Улстөрчид ялангуяа УИХ-ын гишүүд дахин суудал горилохоор тус тусын тойргоо бараадаж, нүүрээ улалзуулж яваатай агаар нэг зовлон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бий. Тэр нь, жилийн дараа бүрэн эрх нь дуусгавар болоход ард түмнээс ямар дүн авах, буугаад очиход төрөлх нам АН нь түших эсэх болгоомжлол. Том, жижиг гэлтгүй улс төрийн хүчнүүдэд итгэх иргэдийн итгэл өдрөөс буурч буйтай адилхан рейтинг ч түүнд хамаарах болсоор удаж байна.
Нэг үгээр хэлбэл, төрийн тэргүүн болсон цагаасаа уран илтгэгч, сайн ярилцагч байхын зэрэгцээ хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрээрээ анхаарлын төвд оршиж ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн имиж өдгөө бусдаасаа ялгарах хэмжээнд очиж чадахгүйд хүрээд байгаа хэрэг. Харин энэ бүхэнтэй эвлэрэхийг, хүлээн зөвшөөрөхийг ч хүсэхгүй яваа төрийн тэргүүний сэдэл хурал зөвлөгөөн, иргэдтэй хийх уулзалтын үеэр нөлөө бүхий улстөрчдийг нэр цохсоноор тодордог болж байх шиг.
Хамгийн сүүлд, Дархан-Уул аймгийн иргэдэд долоон жилийн хугацаанд хийсэн ажлын тайлангаа тавих үеэр илэрхийлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байр суурь дахин анхаарлын төвд оров. Уулзалтын үеэр олны анхаарлын төвд хэдийнэ орсон, одоо ч шүүмжлэл дагуулсаар байгаа оффшор данстай холбоотой асуултыг нэгэн иргэнээс тавьсан. Ингэхдээ Засгийн газрын ХЭГ-ын дарга С.Баярцогтыг оффшор дансандаа сая ам.доллараа мартсан, арга хэмжээ авч болохгүй юү гэдгийг Ерөнхийлөгчөөс асуусан байдаг. Хариуд нь Ерөнхийлөгч "Би С.Баярцоггод нэг зүйл хэлж байгаа. "Чи сонгуульд нэр дэвшихээ боль. Хариуцлага хүлээх ёстой. Чи өнөөдөр сайд, УИХ-ын гишүүн хийгээд явж байгаа чинь Монголын төрийг муухай харагдуулаад байна. Ийм хүмүүсээс Монголын төр салж чаддаг байх ёстой” гэж хэлж байгаа. Энэ бол миний байр суурь. Энэ хэвээрээ байх ёстой. Тэгэхээр энэ хүн дахиж УИХ-д нэр дэвших ёсгүй л гэж харж байгаа” хэмээсэн нь зааланд хурсан олны талархлыг хүлээж, төрийн тэргүүнийг алга ташилтаар шагнав.
Нэг талаасаа төрийн тэргүүний хэлсэн үг хууль ёсонд нийцсэн, олон нийтийн дэмжлэг хүлээх санаачилга байж болох ч нөгөө талаас ард түмэн дургүй байгаа хүн бүрийг нэр цохож өөртөө оноо цуглуулах гэсэн Ерөнхийлөгчийн ээлжит нэгэн пи-ар гэж ч харж болох. Яг л Прокурорын байгууллагын 85 жил, нийгмийн идэвхтэй залуус, цахим ергөнцийнхөн болох твиттерийн жиргээчид, фэйсбүүкчидтэй хийсэн уулзалтын үеэр зарим улстөрчдийг нэр цохож хэлсэн шиг. Олон нийтийн ой тойнд оффшор данс хэмээх ойлголтыг хамгийн түрүүнд оруулж, холбогдох тайлбарыг хийж, УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгсөн хүн нь С.Баярцогт мөн үү гэвэл мэдээж мөн. Үүгээрээ С.Баярцогт өнөөгийн улстөрчдөөс хамгийн муу нэртэй нэгэн болсон байж мэдэх. Гагцхүү С.Баярцогтын оффшор данс илрэхэд төрийн тэргүүнээр ажиллаж байсан Ерөнхийлөгч ямар нэгэн байдлаар байр сууриа илэрхийлээгүй атлаа долоон жилийн тайлан тавихдаа л Дарханы индэрээс нэр цохож онцлох болов гэдэгт хамаг учир байна.
Нөгөөтэйгүүр, Монголын төрийг оффшор данстай улстөрчид муухай харагдуулаад байгаа нь үнэн юм бол С.Баярцогтын "но” илрэхэд Ерөнхийлөгч яагаад хөдөлсөнгүй вэ гэсэн асуулт гарч ирж байна. Зүй ёсоор С.Баярцогт УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгч, ёс зүйн хариуцлага хүлээх нь чухал биш бүрэн эрхээсээ татгалзаад хууль хяналтынханд шалгуулсан, тэрийг нь Ерөнхийлөгч өөрөө үүрэг өгөөд прокурор, шүүх байгууллагаар дэнслүүлсэн бол олон нийтэд гоё харагдах байв. Оффшор бүсэд бүртгэлтэй компаниас хувьцаа эзэмшдэг олон нийтэд ил болоод байгаа төрийн өндөр албан тушаал хашиж байгаа болон байсан эрхмүүдэд ч энэ жишиг сургамж болж Монголын улс төр эрүүлжих эхлэлийг тавих байлаа шүү дээ.
Гэвч ниргэснийх нь дараа хашгирав гэгчээр АН-д үүссэн зөрчлийн үр дүнгээр нэг завин дээр суусан Ч.Сайханбилэгийнхээ хамтрагч, бүр тодруулбал багийн нөхөр С.Баярцогтыгоо баалах болсны цаана нь Ерөнхийлөгч өөрөө асуултын тэмдэг үлдээв. Шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцохыг хориглосон Үндсэн хуулийн заалт бий. Үүн шиг өнөөдөр оффшор данс нь илэрчихээд байгаа нэр бүхий эрхмүүдийн гэм буруутай эсэхийг шүүх л дэнслэнэ. Энд С.Баярцогт ч хамаатай. Хамгийн гол нь, хуулийнхан шалгаж эхлэхээс шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл бүх асуудал хуулийн дагуу явахад дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, хөндлөнгийн нөлөө орохгүй байхад Ерөнхийлөгч оройлон оролцох учиртай. Тэгэхгүйгээр наанаа шударга байцгаая гэж ярьчихаад цаагуураа дүлий дүмбэ оргиод суугаад байвал Монголын төрийг муухай харагдуулах хүмүүс олон арваараа төрсөөр байх болно. Ерөнхийлөгчийн аман дээрээ ярьдаг "Шударга байцгаая” хэмээх уриа ч олон нийтэд бэлгэдэл төдий сонсогдсоор байх болно.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих