Эрүүл мэнд, спортын сайдад С.Ламбааг томилох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр АН-ын бүлэг дөрвөн цагийн завсарлага авлаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "Гишүүд энэ асуудлаар улс төржиж байгаа учир манай бүлэг 4 цагийн завсарлага авахыг хүсч байна” гэснийг УИХ-ын дарга З.Энхболд зөвшөөрч, сайдын томилгооны асуудлыг үдээс хойш хэлэлцэх боллоо.
Гишүүдийн зүгээс УИХ-аар эрүүл мэндийн салбарын тухай суурь хуулиуд баталж байгаатай холбоотойгоор хуулиудын хэрэгжилтэд хэрхэн анхаарал хандуулан ажиллах болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар нэр дэвшигчээс асуусан юм. Харин нэр дэвшигч С.Ламбаа "Эрүүл мэндийн сайдын албан тушаалыг өмнө нь хашиж байсан, одоо ч хариуцлагатай албан тушаалд ажиллаж байгаагийн хувьд хийж хэрэгжүүлсэн, эхлүүлээд явж байгаа олон зүйл бий. Тийм учраас ганцхан сарын хугацаатай сайд болж байна гэж огт бодолгүй, сатааралгүй ажиллана. Сонгуульд ч нэр дэвшихгүй ажлаа хийнэ” гэлээ.
Гишүүд богино хугацаа гэлгүй үүсээд буй нөхцөл байдлыг цэгцэлж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч, ажилтан албан хаагчдын халаа сэлгээг хийлгүй үр бүтээлтэй ажиллахыг сануулж байв. Мөн Засгийн газар хууль зөрчиж, энэ салбарыг удаан хугацаанд эзэнгүй явуулсныг нэлээд шүүмжиллээ. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүнд "Одоо сонгууль дөхөж байгаа учир гишүүд илт улс төржиж байна. Энэ салбар цалгардаагүй. Мөн Засгийн газар хууль зөрчсөн зүйл байхгүй. Энэ салбарт ажиллаж байсан туршлагатай С.Ламбааг би Төрийн нарийн бичгийн даргаар тавьж ажиллуулж ирсэн. Улаанбурхан өвчний шаардлагатай бүх арга хэмжээг авсан. Вакцинд 40 гаруй хувь нь хамраад явж байна” гэлээ.
Д.ЖАРГАЛ
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих