Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр орой Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзалт ярилцлага хийхдээ 2009 оны 6 дугаар сард сонгогдсоноосоо энэ оны тавдугаар сар хүртэл хийсэн ажлын тайлангаа танилцуулсан юм. Төрийн тэргүүнээ бүх нийтээрээ шууд сонгодог ард түмэн хэчнээн мэргэн, асуудлын голыг олж хөндөж чаддагийг энэ уулзалт ярилцлагаас харж болохоор байв.
Учир нь тэд өөрсдийнх нь сонгосон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэдэг хүн оффшор данс гэгч дуулианы талаар, үүнд манай улстөрчид хэдийнэ нэр холбогдон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлагдаад байгааг хэрхэн үзэж байгаа талаар нь лавлан асууж байлаа. Тэр тусмаа бүр тодорхой болгож УИХ-ын гишүүн С.Баярцогтын нэрийг онцлон дурдсан. Энэ асуултад хэрхэн хариулахыг нь уг уулзалтад оролцсон иргэд төдийгүй Монголын ард түмэн анхаарал тавин сонсов.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариулахдаа, "Иргэд оффшор данстай хүмүүсийн хөрөнгийг нь хурааж, хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа би иргэдтэй санал нэг байна. С.Баярцогт бол төрд гай болж байна. Би түүнд сонгуульд нэр дэвших хэрэггүй. Шалгуул гэж хэлсэн" гэлээ. Төрийн тэргүүн ямар ч байсан худал хэлээгүй байх аа гэж итгэж байна. Угаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Баярцогтоос зай бариад удаж буй нь 2012 оны УИХ-ын сонгуулийн дараахан Засгийн газраа хэрхэн байгуулах талаар зөвшилцөх үед С.Баярцогтыг аль ч сайдаар "бүтцээ зурж” оруулж ирсэн хүлээн зөвшөөрөхгүй дөрвөнтөө буцаасан гэдэг нь үнэн байж мэдэх юм.
Учир нь Ерөнхийлөгч өөрийн мэдээллийн хүрээнд Оюутолгойн гэрээчид уг гэрээг батлагдсаны дараа яаж тансагласан тухайд мушилзанхан, бас хөмхий зуун сонсож байсан гэдэг. Энэ нь тэдэнд хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн "зуулт” байсан болов уу.
Тэр угаас олон хүүхэдтэй айлын эгэл амьдралаа дурдах дуртай. Олон хүүхэд үрчлэн аль болох өөрийн хэмжээнд аз жаргалтай байлгаж буян үйлдэх хүсэлтэй явдгаа харуулдаг. Тиймээс гэнэт баяжсан анд нөхдөөсөө холдож шударга байж чадсан жишээг Х.Баттулгыг зэмлэсэн тэр мөчөөс эхлээд дурдахад хангалттай олдоно.
Энэ удаад Дархан-Уул аймгийн иргэдэд, цаашилбал уг уулзалт ярилцлагыг нь шууд дамжуулсан учраас нийт ард түмэндээ өөрийн баримтлах байр суурийг тодорхой болгож С.Баярцогттой хариуцлага тооцно, сонгуульд нэр дэвших хэрэггүй, шалгуул гэж хэлснээ хэлж "Ард түмний нурууг тэнийлгэж, авлигачдын нурууг бөхийлгөх” амлалтаасаа буцаагүйгээ харууллаа.
Үүний өмнө оффшор дансны асуудал дөнгөж дуулиан дэгдээж эхэлмэгц "Эргийн гадна /offshore/ асуудалд Монгол Улс онцгой анхаарах ёстой. Хуулийн зохицуулалт,хариуцлага,хяналт гээд. Санал байвал ийш: #offshoresanal" хэмээн жиргэсэн байна.
Сонгуулийн өмнө эл асуудал дэлгэгдсэнтэй холбоотойгоор УИХ-ын сонгуулийн өмнөх "пи-ар”-тай хольж хутган замхруулж "гал унтраах” оролдлого хэдийнэ эхлээд байгаа. Гэвч "асуудалтай” нөхдийг шалгуулах, УИХ-ын гишүүний халдашгүй эрхийн төлөө улс төрд орох "хаалга хаалттай” гэдгийг УИХ-ын сонгуульд оролцохгүйгээрээ Төрийн тэргүүн л онцгой анхаарч, нэгэнт үйлдсэн гэмт хэрэг, тэр тусмаа албан тушаалын гэмт хэрэг сонгуулиар уусдаггүйг харуулан шударга ёсоо манаж үлдэх нь гэж ард түмэн нь найдаж байна.
Г.Сүрэн
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих