Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй ч албан бус сурталчилгаа цахим ертөнцөд хэдийнэ хөвөрч эхлээд байна. Зарим улстөрч өөртэйгөө холбоотой эерэг мэдээлэл бүрийг өөрийн болон өрөөлийн цахим хуудсаар дамжуулан цацаж эхэлсэн бол хотын даргын хэлдгээр "нүүрээ нуусан лалар” хэмээх тодотголтой хэсэг нь бусдыг шүүмжилсэн, тэдэн рүү дайрсан, гүтгэсэн кампанит ажлыг минут тутамд явуулж байна. Бусдыг гүтгэх нь хуулиар хориотой ч хаанаас, хэн бичсэн нь тодорхойгүй байдаг болохоор хууль хяналтын байгууллагын төдийлэн ач холбохдол өгөхгүйгээр өнгөрөх нь бий.
Тэгвэл цахим орчинд нэр, хаягаа нууцалж бусдыг гүтгэж, доромжлох нь эргээд буух эзэн, буцах хаягтай байдгийг сануулсан үйл явдал саяхан болжээ. Тодруулбал, Ч.Хүрэлбаатар гишүүнийг нэр, хаягаа нууцапсан фэйсбүүк хаягаас удаа дараа гүтгэж, доромжилжээ. Ингэхдээ бусдын нэр, фото зургийг ашигласан нэр бүхий гурван хуурамч хаягнаас түүний нэр хүндийг санаатайгаар гутаасан, илт гүжирдлэгийн шинжтэй мэдээллийг тарааж эхэлсэн байна.
Тиймээс энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж, хэн өөрийг нь гүтгэж байгааг тодруулахыг хүссэн байна. Түүний мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, уг хаягийг тодруулахад Сүхбаатар дүүргийн VIII хороо "Централ тауэр” барилгын есдүгээр давхарт байрлах "Тесо” корпорацид бүртгэлтэй 43.242.241.90 дугаартай интернэт протоколыг ашигласан болохыг тоггоожээ. "Тесо” корпорац нь Увс аймгийн АН-ын дарга О.Цогтгэрэлийн компани гэдгээр нь хүмүүс эчнээ танина. Харин ирэх сонгуулиар гурван мандаттай болсон Увсын нэг тойрогт Ч.Хүрэлбаатар гишүүнтэй АН-аас нэр дэвшиж өрсөлдөхөөр зэхэж буй О.Цогтгэрэл дарга сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад нэр, нүүрээ нуусан цахим хаягнаас өрсөлдөгчөө харлуулах үйл ажиллагаа явуулж байгаад хуулийнханд ийн гардуулжээ. Нэг ёсондоо хотын даргын хэлсэн нүүрээ нуусан "лалар” нь "Тэсо”-гийн О.Цогтгэрэл болж мэдэхээр байна.
Үүнтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Тэсо корпорацын эзэн, Увс аймгийн АН-ын дарга О.Цогтгэрэлд хандаж хэлэхэд намайг гүтгэж, доромжилж, гүжирдэж, муулах замаар улс төрд орж ирнэ гэж бодож байгаа бол чи том алдаж байна” хэмээжээ. Гэхдээ Ч.Хүрэлбаатар гишүүний мэдээллийн дагуу холбогдох арга хэмжээ авсан цагдаагийн байгууллагын энэ удаагийн ажиллагаа улс төрд ялангуяа сонгуулийн үеэр нүүрээ нууж, бусдыг гүтгэдэг хүмүүст ийнхүү томоохон сануулга боллоо.
С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16926
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих