Хэн хэлснийг нь мэдэхгүй ч ийм нэгэн яриа улс төрийн хүрээнд хэдийнэ өндрөө авчээ. Магадгүй шинээр баталсан Сонгуулийн хуульд хэд хэдэн хатуу заалт оруулсантай холбогдуулж зориуд гаргасан яриа ч байж мэдэх. Намуудын өмнөө тавьсан зорилго, нэр дэвшигчдийн марафоноос харахад энэ удаагийн УИХ-ын сонгууль урьдахаасаа илүү өрсөлдөөн, хэл ам дагуулах нь тодорхой. Сурталчилгааны хоногийг 18 хоног болгож бууруулсан нь ч шинээр нр дэвшигчдэд халтай тусч, бүрэн танигдаж амжаагүй байхдаа сонгуульд оролцохоор болоод буй. Гэхдээ ирэх сонгуулиар хамгийн их дэврээж мэдэх асуудал нь хуулийн цоорхой ашиглах улстөрчдийн сэдэл.
Учир нь, шинээр баталсан хуульд сонгогчдод мөнгө, эд зүйл тарааж УИХ-ын сонгуульд сонгогдсон тохиолдолд хүчингүй болгох, эргүүлэн татах хүртэл заалт бий. Өмнөх хуулиудад ийм заалт тусгаж ирсэн ч одоогийн хатуу заалт зарим талаараа улстөрчдөд давуу тал үүсгэж мэдэхээр байгаа юм. Жишээ нь, нэр дэвшигч Дондогтой өрсөлдөж байгаа Дулмаа өрсөлдөгчөө унагаахын тулд Дондогийн өмнөөс сонгогчдод мөнгө тарааж болно. Хэдийгээр зохион байгуулагч нь Дулмаа ч хуулийн өмнө хариуцлага хүлээх нь Дондог болно гэсэн үг.
Нэг ёсондоо ийм сэдлээр нэр дэвшигч өрсөлдөгчдөө нэг нэгээр нь намнах хэрэг. Тиймээс л Дулмаагийн арганд орохгүйн тулд сайн хуульч хэрэгтэй гээд байгаа юм. Бараг хуульчдын сонгууль болно гээд хэлчихэд буруудахгүй. Тухайлбал, Сонгуулийн хуулийн 35.24-д "Нам, эвсэл, нэр дэвшигч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд өөрийн бэлтгэсэн болон захиалсан нийтлэл, нэвтрүүлгийн үнэн зөв, бодитой байдлыг хариуцна. 35.29-д "Энэ хуулийн 35.15.1,35.18.10-т заасныг зөрчиж сонгогчид бэлэн мөнгө, эд бараа тараасныг сонгогч баримттайгаар сонгуулийн хороонд мэдэгдсэнийг тухайн сонгуулийн хороо холбогдох байгууллагад шилжүүлэх бөгөөд уг асуудлыг холбогдох байгууллага үндэслэлтэй болохыг нь тогтоосон тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо тухайн сонгогчид бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай эттээдээр нөхөн төлүүлнэ. 35.34-д "Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасныг зөрчиж сонгогчид мөнгө, эд зүйл тараасан нь тухайн нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдож, Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэх авснаас хойш тогтоогдвол тухайн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон этгээдийн Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэхийг хэрэв тухайн этгээд нь тойргийн хороонд бүртгүүлсэн бол тойргийн хороо нь, хэрэв тухайн этгээд нь Сонгуулийн ерөнхий хороонд бүрггүүлсэн бол Сонгуулийн ерөнхий хороо тус тус хүчингүй болгоно” гэжээ.
Эндээс харахад хуулийн цоорхой ашиглах бүрэн боломжтой болж байна. Жишээ нь, сонгуулийн үеэр нэгнийгээ гүтгэсэн, харлуулах гэсэн мэдээлэл олонтаа цацагддаг. Гагцхүү тэдгээр мэдээлэл нь үнэн зөвд нийцсэн эсэхээс хамаарч тухайн нэр дэвшигч, захиалагчийн сонгогдох эрх нь хязгаарлагдана гэсэн уг. Нөгөө талаас бусдын нэр ашиглан мөнгө тараах Дулмаагийн арга газар авч мэдэх болохоор хуулийн дагуу л бүх зүйлийг явуулахаас өөр сонголтыг улстөрчид хүссэн, хүсээгүй хийх нь.
С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих