэн. Дараа нь бичиж буй зүйлдээ өөрөө итгэх хэрэгтэй юм байна, тэгээд түүнийгээ эмээгийнхээ үлгэр хүүрнэдэг шигээр өгүүлэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Ямар ч хувиралгүй, хөшингө царайгаар.
-Иймэрхүү өнгө, арга барилаар бичих нь мөн л сэтгүүлчийн чадвартай хамаатай мэт санагдах юм. Таны зохиолуудад хүн итгэмгүй гайхалтай зүйлсийг бүр агшин хормын нарийвчлалтай зурж өгсөн байдаг нь зохиолоо илүү бодитой болгодог юм шиг ээ. Энэ чадвараа та сэтгүүл зүйгээс олж аваагүй гэж үү?
-Наадах чинь л сэтгүүлч хүний, уран зохиолд ч ашиглаж болох уран арга шүү дээ. Жишээ нь, чи заан тэнгэрт нисч явна гэж хэлбэл хэн ч чамд итгэхгүй. Харин тэнгэрт дөрвөн зуун хорин таван заан нисч явна гэж хэлбэл хүмүүс чамд итгэж мэднэ. "Зуун жилийн ганцаардал” бол чухам ийм л зүйлээр дүүрэн зохиол юм. Энэ бол яах аргагүй миний эмээгийн үлгэр хэлдэг арга маяг. Ялангуяа өнөөх өөрийг нь шар эрвээхэйнүүд тойрон нисээд байдаг дүрийг би их сайн санаж байна. Намайг бага байхад гэрт маань нэг цахилгаанчин эр ирдэг байсан юм. Тэр хүний шонгийн модноос дүүжлэгдэхдээ хэрэглэдэг бүсийг нь би их сониучирхдаг байж билээ. Харин эмэг эх маань түүнийг ирэх бүрт гэрээр дүүрэн эрвээхэй нисч үлдэх юм гэж дандаа хэлдэгсэн. Гэвч үүнийг бичихдээ би эрвээхэйг нь шар өнгөтэй гэж тодотгоогүй бол хүмүүс надад итгэхгүй байсан. Би ингэж л бичдэг, ингэж л зохиолоо үнэмшилтэй болгодог. Бусдын үнэмшлийг төрүүлэх нь зохиолчдын хувьд хамгийн том асуудал шүү дээ.
-Зохиолч хүний ганцаардлын тухай юу хэлэх вэ?
-Эрх мэдлийн ганцаардалтай нилээд ойр л доо. Зохиолч хэдий чинээ бодит зүйлийг дүрслэхийг оролдоно төдий чинээ хүссэн зүйлээсээ гуйвчих гээд байдаг. Туурвилдаа бодит чанар олгох гэж хичээх тусам өнөөхөөсөө харилцаа тасарч, хүмүүсийн хэлдгээр ёстой л зааны ясан цамхагт гацчих нь тэр дээ. Харин сэтгүүл зүй ийм гачигдлын эсрэг маш сайн хамгаалагч болж өгдөг юм шүү. Тийм болохоор л би сэтгүүл зүйн ажлаас ямагт зуураатай байдаг юм. Сэтгүүл зүй намайг бодит амьдралтай харилцаатай байхад тусладаг. Ялангуяа улс төрийн сэтгүүл зүй. "Зуун жилийн ганцаардал”-ын дараа намайг нөмөрсөн ганцаардал бол зохиолчийн ганцаардал биш, харин алдар нэрийн ганцаардал байсан юм. Эрх мэдлийн ганцаардалтай эгээ л адилхан зүйл дээ. Ашгүй, найз нөхөд маань л намайг тэр ганцаардлаас аварч үлдсэн дээ.
-Яаж?
-Яахав дээ, би чинь урьдын найз нөхдөө бүхий л амьдралынхаа туршид хэвээр хадгалахыг хичээсэн хүн. Би хуучин найз нөхдөөсөө хөндийрч, харилцаагаа тасладаггүй. Намайг бодит амьдралд маань буцааж аваачдаг хүмүүс дээ. Тэд чинь хөөргөдсөн алдар нэргүй, амьдрахын тулд ямагт бодит ертөнцийн гүнд нь явж байдаг улс.
-Онгодоо зохиомлоор өдөөхийн тухайд?
-Хэмингуэй нэгэнтээ бичиж туурвих нь түүний хувьд яг л бокс шиг гэж хэлсэн. Энэ үг надад маш сайхан санагддаг. Тэр өөрийн эрүүл мэнд, сайн сайхандаа их санаа тавьдаг хүн. Фолкнерийг архичин л гэцгээдэг. Гэвч тэр өгсөн ярилцлага бүртээ согтуу үед нэг ч мөр тавих боломжгүй гэж хэлсэн байдаг. Хэмингуэй ч бас тэгж хэлсэн. Харин уншигчид надаас зарим зохиол тань мансуурлын нөлөөн дор бичигдсэн үү гэж асуусаар байх юм. Сайн зохиолч байхын тулд бичиж туурвих агшин хором бүртээ туйлын ухаан сэргэг, бие эрүүл байх ёстой. Би л хувьдаа урлах бүтээхийн тухайд заавал ядуу дорой, зовлон гунигтай байж сайн зохиол бичнэ гэх мэт элдэв романтик төсөөллийн эсрэг байдаг. Түүний оронд бие махбодь болоод сэтгэл санааны хувьд эрүүл саруул байх ёстой. Утга зохиолын нээлт хийх гэж зүтгэж яваа хүнд эрүүл мэнд юу юунаас чухал гэж би боддог.
-Бичиж туурвихын хамгийн хэцүү нь юу вэ?
-Хамгийн хэцүү нь зохиолоо эхлүүлэх. Эхний хэдэн өгүүлбэрээ тавих гэж би хамаг цагаа үрдэг. Тэгж тэгж нэг бичээд авбал үлдсэн хэсэг нь хар аяндаа л урсаад явчихна. Эхний хэдэн өгүүлбэрээр л номын тань ихэнх асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Сэдэв нь, өнгө аяс нь, бичлэгийн хэлбэр нь бүгд эхний өгүүлбэрүүдээр тодорхойлогдоно. Эхлэлээр нь тэр номын үндсэн уур амьсгалыг мэдэж болно. Чухам ийм л учраас өгүүллэгийн түүвэр бичих нь роман бичихээс хэцүү хэрэг. Шинэ өгүүллэг эхлэх бүртээ бүхнийг шинээр эхэлнэ гээд бод доо.
-Та орчуулагчдын талаар ямар бодолтой байдаг вэ?
-Тайлбар их хэрэглэдэг орчуулагчдаас бусдыг нь үнэхээр хүндэлдэг. Зарим орчуулагч дандаа тайлбарлах гэж оролдсоноос зохиолчийн гаргах гээгүй санаа руу уншигчдыг хөтөлчих нь бий. Орчуулга бол туйлын хэцүү мөртлөө ямар ч шан харамж, үнэлгээгүй хөдөлмөр. Сайн орчуулагч бол тухайн зохиолыг өөр хэлэнд шинээр нээгч юм. Тиймээс л би Григорий Рабассаг маш их хүндэлдэг. Рабасса бол зохиолд маань зүүлт тайлбар хийх гэж надаас санаа тодруулж үзээгүй ганц орчуулагч. Түүний ачаар миний зохиолууд англи хэлэнд цоо шинээр бүтээгдсэн. Уран сайхны хувьд яг таг буулгачихаж болохгүй зүйлс миний зохиолуудад нилээд байдаг л даа. Орчуулагч түүнийг уншаад өөрийнхөө мэдэрснээр дахин бичнэ. Тийм болохоор л би орчуулагчдыг хүндэлдэг. Тэд бол сэтгэлгээний гэхээсээ илүүтэй совин билгийн мэдрэмжтэй улс. Хэвлэн нийтлэгчид тэдэнд хичнээн бага мөнгө төлдөг бай хамаагүй, тэд өөрсдийнхөө ажлыг уран зохиолын нээлт гэж үздэггүйд л хамаг учир нь бий.
-Та орчуулбал юу орчуулах вэ?
-Андре Мальрог бүхэлд нь. Бас Жозеф Конрад, Сэйнт Экзюперийг орчуулбал сайхан л юм. Унших явцдаа энэ номыг л орчуулчих юмсан гэж хорхой хүрэх үе бий. Агуу сонгодгуудыг байя гэхэд тухайн номыг зохиолчийнх нь хэлэнд дөхүүлэх гэж хэт хичээсэн орчуулгаас илүүтэй дөмөгхөн, дундаж орчуулгуудыг олж унших нь амар байдаг. Харь хэлээр уншиж гавих биш дээ. Испани хэлээ л гадарлаж, доторлоно шүү дээ. Гэхдээ би итали, францаар ярьдаг. Хорин жилийн турш "Таймс” сэтгүүлийн элдэв мэдээ уншиж өөрийгөө хордуулсан гэхээр бас тэр дайны англи хэлтэй.
-Таны биширдэг ч олонд хараахан нээгдээгүй байгаа латин америк зохиолч хэр их вэ?
-Намайг яг тэдний насан дээр байхад шүүмжлэгчид миний тухай бичихээсээ илүүтэй Мигель Анхель Астуриасын тухай л бичдэг байлаа шүү дээ. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр, тэр хүүхдүүд өөрсдийнхөө зохиол бүтээл дээр суухаасаа илүүтэй шүүмжлэгчдэд захиа занаа бичиж хамаг цагаа үрж байна. Бичигдэхээс бичих нь илүү чухал шүү дээ. Миний утга зохиолын өсөлт дэвшилтэд хамгийн чухал нөлөө үзүүлсэн зүйл нь тавын таван номоо хэвлүүлчихсэн дөчин настай эр байх үедээ ч би бичсэн туурвисныхаа шанд сохор зоос ч олж үзээгүй байсан үе маань гэж боддог.
-Дуртай номнуудаасаа гадна яг өнөөдөр та юу уншиж байна?
-Үнэхээр итгэдэг хүн маань л надад зөвлөж ятгахгүй аваас өөрийн санаагаараа ном шүүрч аваад байдаггүй хүн л дээ, би. Одоогоор уран зохиолын ном уншихгүй байна. Оронд нь хүмүүсийн дурсамж, баримт мэдээ сэлт л их уншиж байна даа. Баримтат бичлэгүүдийн тухайд хуурамч байсан ч хамаагүй уншдаг. Бас дуртай номоо эргэж уншина. Ямар ч хуудсыг нь сөхөөд өөрийнхөө дуртай хэсгийг цохоод уншчихаж болдогт л эргэж уншихын давуу тал байгаа юм. Дэлхийн томоохон хэвлэл сэтгүүлүүдийг цаг алдалгүй уншихыг боддог. Гэвч тийм сонин сэтгүүл эргүүлж эргүүлчихээд сууж байхад эхнэр маань орж ирээд миний огт дуулаагүй мэдээг ярьж эхлэдэг. Хаанаас тийм мэдээлэл олж уншсаныг нь асуухад гоо сайхны газрын хүлээлгийн өрөөнд байсан сэтгүүлээс харсан гэж хэлдэг. Тиймээс одоо би загварын сэтгүүлүүд, эмэгтэйчүүдэд зориулсан бүх төрлийн хэвлэл, тэр бүү хэл зөвхөн хов жив бичдэг сонин сэтгүүл ч уншиж байна. Тиймэрхүү зүйлсээс маш их зүйл сурч авдаг юм шүү. Ингэж л өдрийг барах юм даа.
-"Зуун жилийн ганцаардал”-ыг кино болгох санал ирж байв уу?
-Тийм ээ. Хувийн төлөөлөгч маань кино уран бүтээлчдийн саналыг хаах үүднээс сая долларын үнэ хэлээд орхисон л доо. Тэгтэл цаадуул нь өнөөхийг нь өгөх болоод... Мань хүн үнийг нь ахиад л хадааж гурван сая доллар болгосон. Үнэндээ надад энэ зохиолоо кино болгох ямар ч сонирхол алга. Би романаа уншигч, зохиол хоёрын хоорондох хувийн харилцааны түвшинд үлдээхийг илүүд үзэж байна.
-Ямар ч зохиолыг торох юмгүйгээр кино болгочихож болно гэж та боддог уу?
-Угаасаа сайн зохиолыг илүү сайжруулсан нэг ч кино нэрлэж чадахгүй нь. Харин муу зохиолыг сайжруулсан маш олон кино мэднэ шүү.
bayasgalanb.blogspot.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих